Өөнтөгч Монгол араншин
2015/08/13
Аяа зурагтаар нэг сайхан хоолойтой дуучин охин дуулж байх юм. Гэтэл бид юу нь сайхан байгаа юм, шал навтгар юм бэ, бас хамраа засуулж, давхраа хийлгэвэл таарна. Урлагын хүн байж засуулах хэрэгтэй ш дээ гэж ирээд бөөн өөлж өгөх. Хэрэв тэр охин засвар хийлгэчихсэн байвал өө шал мэс заслын аргаар л хөөрхөн харагдаж байгаа хөгийн амьтан ш дээ гэж ярих. Дуучин Жавхлан эх орон минь гэж тэмцсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Би анх эхлээд дэмжиж байгаагүй ч эсэргүүцэж элдэвлэж байгаагүй. Одоо бол түүнийг дэмждэг бас найдаж горьддог хүмүүсийн нэг болсон. Гэтэл манай нөгөө тасархай ухаантнууд авч өгч байнаа. Энэ Жавхлан дуугаа л дуулаад явбал зүгээр ш дээ. Ёстой боловсролгүй ш дээ ккк.Улс орон минь хөгжөөсэй гэж ирээд л мөрөөдөх тэгсэн атлаа ямар ч аавын хүү ээжийн охинд үл итгэх. Хоёр бөх барилдаж байвал өөрөө огт чадахгүй байж л ингэж, тэгж барилдах байсан юм, ёстой эргүү чинь гээд л. Хэн нэгэн жүжигчин, дуучин, олны танил хүний оронд өөрөө хэзээ ч мөрөөдөөд ч тэр дайны нэрд гарч чадахгүй атлаа л энэ чинь ёстой тэнэг юм билээ, аймаар хэрүүлч, уг нь зөвхөн шүлгээ л бичсэн нь дээр байсан юм.Олны танил юм чинь чи дуугүй л муулуулж бай ч гэж байх шиг. Бүхэл бүтэн хоёр жил хүнд гүтгэгдэж, аавынхаа хийснийг бусдад алдаж, гэр бүлээрээ доромжлол амсах ямар байдгыг гэхэд л миний өмнөөс хэн мэдэх вэ?! Өөрийгөө хамгаалж тайлбар хийж үнэнийг өчихүйеэ хэрүүлч гэж цоллогдох.Бусдад дүн тавьдаг агуу улс дүүрэн. Аяа ямар их зааварлагчид. Орон тооны бус дүүрэн зааварлагч агуу хүмүүс. Тэр хүмүүс ядаж нэг удаа ч болохноо өөрийгөө тэр хүний оронд тавьж үздэг болов уу? Чи би хэн болчихоод л үргэлж бусдыг зааж заавардаж, бас юу хийх юу хийхгүйг нь зааж суудаг юм бол оо? Би заримдаа гайхдаг юм. Монголчууд бид яагаад хүнд итгэдэггүй, заавал нэг муу муухай болгож байж санаагаа амраадаг юм бол? Уг нь надад гэхэд л би загвар өмсөгч Одгэрэлийн хичээл зүтгэлтэй гоо сайхнаар, Ганбууш буюу Ган-Одын өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буй уйгагүй зүтгэлээр, Дуучин Жавхлангын энэ эх оронч сэтгэлээр, жүжигчин Ундармаагийн хүнлэг сайхан үйлсээр, гээд тоочоод байвал маш их урт дараалал үүсгэхүйц сайхан хүмүүсээр бахархаж байна. Сумо бөхийн мундаг залуус, олимпийн аваргууд, дуурийн мундаг дуучин залуус..... Өөлөөд ухаад, муулаад миалаад байвал танаас өөр агуу хүн байхгүй болох байх тийм үү? Хэрэв тийм аваас хүн өөлж муулагч агуу хүмүүс минь та нар бусдаас шаал өөр агуу төгс гэдгээ харуулаад өгхөд чухам хэн саад болдог юм бол? Сайхан хүүхэн харсан ч яахав байдаг л хүүхэн байна гэж ч байх шиг..... Яг үнэндээ ийм үг амнаасаа чөлөөтэй