Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээс, цусны шинжилгээ хийдэг болгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Уг ажлын хүрээнд тус газраас өрхийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулж дууссан байна.

Гурван шатны сургалтад өрхийн ахлах эмч, сувилагч нийлсэн 400 хүн хамрагдаж, шээсний шинжилгээний суурин анализаторыг ашиглах, хариуг нь цахим хуудаст хэрхэн оруулах, иргэд цахим хуудсаас шинжилгээнийхээ хариуг яаж харах талаар цогц мэдээлэлтэй болжээ.

Харин өнөөдрөөс нийслэлийн хороодын өрхийн 140 гаруй эмнэлэгт шээсний анализатор суурилуулах юм байна. Ингэснээр иргэд өрхийн эмнэлэгтээ шээсний шинжилгээ хийлгэх боломж бүрддлээ. “Roy home health care” анализатор нь цагт 700 хүртэлх хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай гэнэ. Хүнд өвчтэй, хэвтэрт байгаа болон бага насны хүүхдүүдийн шинжилгээг явуулын төхөөрөмжөөр, гэрт нь очиж авах юм байна. Уг аппарат нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай аж.