Автобусны үйлчилгээтэй холбоотой гомдол өдөр бүр гардаг гэхэд хилсдэхгүй ээ. Аргагүй шүү дээ. Нийтийн тээврийн жолооч нар эгнээ байраа зөв эзлэхгүй хүссэн эгнээндээ ордог, хурд хэтрүүлэн давхидаг, зорчигчдоо булаалдан хоорондоо уралддаг. Мөн кондукторууд нь иргэдтэй зөв бус харьцдаг зэрэг асуудлууд өдөр тутам гарч иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нь энгийн л бодит байдал болжээ.

 

Энэ асуудалд Нийтийн тээврийн газар, тухай автобус компаниуд ямар хариуцлага тооцож, хэрхэн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ажилтнууддаа заавар зөвлөмж өгдөг нь мөн л бүрхэг. Ер нь жолооч кондукторуудын иргэдийг хэрхэн тээвэрлэж, зорчуулж байгаагаас ажиглахад дээрх заавар зөвлөгөө бараг байдаггүй гэмээр санагдана. Цалин хөлс, тасалбарын үнэтэй холбоотой асуудлаар нийгэмд ихээхэн дуулиан дэгдээж хүссэн цагтаа ажил хаялт зарладаг хэр нь асуудлаа шийдүүлсний дараа тэдний үйлчилгээ нь бахь байдгаараа байдаг нь харамсалтай. Хотын замд хурд хэтрүүлэн уралдах нь ямар аюултай үр дагавар дагуулж болохыг тэдгээр жолооч нарт ухамсарлуулан ойлгуулах нь зөвхөн цаг хугацаа гэмээр.

 

Өдөр бүр нийтийн тээврээр үйлчлүүлж ажил амьдралдаа хөл залгуулдаг энгийн иргэдийн хувьд байнгын айдас хүйдэс тээж явах нь энгийн зүйл гэж үү. Гэхдээ зөвхөн жолооч, кондукторуудыг буруутгах зүйл хэрхэвч биш юм. Цаад автобус компанийн удирдлагуудтай харьцах нь зүйн хэрэг. Магад тэдний зөв бус үйлдлийг зөвхөн жолооч, кондукторууд үүрдэг байж болох юм шүү дээ. "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-д автобусны жолоочоор ажиллаж байгаад халагдсан иргэн П.Намхайноров "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өчигдөр мэдээлэл хийж өлсгөлөн зарлах болсон тухайгаа дуулгасан.

 

Тэрбээр хэлэхдээ “Дарга нарын уваагүй бодлогоос болж бид хохирч байна. Удирдлагуудын өөдөөс үг хэлсэн хүн бүр өстөн дайсан шиг үзэгдэж, халагдаж байна. Би өнгөрсөн сард 4.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 2.500 төгрөг дутаасан гэж миний цалинг хассан. Эсэргүүцлээ илэрхийлсний төлөө намайг буруутгасан үндэслэл гарган ажлаас халлаа. Энэ бүх асуудалтай холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд хандсан байгаа. Би аргагүй эрхэнд өлсгөлөн зарлахаар болоод сууж байна. Халагдах тушаалд заасан шалтгаануудыг эрс эсэргүүцэж байна. Надаас “Хоол иддэг үү” гэж асуухад нь би тийм гэж хариулсан. Хүн юм чинь хоол иддэг л байж таарна. Гэтэл түүнийг нь орлогын буюу албаны мөнгөнөөс хоол идсэн болгож халагдах тушаал гаргахдаа утгыг нь гуйвуулсан. Би ийм бичигтэй хуулийн байгууллагаар явахад ялагдал хүлээх нь дамжиггүй. Мөн санхүүгийн баримт бичгийг баллаж сохлоогүй. Би гуравдугаар сарын 5-7-ны өдөр хэсгийн даргаасаа ар гэрт ажил гарсан тул чөлөө олгооч гэж бичгээр гуйсан. Хэсгийн дарга чөлөөгөө цохоод би гурван хоног Эрээн рүү явсан. Гэтэл намайг хэсгийн даргаа хуурч чөлөө аваад Эрээн явсан гэж халагдах үндэслэлийн нэг болгосон байна. Ар гэрийн шалтгаанаар Эрээн явж болохгүй гэж үү. Шүүхийн байгууллагаар шалгуулж байгаа ч танил талтай, эрх мэдэлтэй хүмүүс ямар нэгэн аргаар намайг буруутгаж чадна. Тиймээс ингэж өөрийн эрүүл мэндээ золиослон өлсгөлөн зарлах гэж байна. Би маргааш өлгөөнөөс эхлэн “Автобус III” компанийн үүдэнд өлсгөлөн зарлана. Эрүүл мэндийн үзлэгээр ороод "тэнцэнэ" гэсэн хариу авсан. Мөн хуулийн дагуу зөвшөөрлөө ч авсан байгаа. Намайг энэ талаараа мэдэгдэх гээд очиход дотогш нэвтрүүлэхгүй байна. Миний өлсгөлөн зарлах гэж байгаагийн гол зорилго нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын удирдлагууд ажлаас халсан шийдвэрээ эргэн харж, ажилд маань эргүүлэн авахыг хүсэж байна” хэмээн ярьж байв.

 

Г.Мягмарсүх