Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед компаниуд дампуурлаа зарлахад бэлэн болсон гэх яриа газар авсан.

Тэгвэл энэхүү яриа үнэний ортой болж 10 гаруй компани үйл ажиллагаагаа зогсооход хүрээд буйгаа мэдэгджээ. Энэ онд хямрал нь хүндрэлд шилжээд байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз. 

Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан гэж УИХ-ын Ч.Хүрэлбаатар өнгөрсөн онд хэлж байсан удаатай. Тэрбээр алсын хараатай энэ үгийг хэлсэн үү эсвэл манай улс удахгүй дампуурлаа зарлах гээд байна уу гэдэгт одоогийн үүссэн нөхцөл байдал нэгийг хэлээд байх шиг.

"Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас Монгол Улсын эдийн засаг дампуурсан. Мөнгө байсан боловч үр дүн нь алга. Ирэх жил эдийн засаг бүүр хүндэрнэ. Энэ хямралыг ард иргэд халааснаасаа төлнө. Бизнес эрхэлж байгаа компаниуд дампуурна. Тийм учраас бид өнөөдөр хуулиндаа нийцүүлж, төсвөө баталмаар байна. 2015 онд Монгол Улс 1,2 тэрбум ам.долларын зээлийн өрийн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 2014 оныхоос даруй дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ. Эрх баригчид хоног өнгөрөөсөн байдлаар хандаж байна" хэмээн өнгөрөгч оны сүүлээр хэлж байсан үг нь санаанд буув.

Гэтэл түүнийг үг өдгөө биелэлээ олох гээд байна уу даа. Өнгөрсөн онд ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор бизнесийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй болсон олон компани хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулахаар МҮХАҮТ-нд хандаж байсан. Тэгвэл энэ он гарсаар валютын ханшийн өсөлтөөс үүдэн эрсдэлд орсон, нөхцөл байдал хүндэрсэн 10 гаруй компани тус танхимд хандаад байгаа юм.

Зөвхөн ам.долларын ханшийн хэлбэлзлээс гадна төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хэт их оролцож сөрөг үр дагавар үүсгэх зэрэг асуудал байгааг хэлсээр байгаа юм. 

Энэ талаар МҮХАҮТ-ийн захирал М.Сарандаваа "Гадаад худалдаа эрхэлдэг олон байгууллага валютын ханштай холбоотой компаниуд болон барилгын салбарынхан сүүлийн хоёр жил царцанги байгаа. Мөн эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд төрийн тодорхой агентлагуудад явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагаа нь бизнесийн ажиллагаанд хэт их оролцож байгаа нь эсрэгээрээ сөрөг үр дагаврыг бий болгож байна гэсэн саналыг гаргасан" гэлээ. 

Он гарсаар хүнд нөхцөлд орсон 10 гаруй компани МҮХАҮТ-нд хандаад байгаа хэдий ч энэ тоо  цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн оны эхний зургаан сард л гэхэд иргэн, ААН 1100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо гарчээ. Бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал нь их хэмжээний алдагдалд оруулсан нь дампууруулах аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байдал нь өөрчлөгдсөнгүй үргэлжилсээр л байгаа юм.

 

Х.Даваа