Ялагдал бүхэн гашуун харамсалтай эмгэнэл байдаг ч бас ялагдал бүхэн гашуун гутамшигтай байдаггүй. Харин ч зарим тохиолдолд ялагдал бахархал, бардамнал болох нь ч бий. Гэвч дэлхийн түүхийг өөрчилсөн томоохон үйл явдлууд, ялагдал, ялалтын түүхэнд ийм явдал маш цөөн. Ердийн жижиг сажиг үйл хийгээд жижиг сажиг хүмүүсийн тухайд ийм бахархал дүүрэн ялагдлын түүх гэж үгүй. Учир нь гашуун ч ялагдал нь бахархал болон үлдсэн түүхийг зөвхөн аугаа зоригт баатрууд, их хүмүүс, гайхамшигт түүхэн эргэлтүүд л бүтээдэг. 

Хүн төрөлхтний түүхэнд ийм цөөхөн тохиолдох бахархал дүүрэн ялагдлын нэгээхэн сонгодог жишээ бол өнөөгөөс 750 гаруй жилийн өмнө алс холын Изриалийн нутгийн захад, өнөө ч дайны гал дүрэлзсээр буй Газын зурвасын ойролцоо, эртний түүхт Назарет хотын дэргэдхэн байх Айн-Жалуд хэмээх газарт Мамлюк тэргүүтэй Араб, Лалын ертөнцийн нэгдсэн хүчирхэг армитай хийсэн шийдвэрлэх тулаанд монголын нэгэн түмт цэрэг ялагдсан, бидний хувьд гашуун эмгэнэлтэй боловч бас бахархал дүүрэн үйл явдал юм. 

Мамлюкүүдийн талд нийтдээ дор хаяж 25 000, их талдаа 100 000 цэрэг байсан бол Монголчууд 12 000 -15 000 цэрэгтэй, хүчний харьцангуй зөрөөтэйгээр тулсан байна. Гэхдээ тухайн цаг үед хүчний харьцаа монголчуудын хувьд чухал шийдвэрлэх нөлөө үзүүлдэггүй байсан үе байв. Монголчууд бүтэн жарны турш орчлонгийн энг туулан давшихдаа ямагт харьцангуй давуу хүчтэй тулж, ямагт ялан дийлсээр ирсэн тул хүчний энэ хол зөрөөтэй харьцаа тийм ч чухал нөлөөгүй байж... Харин тулаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн бусад олон шалтгаан, тухайлбал загалмайтан болон Сирийн холбоотнуудынх нь дараалсан увайгүй урвалтууд, хүчний их хэтийдлээс үүдсэн монголчуудын дотоодын хагарал тэмцэл нөлөөлсөн гэж хэлж болно. 

Энэ тулаанд монголын түмт бүхэлдээ хядагдаж, аймшигт ялагдал хүлээсэн ч, түмтийн ноён Хитбуха дайсанд олзлогдож, зэрлэгээр тамлуулан амь насаа алдсан ч харин хойч үедээ, зөвхөн хойч үедээ төдийгүй дэлхийн цэрэг дайны түүхэнд жинхэнэ эр баатарлалын, үнэнч шударгын бахархал, бардамнал, ялж чаддаг шигээ бас баатрын ёсоор ялагдаж чаддагын яруу алдрын мөхөшгүй дуун болон үлдсэн билээ. 

Энэхүү яруу сайхан, бахархам түүхэн үйл явдлын тухай монголчууд маань ойрноос нийтээр мэддэг болж, өөр хоорондоо бахархан хэлэлцэх төдийгүй уран бүтээлчид нь энэ сэдвийг шүүрэн авч зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ. Түүний нэгэн жишээ бол зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын “Айн-Жалудын цавчилдаан” түүхэн тууж юм. Эл түүхэн баримтыг түшиглэн яруу үгээр урлан бүтээсэн уг түүхэн тууж “Хаадын сан”-гаас зарласан түүхэн туужийн уралдаанд тэргүүлэн шалгарсан нь сайхан хэрэг. Учир нь энэ мэт ялж, ялагдаж явсан бахархалт их түүхээ хүүхэд залууст, үндэстэн даяараа хүргэн сурталчлахад, тэднийхээ хүсэл урмыг бадраахад түүхэн уран зохиолын үүрэг, нөлөө нэн чухал билээ. Энэ мэт сэдвээр олон уран бүтээлчид янз бүрийн өнцгөөс бичиж туурвих аваас тун чухал санагдана. 

Айн-Жалудын үйл явдал бол XIII-XV зуунд монголчуудын бүтээсэн аугаа их үйл явдлуудын зөвхөн нэгхэн элсэн ширхэг нь юм. Загалмайтны аян дайны тухай нийтдээ 2000 гаруй зохиол бүтээгдсэн гэдэг. Манай үндэстний бүтээсэн их түүхрүү уран зохиол талаас өнгийсөн нь тун бага агаад, 2000 байтугай 200 роман ч байхгүй байна. Буй цөөн хэд нь хэн бүхний мэдэх хэд гуравхаан сэдвийнхээ хүрээнд эргэлдэн, түүнээ мөлжиж сууна. Гэтэл энэхүү Айн-Жалудын тулаан мэт үй олон ер бусын түүх монголын их түүхэнд үй түмээрээ буй билээ. Манай уран бүтээлчид, ялангуяа түүхэн талаа барьж бичдэг уран бүтээлчдийн маань өмнө яндашгүй их арвин баялаг баримт материал, шавхагдашгүй мэт түүхий эд бий. Боломж нөөц ч, авьяас чадвар ч мөн хэмжээнд байгаа гэдэгт итгэнэ.

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов урд өмнө хэн хүний яваагүй түүхийн жимээр мацан, төдийлөн гүйцэд нээгдээгүй түүхийн шаргал хуудсыг хүүхэд залуусын өмнө уран зохиолын түлхүүрээр нээн өгч буйд туйлаас талархнам.

Айн-Жалудын тулаанд баатарлагаар, омог төгөлдөр, бахархал дүүрэн эрсэдсэн монгол баатрууд, ялангуяа Хүлэг хааны тугийн жанжин, хүлэг их баатар Хит Бухагийн яруу алдар улам улмаар түгэн дуурсах болтугай.


Зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын “Айн-Жалудын цавчилдаан” түүхэн туужийн шинэ хэвлэлд зориулав.

 

 

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд