Өнгөрч буй долоо хоногт эх орондоо болж өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна. Энэ долоо хоногт Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Дуучин С.Жавхлан түймрийн голомтод ажиллаж байгаа зэрэг үйл явдлууд ар араасаа хөвөрлөө.

Мөн спортын одууд түймэрт нэрвэгсдэд тусламжын гараа сунгаж мөнгөн хандивыг үзүүлсэн юм.

​-Г.Тэмүүлэн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс татгалзжээ-

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрээр ийм шийдвэр гаргах болсон учир шалтгаанаа "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан байна. Тиймдээ ч  тэрээр тус ордтой холбоотой одоо үргэлжилж буй яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа аж.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн хэлэхдээ "2010 онд анхлан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид найман төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын тал хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөө тал санхүүжилтийг бүрдүүлэх, өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилж менежментийг сайн ажиллуулах үүрэг хүлээсэн. Ингэж хоёр тал хүртэх үр ашгаа баталгаажуулсан хэрэг. Цаашдын яриа хэлэлцээ энэ л зарчимд суурилах ёстой. Яах гэж бид тогтвортой орчин бүрдүүлсэн юм бэ гэвэл үр өгөөжөө баталгаажуулах л гэж тэр. Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой. Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан" гэжээ.

Мөн тэрээр энэ асуудлаар нэмж хэлэхдээ "Олон нийт “Оюутолгой”-г татварын хэдэн долларын маргаан, эсвэл анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж, шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л “Оюутолгой”-н асуудал шийдэгдэх байсан бол аль хэдийнэ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсэж, өөрсдийнхөө алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг" гэжээ.

Ийм учраас л Г.Тэмүүлэн ТУЗ-ийн гишүүнээс татгалзсан юм байна.

-З.Энхболд : 21 дэх жилээсээ 2500₮ ногдол ашиг Монголчуудад өгөх гэрээ хийсэн-

 

-Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэнэ-

Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийг бүртгэж эхлэхээр Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргаж байна.

Энэ жилийн хувьд 26 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орох бөгөөд 2009 онд төрсөн буюу оноороо зургаан нас хүрсэн хүүхдүүдийг ЕБС-т бүртгэнэ гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана мэдээллээ.

 

 

-Н.Түмэндэмбэрэлд гурван жилийн ял оноолоо-

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх хурал боллоо. Тэднийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хоёр өдөр шүүж шүүхээс өчигдөр шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон байна. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял оноожээ.

Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Мөнхтуулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгов.

Эл хэргийн талаар эргэн сөхвөл, Н.Түмэндэмбэрэл нь 2012 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар тендерт шалгаруулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан билээ.

-Махны үнэ тэнгэрт “хадахгүй нь ээ”-

Он гарсаар яван чангарсан ам.доллар гуравдугаар сарын сүүлээр 2000-т хүрсэн. Энэ хавар доллар 2000 давж магадгүй гэсэн таамагийг эдийн засагчид дэвшүүлж байсан билээ. Тэгвэл ам. долларын ханш бага багаар буурсаар байна. Гурав хоногийн өмнө  “Найман шарга” худалдааны төвийн ченжүүд ам.долларыг 1968 төгрөгөөр худалдан авч, 1973 төгрөгөөр зарсан. Мөн Хятадын юанийг 315 төгрөгөөр худалдан авч, 316-аар борлуулж байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар монголбанк 1964 төгрөг, арилжааны банкууд 1955-1958 төгрөгөөр авч, 1968-1976-аар арилжаалж байна. 

Өнгөрсөн долоо хоногт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буухгүй өссөн хэвэндээ байсан. Тэгвэл энэ долоо хоногт махны үнэ буурчээ. Тодруулбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 7265 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7900 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 435 төгрөгөөр буурсан аж.

Харин үхрийн цул мах 25 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 295 төгрөгөөр, хонины цул мах  60 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Гурилын үнэ 2015 оны 4-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг худалдаалж байна гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Ямартай ч махны үнэ тэнгэрт хадаж иргэдийг бухимдуулахгүй байгаа нь аштай. Гэхдээ улиралын шинж чанартай ам. долларын үнэ буурч байгаа бололтой. 

-Түймэрт шатсан адуунуудаас үлдсэн нь үхээд дуусаж байна-

2015 оны 03-р сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Баяннуур суманд 52 адуу гал амьдаараа түлэгдэж үхсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үхсэн адуунаас гадна түлэгдэж амьд үлдсэн цөөнгүй адуу байгаа. Харамсалтай нь тэдгээр адуу эхнээсээ шархаа даалгүй үхэж байна.

Тодруулбал, түймэрт урт чихт гэх азаргатай 27 тооны адуунаас найман адуу амьд үлдсэн боловч дөрөв нь үхлээ. Одоо үлдсэн дөрөв нь үхэх хоногоо хүлээн тарчилсаар байна. Ус бараадаж явсан гүү голын дэргэд ийнхүү шархаа даалгүй нас барсан байна. 

