Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарч  хоёр хүн нас барж, нэг хүн түлэгдэж, урьдчилсан байдлаар нийт 10 мянга гаруй толгой бог мал хорогджээ.

Тухайлбал, Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар долдугаар сарын 12-ны өдөр малдаа явсан П… /14 настай, эрэгтэй/ осгож нас барсан байна. Мөн аймгийн Асгат, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу суманд нийт долоон мянга гаруй бог мал, Архангай аймгийн Цахир суманд 2000 орчим бог мал, Өгийнуур суманд 599 орчим бог мал, урьдчилсан байдлаар нийт 10,154 бог мал хорогдсон байна.  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт долдугаар сарын 13-нд аянга буусны улмаас нэг иргэн нас барж, нэг хүүхэд түлэгджээ.

Харин усны ослын тухайд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум хоёр, Сэлэнгэ аймгийн Сайхан сум нэг, Шаамар сум нэг, нийслэлийн Баянзүрх дүүрэг нэг, Налайх дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэг хоёр, нийт есөн хүн санамсар, болгоомжгүй байдлаасаа усанд живж амь насаа алдсан байна.

2015 он гарсаар долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол 12 аймгийн 28 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 45 удаа гарч 48 хүн (хүүхэд-12, насанд хүрэгсэд-36) амь насаа алдсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.