Би боддог юм,бас хардаг юм. Учир юу гэвээс өнөөдөр Монголчууд бидний өрх айл гэр бүрт хэн нэг нь харийн оронд амьдран суудаггүй нь цөөхөн аж. Эрт балар түүхийн шастираас ч тэр эргэцүүлэн суухад дэлхийн талыг эзэлж явсан Монголчуудын нэлээд хэсэг энэ дэлхийн олон улс орны цустай холилдон шингэрсэн билээ. Угаасаа нарийн яривал цэвэр үндэс угсаа гарал цусаа мэддэг хүн бидний дотор маш цөөхөн. Ялангуяа ардчилсан хувьсгалын "буянаар" дуртай болгон боржигон гэх мэт дурын овог авч, хүссэн болгон бараг л тайж гаралтай болсон нь нууц биш. За энэ ч дүүрч. Энэ дэлхийгээр тархан суугаа харийн газар харалсан, цагаачлалын албан ёсны бичиг баримт гардсан, азын сугалааны гэх ногоон карт өвөртөлсөн Монголчууд ямартай ч ард үлдсэн ах дүүс, аав ээж, эхнэр хүүхэд, бүр нарийвчлах аваас нууц амрагуудыг ч хүртэл хамтад нь тэжээж олсон хэдэн доллароо эх орондоо илгээж, байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Урвагч гэж хэн юм бэ? Монголынхоо газар шороог харийнханд зарж, Монголын баялгийг харийн нутаг руу ил далд аргаар зөөгсөд юм уу, эсвэл хүний газар хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө хүртэл харамлан байж эх орон луугаа илгээгчид юм уу??? Эх оронч байхад заавал Монголд байх ёстой, бас заавал Монголын иргэний үнэмлэх өвөртөлсөн байх шаардлагатай юм уу? Тэгвэл яагаад Монголд төрөөд Монголын иргэний үнэмлэх өвөртөлсөн эрлийз хурлийзуудыг бас Хужаа, энэтэр гэж адалдаг юм бол??? Энэ Америкт төрсөн үй олон Монгол хүүхдүүд Америкийн иргэний үнэмлэх өвөртөлсөн болохоор Монгол хүний тооноос, ядаж л Монгол хүн гэж хэлэгдэх, бас бахархаж бодохоос хасагдах учиртай юу? Эх орноо голохдоо Монголчууд гадаад орон руу зорьдог уу. Тэгвэл энэ дэлхийн түүхэнд угаасаа ямар ч улс орныхон өөр улс орон руу гарсан жим цуваа одоо ч тасралтгүй хөвөрсөөр л байдаг юм байна билээ. Тэгэхээр ийм арчаагүй биенээ хэмэлсэн аргаа барсан зүйлээ зогсоовол яасан юм бэ найзууд аа. Хүн эх эцгээ, эх орноо сонгодоггүйтэй адилаар бас хүний амьдралын хувь төөрөг гэж нэг юм байгаад байх шиг байдаг шүү цаана чинь. Одоогоос олон жилийн өмнө бурхан шашин бөөд итгэдэггүй ээж минь ид сайхан насандаа гэнэт өөд болоход ах дүү бид 4 ээж аавынхаа сүйд болдоггүй ч арай хүндэтгэх сэтгэлээр ханддаг байсан нэгэн бөө дээр очиж ээжийнхээ хойдын буяныг асуусан юм. Тэгэхэд тэр бөө бидний дөрвөн ах дүүсийг төрсөн жилээр нь дуудаж надад, харьд амьдрах тавилантай хүүхэд гэж хэлж байхад би түүнд огтхон ч итгээгүй юм. Бас би хувьдаа зөвхөн Монголдоо гэсэн сэтгэлтэй бодолтой явдаг байсан хүн олон жилийн дараа тэр бөөгийн хэлснээр харийн газар он жилүүдийг үдээд, зарим нэгэн харалган улсын хэлдгээр "урвагч" хэмээн цоллогдоод явж байна гэж тэр үед огтхон ч зүүдлээгүй, мөрөөдөөч үгүй байсан юм даа. Өнөөдөр та би хэн нэгнийг юу дуртайгаараа хэлж, дуудаж болох ч хэзээ нэгэн өдөр таны толгой дээр эс гэхэд үр хүүхдийн тань толгой дээр тэрхүү үйл ирхэд танд яг ямар мэдрэмж төрхийг төсөөлөөд нэг үзээрэй. Ямартай ч өнөөдөр өөрсдөө бүтээх дотоодын үйлдвэрлэл муутай, хойд эх эцэг шиг төр засагтай, дээрээс нь би үхэхээр чи үх гэдэг сэтгэхүй давамгайлсан иргэдийн ухамсартай ийм байдлаар найзуудаа бидний Монголчууд хол гишгэх хөлөө өөрсдөө чөдөрлөөд байх шиг.