унагаж чадхаар та өөрөө тийм сайхан, хөөрхөн, царайлаг хүн мөн болов уу? Та нэг өөрийгөө толинд сайн харчихаад дараа нь тэр агуу үгсээ бусдад шидхэд нэг их оройтож сүйд болохгүй л болов уу. Өөнтөгч Монгол араншин савнаасаа хальж, хаа сайгүй урсаж байна. Одоо больцгоовол яасан юм бэ найзууд аа. Энэ Монгол түмэн дотор чинь хайрламаар, хармаар, итгэмээр зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Боловсрол гэхээр л гадаадын аль нэгэн сургуулийн оронцог диплом өвөртөлж, хальт мульт харь хэлээр ярьсан хүн боловсролтой болдог уу? Үгүй гэж хэлмээр байна. Миний энэ байгаа Америкт гэхэд л захын цагаачдын визээ хадгалдаг сургуульд суралцаж диплом өвөртөлсөн монгол залуус дүүрэн байна. Тэднийг би хувьдаа тасарчихсан гадаадад өндөр боловсрол эзэмшсэн улс гэж хэлж чадахгүй уучлаарай. Эх оронч эрхэм сэтгэл зүрхнээс илүү энгүй их боловсрол байдаг юм уу??? Тэгээд ч хүн өөрчлөгдөж, боловсорсоор л байдаг. Тиймээс Жавхланг даапаалж хэрэггүй биз дээ. Тэгээд ч Монголоор дүүрэн дуучид, яруу найрагч, зохиолч, бөө, дуучид, хангалттай дүүрэн байна. Нэг нь ч гэсэн тууштай эх оронч байгаад баярлаж, найдаж дэмжихсэн. Таны хүслээр хэн нэгнийг амьдруулах гэдэг бол нэгдүгээрт өөрийгөө, хоёрдугаарт үр хүүхдээ өөрийн хүслээр амьдруулах эрх нь таны гарт бий. Харин бусад хүний хувьд ялангуяа тэр олны танил улс бас л яг тань шиг өөрийн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлээрээ амьдарч байгаа бас тэгэх ч эрхтэй гэдгийг эрхэм та санах хэрэгтэй болов уу. Яг үнэндээ би, та ч тэгтэл боловсорчихсон улс гэж үү дээ. Би л хувьдаа олон зүйлээр дутуу дулимаг л хүн. Өөрийгөө хэрээс хэтрүүлж үнэлж, хийрхэж бусдын дээрээс хорт үгийн сумаар бороо асгаж байхаар итгэл үнэмшил, найдлага гэдэг зүйлээр зүрх сэтгэлээ дүүргэцгээе. Учир нь Монгол орондоо сайхан ирээдүйг хүсэж, эх орондоо эзний ёсоор амьдрахыг бүгд хүсдэггүй гэж үү.....Яагаад, яагаад бид үргэлж биенээ мэрдэг юм бол!!! Цаддаг бол цадхаар, хөгждөг бол хөгжхөөр биенээ хардаж мууллаа. Юу ч өөрчлөгдсөнгүй. Итгэл итгэл, найдвараар амьсгалмаар байна. Яг ус шиг агаар шиг бусдад итгэх итгэлээр та бид цангаж үхэхгүй байна гэж үү?.... Улс орон хөгжихөд багаар ажиллаж, биенээ сонсож, дэмнэж, нөхөж өөдөлдөг болохоос Харвард төгсөөд ирсэн гэх өндөр боловсролтой ч, эх оронч сэтгэлгүй хүн улс орныг хөгжүүлэхгүйг харж ханалаа. Олон зуун жилийн тэртээ үүргээ биелүүлэхийн дээдээр биелүүлээд буцсан эзэн Чингис хааны сүнсийг ч тайван байлгаж үзвэл яасан юм бэ ахан дүүсээ....
Яруу найрагч Хулганайн Тэргэл. Чикаго хот 2015
Tsetseg · 2015/08/13
Tiime bid dendu tsadgalan hododtoi hoson tolgoitoi bolje Uhanda ih hogin medelel hih yum Tarhia tseberle