ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn уншигчдадаа хүргэж байна.


2

DSC_7485-2Хуульч Юрий Мелехин 24, харин хуульч Татьяна Лебедева 23 настай байлаа. Тэд аль хэдийнэ сүй тавьцгаасан байсан гэлцдэг. 2005 оны арванхоёрдугаар сарын сүүлээр тэд орон нутгийн нэгэн байгууллагад гайгүй сайн хөлсөөр зөвлөгөө өгөхөөр алс умардын Пелым тосгоныг зорьжээ. Ивдельд тэднийг гурван хүн машинтай угтав. Пелым хүрэхэд 40 км дутуу байхал машин гүүрний дэргэд зогсож, угтагсад буу гаргаж ирлээ. Мелехин бууны овоо хараан дор машинаас буув. Түүний  гарт мөс цоологч атгуулж,  голын мөснөө цооног гаргахыг тушаав. Цооног бэлэн болмогц хуульчийг гэдэс рүү нь буудан унагалаа. Лебедева бичиг баримттай зөөврийн компьютерийн нууц үгийг хэлтэл Мелехин мөсөн дээр атиралдан өвдсөндөө дуу тавьж байлаа. Дээрэмчид хуульчийг цааш харуулаад шинэхэн цооног руу цогцсыг нь түлхэв. Лебедеваг тосгонд аваачлаа. Алуурчдад үйлчлэх юм бол суллана гээд түүнд хэлжээ. Бүсгүй эсэргүүцсэнгүй. Түүнийг хүчирхийлсний дараа боож алаад шөнө нь сүйт залуугийнх нь цогцостой  цооног руу шиджээ.

Хуульч Мелехин, Лебедева нар екатеринбургийн үйлдвэрийн эзэн Малик Гайсины ажилтнууд байжээ. Гайсин болохоор өрөвдөх сэтгэлгүй дээрэмчин Павел Федулёвын аль эртний, бүр хувьчлалын эхний буудалцааны үеийн өрсөлдөгч нь байж. Федулов Гайсин хоёр 2000 онд “Химмаш”-ийн төлөө үзэлцээд Нухаш-Пашкань ялагдсан юмсанж. Тэгээд тэрээр энэ удаад ялан дийлэхээр шийдэж Гайсины хоёр ч шинэ байгууллагыг өөрийн болгожээ. Үүний тулд тэрээр Гайсины залуухан хуульч Юрий Мелехин, Татьяна Лебедева нарыг худалдан авсан байна…

Гайсин прокурорт номдол гаргав. Прокурорын газар болохоор бүтэн жил Федулёвыг өөтүүлэх юм эрсний эцэст оллоо. Нөгөө хуульчдыг байцаагаад эхэлтэл сүйт хархүү бүсгүй хоёр эзнээ илчилж эхлэв. Мелехин, Лебедева хоёроос эхтэй аюулыг Федулов нохой мэт үнэртжээ. Удалгүй халуухан хос маань Пелым рүү ганцхан өдөр ухасхийгээд ирэх ашигтай санал хүлээн авчээ… Алагдсан хоёрын цогцсыг 2006 оны нэгдүгээр сард оллоо. Гэвч гайтай хуульчдаас мөрдөн байцаагчдын олж авсан чиглэл Федулёвын шүүсийг шахах боломж олгожээ. Федулёвт хуульчдын (Энд өмгөөлөгчийн тухай яригдаж байна –Орч.) хувьд ер аз тохиож байсангүй. Тэд залуухан ч нэг л “өөриймшиж” байсангүй. Нэгийг нь 1998 онд буудан алж, нөгөө нь 2001 онд цонхоор үсэрчээ. Үүнд гайхах юм байхгүй. “Нухаш” ажилтнуудаа “мөнгө л олж өгч байвал новш байсан ч хамаагүй” гэдэг зарчмаар цуглуулжээ. Тэгтэл новшнууд цаг нь болохоор боссоосоо хулуух, эсвэл өрсөлдөгчдөд нь түүнийг худалдах талруугаа ханджээ. Харин босс болохоор хөлсний алуурчин илгээх дуртай байлаа. Гэвч Павел Федулёв Оросын толгой луйварчин болохоор бизнест нь хуульч хүн бүр зайлшгүй хэрэгтэй байв. Гаднаас нь харахад эмэгтэйлэг булбарай царайтай энэ эгэл жирийн эр цадигаа алдсан гэмт хэрэгтэн гэж итгэхэд бэрх аж.

