Энэ сарын 25-ны өдрөөс буюу өчигдөр өглөөнөөс эхлэн төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд ажил хаялт зарлаад байгаа юм. Тодруулбал, “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн ажилчид  цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус компанийн 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялтыг дэмжин бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнууд болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн өчигдөр үүсгээд авсан. Нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүссэн ч ажилчид уг саналыг хүлээж аваагүй байна. 

Энэхүү ажил хаялтын улмаас зарим чиглэлд маш цөөн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд иргэдийг чирэгдүүлж байгаа юм. Тухайлбал, III-IV хороолол-Шархад гэсэн чиглэлд төрийн өмчийн нийтийн тээвэр үйлчлэхгүй байгаа. Харин энэ чиглэлийн үйлчилгээг тасалдуулахгүй нь тулд хувийн хэвшлийнхний автобус үйлчилгээнд явж байна. Холбогдох байгууллагаас тодруулахад "Төрийн өмчийн нийтийн тээврийнхэний ажил хаялт үргэлжилж байгаа. Энэ чиглэлд маш цөөн автобус үйлчилгээнд гарсан болохоор хоорондын зай уртассан. Тийм учраас хувийн автобус иргэдэд үйлчилж байгаа" гэлээ.

Хотын төв замаар үйлчилдэг автобус бараг л 13 номерын автобусаас өөр байхгүй гэхэд болно. Тухайлбал,  дөрвөн зам, мэргэжлтний хорь, талбай, Улаанбаатар их дэлгүүр зэрэг автобусны буудал дээр буудаг зорчигч олон. Гэтэл хувийн хэвшлийн автобус хойгуураа буюу МУИС, Гандан гэсэн маршрутаар явж Багшийн дээдийн уулзвараар төв зам руу ордог юм. Хорооллын эцсийн буудал дээр 07.40 цагаас 08.10 хүртэл автобус хүлээж байгаа иргэд олон байлаа. Ямартай ч өнөө өглөөнөөс төв замд хувийн автобус үйлчилгээнд явж байна. Харин зорчигчдод анхааруулахад, энэ чиглэлийн автобусны хаяг солигдоогүй бөгөөд микроны кондукторууд шиг амаар явах чиглэлээ зарлаж байгаа гэдгийг сануулья. 

Угтаа бол өдгөө үйлчилгээндээ гараад цалин хөлсөө аваад явж байх ёстой хүмүүс ийнхүү үйлчилгээнд гарахгүй хэмээн автобусныхаа дугуйны дор орон хэвтэх нь зүйд нийцэхгүй баймаар юм. 

Иргэдийн зүгээс төв замаар үйлчилгээнд гардаг автобус цөөхөн байгаад бухимдаагүй зогсохгүй жолооч, кондукторыг зорчигчидтойгоо харилцааны соёлтой боловсон үйлчилчхээд дараа нь цалингаа нэмүүлэх гэж жагсах хэрэгтэй гэж хатуухан хэлээд авсан. Тэдний хувьд арга ч үгүй биз ээ, мал ачсан мэт давхих, мөнгө төлчхөөд байхад кондукторт загнуулан байж очих газраа арайхийж хүрнэ. Мөн заримдаа дур мэдэн үйлчилгээнд явах маршрутаа сольдог гээд олон асуудлыг араас дагуулдаг. Энэ мэт зөрчлөөс гадна үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм.  Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс олгодог. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тодорхой аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт явуулахад,  хууль бусаар нөхөн олговор авдаг байсныг илрүүлэн Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс илрүүлэн шалгаж байгаа юм. 

 

Х.Даваа