"Оюутан цэрэг-2015" хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг Чингисийн талбайд тангараг өргөв. Оюутан цэргүүдийн тангараг өргөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцов.

 

Оюутан цэргүүд өнгөрөгч зургадугаар сарын 15-нд цэргийн албанд мордож байсан. Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнууд хамрагдсан бөгөөд Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлжээ.