Хар ус
2015/08/11
ХАР УС
(Богино өгүүллэг)
Дэрс халиурч, шумуул шунгинах найман сарын бүгчим халуун өдрүүд эхэлжээ. Гаднаас нь харахад сүр0бараа муутай ганц гэрийн гадаа ажилсаг эмийн гараар цэмцийтэл хураасан аргал, бас будаг нь халцарч навсайсан харваас л эзнийхээ ажилгүй арчаагүйг илтгэх улаан яав уруу царайлан эзнээ хүлээж байх шиг харагдана. Гэр дотор уур нүдүүр дуугарч туранхай хөх хүүхэн цай үйж, баруун орны хөлд уяатай хоёр орчим насны хүү гартах боорцгоо точигнотол мэрнэ. Гучин тав орчим насны эр ширэлдсэн үсээ гараараа самнамар болж, өврөөсөө хөх пүүшиг гарган утааг нь уушиглан сорно. Хөдөөх айлын эр эм хоёр хоорондоо үл дуугарахыг ажваас хэрэлдсэн улс мэт үзэгдэнэ. Халуун цайны үнэр гэрээр нэг тархад хүүхэн гуулин данханд уудлаж өрхийн тэргүүний өмнө ирмэг нь далийж эмтэрсэн дунд гарын мөнгөн аяганд өрөм овоолон цай барив . Гэрийн эзэн цайг хоёр гардан тосож аваад шур шурхийтэл оочлонгоо эхнэрээ царайчлангуй харснаа
- Сэвжид минь одоо л дахиж энэмуу өгөр модыг нүдэхгүй. Ердөө эцсийн удаа ганц атан тэмээгээрээ тоглоод л дахиж энэмуу мөрийтэй тоглоомыг ор тас мартаад хүн шиг хүн больёо гэж амлаж байна хэмээн хоолойгоо албаар сааралтуулан духаараа духайж харан царайчлав.
-Хэцэс, чи энэ үгийг хэдэн жил хэлж байгаагаа мэдэхгүй байгаа бол би чамд хэлээд өгье. Сумын төвд сууж байгаа охиноо анх гархад л хэлсэн. Одоо охин 15 настай болж байна. Хүүтэй л болвол гэж чи бас хэлсэн хүү чинь одоо хоёр ой гараад явж байна. Чи хүн мөн үү. Аав ээжээс минь үлдсэн хэдэн мал бүгд чиний гараар орж дуусаад одоо ганц энэ хар ат , хэдэн мухар үхэр л үлдлээ. Чи эднийг дуусахаар юугаар тоглохов? Надаар, дараа нь хоёр хүүхдээрээ тоглох уу? гэж цоо ширтэхэд
гэрийн эзэн юу ч үл дуугаран авдараа уудалж ганц шил архийг бөгснөөс нь сурамгай гэгч нь мулт цохиж шилээр нь гудраад хоосон шилийг нь хоймор луу шидээд гуйвж дайвсаар ямбий улаан яаваа асааж пурхийтэл хаазалсаар салхи татуулан одов. Сэвжид анх Баттай суухад ээж нь зөндөө дургүйцэж, энэ дэрчгэр чамд хань болохгүй гэж хорьсон ч муу ээжийгээ элдвээр хэлж, айлгаж зөрсөөр суусансан. Арван таван жилийн дотор айл гэр өөдөлдөг бол Батынх гэдэг айл улам л уруудсаар. Мөрийтэй тоглоом, хар ус хоёрт хамгаа өгдөг нөхөр нь байхаасаа байхгүй нь их. Тийм ээ ээжийнхээ үгэнд орж Доржпүрэвтэй суусансан бол, өдийд Хорлоогийн оронд ховрыг өмсөж, амьтныг зарж, хот хөдөө хоёрыг хослуулж, бас болоогүй ээ тэр гадаад гэгч улсыг хүртэл бүдүүн Хорлоогийн оронд явж үзсэн шигээ амьдрах байж дээ , азгүй эм гэж өөртөө хэлэн, тогоотой ээзгийгээ ширгээнгээ хормойгоороо хүүгийнхээ нусыг шудран арчиж галын дөлийг ширтэн бодол хөврүүлэн сууна. Харин энэ үед улаан яав ухас ухас, пар пир дуугаран дов сондуул сэгсчүүлэн хааз аван амаа булаах морь мэт хурдлах аж. Гэнэт л газар тэнгэр Батын дээрээс нь хөмөрчих шиг санагдахад улаан яав тойром усны эргүүлэгт ороод улаан яав, Бат хоёрыг яах ийхийн зуургүй усны мангас залгиж үртэс ч үлдэхгүй алга болов. Хөдөөгийн буйдхан цүнхээл Батыг улаан яавтай нь хамт залгин одсоныг Сэвжид ч тэр нутгийнхан ч тэр мэдээгүй юм. Хар ус, мөрийтэй тоглоом айл гэрт хэзээд хар мөрөө татуулан оддог гэх хууччуулын үг хөдөөх нэгэн айлын амьдралд ийнхүү биеллээ олж бараан сүүдэрээ унагаж, талийгчаас оршуулах яс үртэс ч, нэр ч үлдээлгүй тодорхойгүй алга болсон хэмээх хавтас хэрэг аймгийн төлөөлөгчийн ширээний нүдэнд тоосонд дарагдан үлдээгээд нэр, мөр ч үгүй, оршуулга, будаалга ч үгүй нэгэн хүмүүн хорвоогоос одсон нь энэ ээ.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2014 Чикаго хот. (Номын хэсгээс авав)