Эх орондоо бие нь байвч сэтгэл зүрх огт байхгүй хүмүүс Монголоор бишгүй л дүүрэн байна. Нарийндаа яривал эх оронч сэтгэл зүрхийг энд тэнд гэж хэмжих нь асар өрөөсгөл ойлголт юм. Энэ дэлхийн улс орон бүр Монголыг мэддэг үү, үгүй шүү дээ. Тэр соёлт агуу хэмээн боддог их гүрнүүд чинь нэлээд нь өөрсдийн түүх, мужаа ч бүтнээр нь мэддэггүй хүмүүсээр дүүрэн байдаг юм. Тэр хүмүүст харьд ажиллаж амьдарч буй Монголчууд Монгол орныхоо талаар сурталчлан таниулж магад түүнээс улбаалан Монголыг үзэхийг хүсэх гадны жуулчид ганц нэгээрээ нэмэгдэж байдгыг үгүйсгэх аргагүй. Төр засгийн томчууд бүр ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэд дотор бүр зориуд зорьж очин Америкт болон өөр гадны аль нэг оронд төрсөн хүүхэдтэй хүн дүүрэн байна. Бидний бага байхад ч Орсод, Москвад ээж аав нь сурч, ажиллаж байхдаа төрүүлсэн хүүхдүүд мэр сэр таардаг л байсан. Харин тэр үед бид тэднийг адлаад байснаа огт санахгүй л юм байна. Хааяагаа хадрахад жаахан жудаг хэрэгтэй байна. Нутаг нугаараа талцсан энэ өнгөрсөн зууны арчаагүй, ядмаг сэтгэхүйгээ халцгаая. Нэг л их нутгархсан улс. Аялаад, амьдраад буцаж байгаа энэ хорвоогийн улс орнууд таныг намайг Монгол, гэж хэлхээс биш, дөрвөд, халх байтугай эх эцгээс оноосон нэрээр чинь ч тоож ярихгүй. Тиймээ, харьд ажиллаж амьдарч байгаа жирийн Монголчууд зарим нэгэн хүмүүсийн цоллодог шиг "Урвагч" биш юм. Харин ч олонх нь Монгол орноо харийнханд сурталчилан таниулж байдгыг би мэдэх юм. Үнэн худал нь үл мэдэгдэх эх эцгийнхээ зохиосон гурван үеийн түүхээс ихэнх маань хэтрэхгүй мэдлэгтэй. Тиймээс ялангуяа удам судар, урвагч, тэмцэгч,эрлийз, хурлийз хэмээн нэгнээ цоллохдоо асар болгоомжтой хандах учиртай. Бусдыг урвагч гэж хэлж чадаж байгаа та өөрийгөө нэг сайн толинд дотор гадаагүй тольдчихоорой. Тос дотроосоо л өтдөг юм. Монголчууд бид өтөх учиргүй. Эцсийн бүлэгт үхэхээ хүрхэд энд, тэнд үхэх юуны ялгаа билээ.... Гадаадад амьдарч буй Монголчууд маань эх орноо санаж бэтгэрдэг чин халуун сэтгэлээ эх орондоо мод бут тарих үйлсэд шингээн, чин халуун сэтгэлээр нэгдэн оролцож байхыг та нартаа бас уриалж байна. Түүнээс Монгол дуу сонсож хааяа нэг архидахдаа эх орон, ээж аав гэж матрын нулимс дуслуулагчийг ч бас хархуйяа өрөвдөлтэй агаад өчүүхэн. Ямар ч хайр гадагшаа нэвчиж харагддаггүй бол хэцүүхэн. Үнэхээр л эх орноо хайрлах чин сэтгэл байх аваас энэ бие энд тэнд байх юуны ялгаа билээ л. Урвагч хэмээн цоллогдох хэмжээний хүмүүст улс орноо зарж идэгсэд, харийн гүрний томчуудын гар хөл бологсод, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль гарган улайрагсад гэх мэтийн хүмүүс хамрагддаг юм шүү дээ. Түүнээс биш харийн газар мөрөөрөө амьдраад эх орон, ах дүүдээ хэдэн доллар шилжүүлэх гэж оролдогсод биш, албан ёсоор амьдран суух бичиг баримт нь зөвшөөрөгдсөн жирийн нэгэн Монгол хүмүүст дэндүү ахдах нэр шүү энэ "УРВАГЧ" хэмээх цол хэргэм.

 

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот