Нийслэлчүүд нийтийн тээврийн шинэчлэлтэнд дасаж байна аа байна. Гэхдээ зургаан буудал газар явахад л  түм буман асуудал гарч маргаан дэгдэж байх юм. 

Өнгөрөгч сарын 29-ийг хүртэл шинэ систем нэвтэрч байгаатай холбогдуулан кондуктор тасалбар таслан мөнгөө хурааж, смарт карт буюу ухаалаг карттай нь уншуулж зорчиж байсан юм. Тэгвэл долоо хоног ажиглалт хийсэн кондукторууд өдгөө зарим чиглэлд явахгүй байгаа нь ажиглагдав. Ганц жолооч бүхий л зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байна.  Тухайлбал, энэ сарын 10-ны өглөө "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлд жолооч ганцаараа үйлчилж байлаа. Зорчигч залуу орж ирээд мөнгөө мөнгөний саванд хийж буй харагдав. Гэтэл жолооч "хөөе чи дутуу мөнгө хийчих шиг болох юм. Энэ чинь 100 төгрөг л харагдаад байна даа" гэхэд өнөөх зорчигч "юу яриад байгаа юм би хийчихсэн ш дээ. Тоолоод үзэхгүй гээд" хээв нэг тоосон шинжгүй буух буудал нь болсон бололтой автобуснаас бууж одлоо. 

Мөнгөний савны дутагдалтай талыг "туулайчид" овжиноор ашиглаж байгаагийн тод жишээ энэ. Учир нь одоогийн нийтийн тээвэрт байршуулсан мөнгөний саванд хэдэн төгрөг хийж байгааг тоолох механизм байхгүй. Гадны улс орнуудад задгай мөнгөөр буюу зоосон мөнгөөр зорчдог. Гэтэл манайд цаасан мөнгө хийж байна. Нөгөөтэй-гүүр хянах камер байршуулсан учраас жолооч зорчигчийн дутуу хийсэн мөнгийг тоолох аргагүй. 

Мөн Толгойт-Халдварт чиглэлд үйлчилдэг нийтийн тээвэрт өнөө өглөө суухад мөн л жолооч ганцаараа зорчигч нартаа хяналтаа тавьж, жолоогоо барьсаар явлаа. 

Тэрбээр "зорчигч нарыг мөнгөө савандаа хийгээрэй. Эмээ та картаа уншуулал даа, байхгүй бол мөнгөө хийхгүй юм уу. Арын хүмүүс нь мөнгөө бэлдээд хурдан хурдан суугаарай" гэв. Хичнээн ингэж хэлээд ч нэмэргүй картгүй хүмүүс мөнгөө хийж байгаа нь тун цөөн. Мөнгөө саванд хийж байгаа нэгнийхээ урдуур дайрч орон мөнгөө төлөхгүй бултагч нар их байна. Үүнийг та ч бас олж харсан биз. 

 

Ухамсартай хэдэн иргэд нь л мөнгөө төлж, ухаалаг картаа уншуулж зорчиж байна. Одоо хичээл эхлэхтэй холбогдуулан нийслэл хотод хөлд дарагддаг. Энэ цагт яах болж байна аа. 

Нэгэн иргэнээс нийтийн тээврийн шинэчлэлийн талаар саналыг нь асуухад "Том оврын тээвэр хуучнаараа явж байхдаа мөнгөний алдагдалтай ажилладаг гээд л байсхийгээд ажил хаялт зарладаг байсан. Харин одоо хараад байхад бүүр их алдагдал хүлээж байх шиг байна аа. Яагаад гэхээр мөнгөө үнэнчээр төлж байгаа хүн ховор харагдаж байна. Бас мөнгөө төлөхгүй гэж гүрийх, зугтах хүмүүс олон харагдлаа. Зарим нь дутуу мөнгөө хийж байна гээд кондукторууд нь хэлэхээр мөнгөө хийсэн л бол болоо ш дээ гээд хэрэлдэж байгаатай хүртэл таарсан" гэлээ.

Иргэний үүргээ биелүүлж мөнгөө төлөөд зорчих хэрэгтэй байгааг энд онцлон хүргэе. Уг нь манай улсад үгүйлэгдэж байсан нийтийн тээврийн үйлчилгээ мөнөөсөө мөн. Гэхдээ хэрэгжилт буруу явагдаж "туулайчдыг өөгшүүлж" байна гэдгийг холбогдох албаныхан анхаарч, алдаа дутагдлаа засч залруулах нь зөв болов уу. 

Х.Даваа