Эдгээрээс гадна түймэрт өртсөн шархандаа шаналж байгаа бөгөөд уг гүү азаргаасаа холдож чадахгүй ийнхүү тарчилж байна. Өөрөөр хэлбэл адгуусанд ч гэсэн Онцгой байдлын Ерөнхий газраас гал хэрхэн хаанаас гарсан, хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Огт мэдээлэл өгөхгүй. Учир нь комисс гарч шалгалт хийж байгаа бөгөөд шалгалт 30 хоногт гардаг. Тиймээс 4-р сарын 20-доор хүрч ирээд мэдээлэл аваарай гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл дүгнэлт гараагүй тул мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин уг хэргийг шалгаж байгаа цагдаагийн албан хаагч нийт 52 адуу шатсан. Үүнээс гадна цөөнгүй адуу шатсан байдалтай байгаа гэдгийг онцолж байна. Хэргийн талаар Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ-аас худал мэдээлэл өгсөн хэвээр байгаа юм.

Тодруулбал Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “Манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар шатаж, ганц адуу жаахан түлэгдсэнийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн мэдээлсэн. Харин худал хэлсэн нь баримтаар нотлогдоод ирэхийн цагт 13 адуу шатаж үхсэн, гурван адуу түлэгдсэн хэмээн мэдээлсэн. Харин түүний 13 адуу үхсэн гэж худал мэдээлж байгаа нь дээрх дурьдсан баримтуудаар нотлогдоод байна. Тэгвэл түймэр гарах үед Булган аймгийн Баяннуур сумын засаг дарга ЗДТГ-ын 22 ажилтны хамт Улаанбаатар хотод зочид буудалд “цэнгэн хөгжилдөж” байсан бөгөөд үүнийг баримтлах баримт, гэрчлэх гэрц цөөнгүй бий. Уг нь Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлгын тухай хуульд заасны дагуу яаралтай арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр хүн, малыг тарчлаахгүй байсан гэдгийг хэлэх хүн бий. Өөрөөр хэлбэл Баяннуурт ойр ойрхон түймэр гарч байхад Улаанбаатарт архидалт зохион байгуулан назгайрсны улмаас шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Цаг алдсны улмаас малчид хичээж ажиласан ч хүн хүчгүйдэхийн зэрэгцээ өөрсдөө ч эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй нүүр тулсан байгаа юм. Мөн Б.Алтаншагай энэ талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага ташаа мэдээлсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ тэрбээр түймэр гарсан газарт огт очоогүй байдал ямар байгааг ч мэдэхгүй байгаа юм. Түүний хувьд түймр гарсан газарт очих хугацаа байсаар байхад нэг ч удаа ирээгүй байна.

Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай хэрэг гарах үед яагаад буудалд байсан? Түүний буудалд байрлах шалтгаан, түүний хууль бус ямар ямар ажиллагаа зохион байгуулж байгааг бид цувралаар хүргэх болно.

Гэрэл зураг болон бичлэгийг эндээс үзнэ үү.

-Спортын одууд Сүхбаатар аймгийн гамшигт нэрвэгсдэд хандив өргөв-

Сүүлийн өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан хээрийн түймрийн улмаас олон айл орон гэргүй болсон. Тэдэнд туслахаар сайхан сэтгэлд Монголчууд тусламжын гараа сунгаж байна. Тухайлбал, Монголын Жудо бөхийн холбооны тамирчид дасгалжуулагч, удирдлагууд өөрсдийн цалин болон тэмцээний шагналаасаа Сүхбаатар аймагт болж буй байгалийн аюултай үзэгдэлд нэрвэгдээд буй ард иргэддээ 10 сая төгрөгний тусламжийг үзүүлж байна.

Мөн их аварга Д.Дагвадорж "Зүдэрсэн түмэнд минь буян болго ээ" хэмээн 10 сая төгрөгийн хандивыг өглөө.

-С.Жавхлан төслийн багийнхантайгаа Дорнод Баян-Уул аймгийн суманд гарсан түймрийн голомтонд ажиллаж байна-

"Эх орон шатаж байгаа" тухай мэдээлэл цахим хуудсаар тархсаар хэд хоногийг ардаа үдэж байна. Эх оронч сэтгэлтэй хэн бүхэн өөрийн чадах чинээгээрээ гал түймрийн эсрэг хувь нэмрээ оруулахыг эрмэлзэх болсон. Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт тархаад байгаа гал түймрийг унтрах, ард иргэдэд туслахаар нийслэл хотоос залуус хүчээ нэгтгэн хүлгийн жолоо залсан юм. Тухайлбал, ард түмний хайртай МУГЖ дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хамт олны хамтаар Дорнод Баян-Уул аймгийн суманд гарсан түймрийн голомтонд ажиллаж байгаа.

Эх орон, ард түмэн, аав ээжийн тухай аялгуут сайхан дуугаа түмэндээ хүргэдэг дуучин С.Жавхлан энэ удаа эх орноо гал түймрийн аюулаас хамгаалах үйл хэрэгт өөрийн биеэр гар бие оролцож, хий хоосон ярих төдий биш, үйл хэргээрээ эх орныхоо төлөө зүтгэдэг гэдгээ харууллаа. Түүний гэргий дуучин Г.Эрдэнэчимэг "Миний ханийн үг үйлдэл хоёр нь зөрдөггүй ямагт үнэн байдаг" хэмээн цахим хуудаснаа нийтэлж дараах гэрэл зургуудыг олон нийтэд цацсан юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа