Зүүн бүсийн залуус Чингис хотноо чуулна
2015/09/07
Монголын Залуучуудын Холбооны зүүн бүсийн залуус энэ сарын 11, 12, 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо чуулахаар болжээ.
Уг чуулганыг Монголын Залуучуудын Холбоо, Хэнтий аймгийн залуучуудын холбоо, Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран зургаан жилийн дараа зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 6 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцох юм.
Зүүн бүсийн чуулганаар залуучуудад тулгамдаж буй асуудлаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний дуу хоолойг сонсох, Монголын Залуучуудын Холбооны дүрэм, стратеги төлөвлөгөөг танилцуулах, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхижуулах сургалт хийх, мөн бүс нутгийн залуучуудын санал санаачилгыг нэгтгэсэн зөвлөмж гаргах аж. Зүүн бүсийн залуус дуу хоолойгоо нэгтгэж, санал бодлоо солилцохоос гадна төрөл бүрийн спортын нөхөрсөг тэмцээн уралдаанаар ч хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм байна.