"Бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү уулзалтыг БСШУ-ны яам СУИС-тай хамтран энэ сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байгаа юм.

Уг чуулганд боловсрол, соёлын салбарын төлөөллүүдээс гадна бизнесийн байгууллагынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн оролцож байна. Мөн Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч нар хүрэлцэн иржээ. 

Энэ үеэр СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ч.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцлаа. 

-Чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа. Ач холбогдол?

-Соёлын бүтээл үйлдвэрлэх олон улсын чуулга уулзалтыг СУИС санаачлан БСШУ-ны яамны урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр Төрийн банк ажиллаж байгаа. Энэ чуулгын ач холбогдол маш их. Яагаад гэхээр дэлхийн нийтэд соёл урлагийн чиг хандлага нь төрөөс мөнгө хараад сууж байдаг хэлбэрээр биш бүтээлч үйлдвэрлэлийн систем дотор улсдаа мөнгө олж өгдөг салбар болж хөгжсөн. Өөрөөр хэлбэл, оюуныхаа үнэлэмжийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө болгох чиг хандлагатай болж өндөр хөгжөөд олон жил болж байна. Улс орнууд энэ чиглэлээр өөр өөрсдийнхөө загварыг бий болгочихсон. Тухайлбал, Хятад, Вьетнам, Англи зэрэг улсад хүчтэй хөгжсөн. Тиймээс бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх нь амин чухал шаардлагатай байна. 

Бүтээлч үйлдвэрлэл нь Урлаг+Оюуны эрх=Үйлдвэрлэл болж байж хүнд хүрнэ. Ингэснээр уран бүтээл хийж байгаа хүн ашиг орлогоо нэмэгдүүлэх үүнийгээ дагаад улсынхаа эдийн засагт нэмэр болно. Энэ хандлагыг л бий болгох гээд бүтээлч үйлдвэрлэл олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. 

-Өнөөдрийн уулзалтанд хэдэн байгууллага оролцож байгаа вэ. Хүмүүсийн идэвхи хэр байна?

-Төрийн байгууллага, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн холбоод, кино урлаг, дизайны салбарынхан өнөөдрийн уулзалтанд түлхүү ирсэн байна. Учир нь үдээш хойшийн хуралдаан маань кино, үйлдвэрлэл гэж хоёр хуваагдаж тусдаа хуралдана. Мөн хэвлэлийн компани, студи, продакшны төлөөлөлүүд хүрэлцэн ирсэн. Бид нар нийт 350 гаруй урилгыг тараасан. Энэ танхим дүүрсэн байхыг бодоход хүмүүсийн оролцоо идэвхи сайн байгаа нь харагдаж байна.

-Яагаад дизайны салбарыг салгаж хуралдаж байна?

-Ерөнхийдөө дизайн их өндөр хөгжсөн. Гэтэл монголд дизайны асуудлыг авч хэлэлцэн хуралдаж байсан удаа байхгүй. Нэг ёсондоо энэ асуудлыг бодлогын төвшинд авч хэлэлцэж байгаагүй юм. Дизайнерын холбоо, их дээд сургуулиудын төлөөлөлүүд хамтран жижиг асуудлыг хөндөн хэлэлцэж байсан. Харин одоо бол энэ салбар нь бүтээлч үйлдвэрлэл дотор томоохон байр суурийг эзэлж байгаа. Гар урлал, хувцас, дүрслэл урлалын бүтээлийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах уу, яаж хувцсаа сайн бүтээх үү гээд суурь салбар болж байгаа утгаараа нь салгаж авч уулзалтаа хийж байгаа юм.

-"Бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулга уулзалтын үр дүнд та бүхэн юуг хүлээж байна?

-Энэхүү чуулга уулзалтын хамгийн гол зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд үндэсний хөтөлбөрөө гаргая. Үндэсний хөтөлбөрөө батлуулахад өдөр тутамд тулгараад байгаа асуудлыг шийдэхэд ямар чиглэлээр дэмжвэл энэ бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд хүрэх юм бэ гэсэн санааг сонсох. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг БСШУ-ны яам дээр байгуулагдан ажиллаж байгаа. Гадаад, дотоодын туршлагыг судалж байна. Чуулга уулзалтанд гадаадаас 11 хүн уригдан ирж оролцож байгаа. Ялангуяа соёлын бүтээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсын төвшинд зөвлөгөө өгдөг Английн найруулагч Томас Балмес ирсэн. Англи улс бүтээлч үйлдвэрлэл чиглэлээрээ амжилтанд хүрчихсэн чиг хандлагаа хоёрдах түвшиндээ хүргээд бодлогын бичиг баримтаа гаргаж яваа улс. Тэгэхээр бид гадныхаа хүний үгийг сонсож мөн өөрсдийнхөө уран бүтээлч, үйлдвэрлэгч нарыг сонссоны үр дүнд цаас болоод үлдэх биш хэрэгжээд явах Монголд соёлын үйлдвэрлэлийг бүх талуудаас нь багтаасан тогтолцоог бий болгож чадах болов уу гэж найдаж байна.

Мөн энэхүү  чуулганд төрийн бус байгууллагын төлөөлөл болон оролцож байгаа "Үлэмж чанар" гар урлалын тэргүүн, ноос ноолуурын салбарын зөвлөх инженер, гавьяат багш Т.Дунжаа "Манайх гар урлалын сургалт, судалгаа явуулдаг. Монгодд анх удаагаа олон улсын чуулга уулзалт болж байгаа нь цаг үеэ олсон уулзалт. Яагаад гэхээр оролцож байгаа төлөөлөлүүд нь дэлхийн хэмжээнд болон монгол улсынхаа олон салбарыг хамарсан нь үр дүнтэй. Мөн хэлэлцэж байгаа асуудлууд нь төр, хувийн хэвшлийнхэний хамтын ажиллагаа хууль, тогтоомж, бодлого зохицуулалт илүү үр дүнтэй хүрэх байх гэж найдаж байна гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.