БСШУ-ны яам СУИС-тай хамтран "Бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Уг чуулганд боловсрол, соёлын салбарын төлөөллүүдээс гадна бизнесийн байгууллагынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн оролцох юм байна. Мөн Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч нийлсэн 200 гаруй төлөөлөгч оролцож санал, бодлоо солилцоно.

Энэ үеэр дизайны болон киноны салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөндсөн салбар хуралдаанууд болох юм. Эдгээр салбаруудыг төлөөлж загвар зохион бүтээгч Ариунаа Сури болон “Babies” киногоороо монголчуудад танигдсан найруулагч Томас Балмес, Загварын бизнесийн Солонгосын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пэ Сү Жон, Шанхайн Театрын академийн профессор, Хятадын нэрт кино найруулагч Шервуд Ху нар оролцож илтгэл тавих юм байна.

Харин тус салбарын тэргүүлэх мэргэжилтэн Том Флеминг “Дэлхий дахийн бүтээлч болон соёлын эдийн засгийн чиг хандлага, Монгол Улсын өмнө нээгдэж буй боломж гарц” сэдвээр илтгэл тавина. Бүтээлч үйлдвэрлэл нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3-4 хувийг дангаараа эзэлж байгаа гэх мэдээлэл бий.

Энэ нь 1,3 их наяд доллараар хэмжигдэж байгаа юм. Бүтээлч үйлдвэрлэлийн дундаж өсөлт нь Африкт 13,9 хувь, Өмнөд Америкт 11,9 хувь, Ойрхи Дорнодод 17,6 хувь, Азид 9,7 хувь, далайн орнуудад 6,9 хувь, Хойд болон Төв Америкт 4,3 хувь байна.