2000 онд тэрээр амьдралын талаар маш итгэлтэй дүр зурагтайгаар Засан хүмүүжүүлэх газраас гарч иржээ. Тэр Уралмашийн жирийн нэгэн хөвгүүн байсан юм. Анхны хөрөнгөө хорон хэлтнүүдийн ярьдаг шиг хуурамч архиар босгоогүй, харин автосервисээс олжээ. Луйвардах тухай ямар ч санаа бодолгүй, эдийн засгийг зөв аргаар эрүүлжүүлэх хүсэлтэй байв. Үр бүтээлтэй өмчтөн үр бүтээлгүй өмчтөнөө хална. Ерөнхийдөө тэрээр чоно биш, харин “ой цэвэрлэгч” байлаа. Тэр шудрага цэвэр бизнесийн төлөө тэмцсэн. Гэвч “Уралмаш”-ийн гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл худалдагдсан генерал Краевын гараар түүнийг торны цаана чихэж орхив. Ганцаарчлан хорих өрөөнд тэрээр хоёр ч удаа өлсгөлөн зарлаж, 45 кило болтлоо турсны эцэст сайн хүч дайсныг нь ялж эрх чөлөөтэй золгожээ.

Ер нь Федулёв шоронд суусан хугацааг нь оруулаад зах зээл дээр арав орчим жил “бүжиглэсэн” бөгөөд энэ хугацаандаа багаас эхлээд маш том хүртэл зуу гаруй байгууллагыг “хүртжээ”. Федулёв “татгалзахын аргагүй сонгодог санал”-аас эхлээд бүдүүлэг ичгүүргүйгээр хуурамч хувьцаа үйлдэх хүртэл байгууллагыг өөрийн болгох олон арга боловсруулсан байлаа. Федулёвын тушаал сонсогдох төдийд луйварчны хооллосон РУБОП (Бүс нутгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар)-ын дайчид өгөөшинд орсон газрыг эзэлж авна. Овжин хуульчид өмчийн жинхэнэ эзэд, эсвэл хууль сахиулагчдын дайралтыг няцааж, худалдагдсан шүүгчид булаан эзлэгчид ашигтай шийдвэр гаргана. Бүх зүйл санаснаар болчихвол Федулёвын хуульчид булааж авсан хөрөнгөн дээр шимэгч-компаниудыг шавуулж, тэд нар нь бүх шим шүүсийг огт анзаарагдалгүй чимээгүйхэн сорчихно. Эзэмших хугацаа нь богинохон тохиолдолд Федулёв өөрт байдаг “махлагчид”-ын шуурхай багаа илгээнэ. Тэд хөрөнгийг яаралтай зарж, зээлийн барьцаанд тавьж, гялбаа цахих төдий хугацаанд хамаг хөрөнгийг гаргаж, тоотойхон хоногт тухайн байгууллагыг өрөнд баригдсан хоосон арьс болгож орхино.

