Эр зоригийн тулаан
2015/04/25
Дэлхийн хоёрдугаар дайныг 1939 оны 9 сард Фашистууд Польш улсад халдан довтолсноор эхэлсэн гэж өмнө нь сурталчилдаг байлаа. Гэтэл 1939 оны манай Халх голын дайныг дайн биш тулгаралт, мөргөлдөөн, тулаан гэх мэтээр янз янзаар ярьсаар өдий хүрчээ.
Ер нь дайн бол дайн. Энэ бол зөвхөн кинон дээр гардаг шиг зүйл биш. Асашёорү аваргын хэлдэг шиг жинхэнэ алаан чинь тэнд болдог ажээ. Харин эх орны аугаа их дайнд оролцож явсан Монгол цустай эрчүүдийн эр зоригийг хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрч, бахархадаг байсан нь үнэн юм.
БНМАУ-ын нийт ард иргэд Гитлерийн Германы арми ЗХУ-д итгэл эвдэн довтолсон 1941 оны 6-р сарын 22-ны өдрийн ням гарагаас эхлэн эргэлт буцалтгүй ах дүү Оросын ард түмний талд зогсож, энэхүү харгис дайныг өөрсдийн ялалтаар дуусгаж чадсан “цусан гавьяа” байгуулсан ард түмэн юм.
Тиймээс ч та бид энэхүү ялалтын 70 жилийн ойн баярыг нэр төртэйгөөр тэмдэглэн өнгөрүүлэх эрхтэй билээ.
Абдыкасым Карымшаковын түүх
Киргиз үндэстэн. Сөнөөгч онгоцны буудагч-механик тэрээр Фашист Германы сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнуудын жинхэнэ эрлэг нь болж явжээ. Өдөр бүрийн хэд хэдэн нислэг, амарах ядрах эрх байсангүй.
Тэрээр нэгэн удаагийн агаарын тулалдаанд немецийн алдарт “Мессершмитт”-ийг элдэн хөөж явлаа. Агаарын энэ тулалдаан хоёр талаас олон арван онгоц агаарт хөөрч эрэгчин, эмэгчинээ үзэж тарж, үсэрч наалдаж явлаа.
Гэнэтхэн Андрей буюу Абдыкасымын ИЛ-2-оос буудах чимээ гараа больжээ. Түүний сум нь дууссан байлаа. Харин түүнд хөөгдөж явсан фашистын нисэгч ч гэсэн үүнийг мэдээд, зугтаж явсан тэрээр эргэж түүний онгоц руу довтолж эхлэв. Одоо яах вэ. Энд бодох хугацаа гэж байдаггүй. Бүх зүйл нэг үгээр хэлвэл үхэл, амьдрал ганцхан хоромд шийдэгдэж байлаа.
Онгоцны бүхээгээ эргүүлэн тойрч нэг хартал түүний нүдний буланд дайны олз болгож авсан Герман цэргийн автомат буу харагдав. Тэрээр түүнийг шүүрэн авч пулемётынхоо бууны нүхээр өнөө автоматынхаа хошууг зухуйлган хойноос хөөж буй “Мессершмитт” рүү чиглүүлэн дайзны сумаа дуустал гохоо дарж орхилоо. Тэрээр юунд найдахгүй байсан юм.
Тулаанд орж буй цэргүүд, дайчин эрс гарцаагүй үхэлтэй нүүр тулахдаа эр зоригийн баталгаа болгож гар буугаа сугалан гаргаж ирээд, өдөөс ирж буй танк руу үбх сумаа дуустал буудсаар амиа золидог байсан ажээ. Эр зориг гэж энэ. Үхэлтэй халз тулалдах гэж үүнийг хэлдэг байв.
Немец цэргийн автомат буу МР-40 бол агаарын тулалдаан зориулагдсан эд биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм буугаар онгоц, тэр тусмаа “Мессршмитт”-ийг сөнөөх гэдэг 1000 удаагийн тохиолдолд 999 удаад нь амжилтгүй, бүтэхгүй байх магадлалтай.
Гэтэл юу болсон гэж санана. Абдыкасымийн буудсан сум өнөө дайсны онгоцны хамгийн эмзэг цэг болох сөнөөгч онгоцны маслын радиаторын нүхийг олж тусжээ. “Мессершмитт”-ээс хар утаа олгойдон доошоо уналаа. ИЛ-2 өөрийн онгоц буудалдаа амжилттай газардав.
Гэвч агаарын амь өрссөн олон тулаанд эр зоригийн гавьяа байгуулж фашистын хэд хэдэн арван онгоц сөнөөсөн энэ залууд ЗХУ-ын баатар цолыг өнөө хүртэл олгоогүй иржээ.
Бэлтгэсэн Г.Чугаа