Федулёв баян эр боллоо. Мэргэжилтнүүд түүний хөрөнгийг 700-800 сая доллар гэж үнэлж байлаа. PR агентлаг, телевизийн компани түүнд үйлчилнэ. Түүний улстөрийн зорилго нь ч том байлаа. 1995 он гэхэд (төлөв түвшин бизнесмен байхдаа) мужийн захиарагчийн анхдугаар сонгуульд Росселийн албан ёсны ивээн тэтгэгчдийн нэг нь байв. Тэрээр мужийн өмчийг хянах эрхтэй болох хүсэлтэй байсан ч тэр нь биелээгүй билээ. Федулёв Төрийн думын сонгуульд нэр дэвшихдээ хувьчлалд оролцсоныхоо төлөө өвдөг сөгдөн уучлал гуйн сонгогчдыг алмайруулж байлаа. Тэрээр тэтгэврийнхний намыг дэмжсэн юм. Эцэст нь тэрээр Холбооны Зөвлөлийн дэд даргаар бизнесмен Андрей Вихаревыг болгох хачин санааг хэрэгжүүлэх гэж оролдлоо.

2006 оны аравдугаар сард прокурорын газар ямартай ч луйварчны талаар материалтай болж чадсан байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (УБОП), Холбооны аюулгүй байдлын албаны (УФСБ) дайчдын холимог бүлэг Спортын ордны үүдний танхимд Федулёвын гурван бие хамгаалагчийг хоншоороор нь газар мөргүүлээд Федулёв үзэсгэлэнтэй хөөрхөн дасгалжуулагч бүсгүйгээр румба, ламбадагийн зөв хөдөлгөөнийг толины өмнө заалгаж байсан фитнес клуб рүү дайрч оров. Омончууд (Цагдаагийн тусгай тасаг) бүжигчин-луйварчны гарыг нь нугалан бүжгийн шаахайтай нь танхимаас гарган “сарнаа явагч” руу түлхэн орууллаа. Ламбада бүжиг тасарлаа. Ёбургийн солиотой цаг үе ч бас төгсгөлдөө ойртлоо.


Павел Федулёвыг шүүнэ гэдэг амар байхгүй. Эхлээд түүнийг Кольцово тосгоны бөөний худалдааны “Оборонснабсбыт” захыг булааж авсан гэдгээр л буруутгаж чадах байлаа. Энэ явдал 2003 онд болсон юм. Федулёвын хөлсөлсөн 250 хүн захиргааных нь байранд дайран орж, бүхнийг эвдэж, бүгдийг зодож, нэг менежерийг нь цонхоор чулууджээ. Федулёв өөрийгөө өмгөөлүүлэхээр 20 өмгөөлөгч хөлсөлсөн ч 2008 онд шүүх түүнд 9 жилийн ял онооно.

Федулёвыг сууж байх зуур мөрдөн байцаагчид шинэ нотлох баримтын эрэлд шогшицгоох болно. Үр дүнд нь 138 боть хавтаст хэрэг бий болно. Дээрэм луйврын хэд хэдэн тохиолдол, улсад учруулсан 900 сая рублийн хохирол, долоон удаагийн нотлогдсон захиалгат аллага, тэр дунд хуульч Мелехин, Лебедева нарыг цааш харуулсан хэрэг үүнд багтана. Ингээл дууслаа гэсэн үг. Гэвч Павел Федулёв наймаалцана. Тэр гэм буруугаа хүлээгээд мөрдөгчидтэй тохироо хийн өөрийн хамсаатан бөөн хүнийг илчилнэ. Жишээ нь, өчүүхэн тохироогоор Тэтгэврийн сангийн удирдлага Сергей Дубинкиныг илчилж, нөгөөх нь тэрбум рубль алга болгочихсоныг мөрдөн байцаагчид ухаж мэднэ. Үр дүнд нь 2011 онд шүүх 20 жил чанга дэглэмтэй шоронд хорих ялыг луйварчинд ногдуулна.

P.S. 2013 онд зэвсэг хадгалсных нь төлөө Федулёвт 3 жилийн ял нэмнэ. Оросын хамгийн махчин луйварчин Павел Федулёв 2034 онд 66 насандаа эрх чөлөөтэй болох ёстой. Хэрвээ түүний өөр гэмт хэргүүд шинээр илэрчихгүй бол шүү.

Алексей Ивановын “Ёбург” номноос

 

Эх сурвалж: www.duuren.mn