Д.Амарсайхан: Залуу хүний үнэ цэнэ хөрөнгө мөнгөөр хязгаарлагдах ёсгүй
2015/09/14
ХАХНХЯ-наас Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй. Үүнтэй холбогдуулан тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхантай ярилцлаа.
-ХАХНХЯ-наас залуучуудад чиглэсэн хөгжлийн тусгай бодлого боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа юм байна. Энэ бодлогын үзэл санаа, зорилгыг танилцуулна уу?
-Энэ асуултад хариулахын өмнө залуучуудын хөгжлийн асуудлаар хийж буй ажлын талаар товч дурдъя. ХАХНХЯ хүн амын чухал бүлгүүдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар байгуулж, түүний чиг үүрэгт залуучуудын асуудлыг голлох байр суурьтайгаар тусган оруулсан. Төрийн бодлогыг залуучуудын хөгжилд чиглүүлэх, нээлттэй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болоод төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар яамны бүтцэд Залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулаад гурван жил болж байна. Мөн залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, салбар дундын үйл ажиллагааны харилцан уялдааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий “Залуучуудын хөгжлийн үндэсний хороо”-г Засгийн газрын 2015 оны 121 дүгээр тогтоолоор байгуулсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу бид залуучуудын хөгжлийн асуудлыг бодлогын түвшинд ул суурьтай авч үзэх бүтэц бий болгоод байгаа. Залуучуудад өдөр тутам хүрч ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, хэрэгцээт мэдээллээ цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн Залуучуудын хөгжлийн төвийг 11 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт байгууллаа.
Манай улс залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалт, тэдэнд тулгарах асуудлыг шийдвэрлэх тусгай бодлогогүй явж ирсэн. Ингээд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөр гэсэн хоёр баримт бичиг боловсруулан, есдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар бэлдээд байна. Энэхүү бодлого хөтөлбөрийг боловсруулах, төслийг сайжруулах ажлын хүрээнд төвийн болон баруун, зүүн, хангайн бүсийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан бол бодлого, хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэхээр үндэсний хоёр чуулган зохион байгууллаа. Хоёр жилийн хугацаанд боловсруулсан уг бодлогыг ерөнхий есөн зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд, залуучуудын боловсрол, гэр бүл, хөдөлмөр эрлэлт, эрүүл мэнд, эрх, орон сууц, залуучуудын эерэг дүр төрх, залуучуудын байгууллага гэх мэт асуудал багтаж байгаа юм. Мөн залуу үеийг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд оролцуулахад гол анхаарлаа хандуулсан. Өршөөлийн тухай хуулийн хүрээнд хорих ангиас суллагдах залуучуудыг хэрхэн нийгэмшүүлэх тухай чиглэл энэхүү бодлогод тусгагдсан байгаа.
-Залуу хүн гэсэн ерөнхий нэр яриад байдаг ч энэ бүлэгт яг хэдэн насны хүмүүсийг хамааруулдаг нь тодорхойгүй байдаг?
-Насны асуудал дээр маш их судалгаа хийсэн. НҮБ залуу хүн гэж 15-24 насныхныг хэлж, заасан байдаг ч улс орнууд нийгмийн хөгжил, эдийн засгийн байдал, өөрийн орны онцлогтой уялдуулан янз бүрээр авч үздэг. Жишээлбэл, Африкийн орнууд 15-34, Европын орнууд 15-28 хэмээн тогтоосон байдаг юм. Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон Иргэний хуулиуд дээр 18 хүртэлх насныхныг хүүхдэд хамааруулна гэж заасан байдаг. Тиймээс манай орны хувьд 18-34 насныхныг залуу хэмээн томъёолоод байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй залууст чиглэсэн үйл ажиллагаа, тэдний ажлын байр, эрүүл мэндийн асуудал хэрхэн тусгагдсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудлыг ярихын тулд эхлээд нийгмийн дэд бүтцийг шийдэж ээлтэй орчин бүрдүүлэх, нөгөө талаас жирийн иргэдийн хандлагыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Манай яам байгуулагдсан гурван жил гаруйн хугацаанд төрийн болон төрийн бус, олон улсын байгуулагуудтай хамтарч маш олон ажил хэрэгжүүллээ. Бодлого, хөтөлбөрт боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн зорилтууд тусгагдсанаас гадна нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудад хүрч ажиллах хэрэгтэй байна.
-“Үзээд өгье гэсэн ч эд хөрөнгө, эрх мэдлээс өөр үнэ цэнэтэй зүйл залуус бидэнд байна уу” гэсэн асуултыг нэгэн сэтгүүлээс харж байсан минь санаанд орлоо. Ёс суртахууны болоод таны хэлсэнчлэн эерэг дүр төрх залууст хамгийн хэрэгтэй байгаа юм шиг санагддаг. Бодлогод ийм зүйл тусгагдсан уу?
-Залуучуудын эерэг дүр төрх бий болгох, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд залуучуудын монгол хэл, эх түүхээ эзэмшсэн, оюуны чадавхтай, хариуцлагатай, бие даасан, харилцааны ур чадвартай, ёс суртахуунтай, хүнлэг, нөхөрсөг, туйлбартай чанар зэрэг өөрсдийнх нь оролцоотойгоор оновчтой томьёологдсон нийгмийн дүр төрх бий болгоно. Мөн залуучуудын хүний эрхэм чанар, даяаршиж буй нийгмийн орчин дахь бусад соёлын (дэвшилтэт технологи, дэлхийд өрсөлдөх чадвартай) нөлөөлөл бүхий амьдралын хэв маягийг залуучуудын хүмүүжил, язгуур соёл, дэвшилтэт уламжлал, ёс заншилтай уялдуулан хөгжүүлэх шаардлагатай байгаа. Түүнчлэн үе тэнгийнхнээсээ ёс суртахууны эерэг үнэлэмж, сурлага, хөдөлмөрийн амжилтаараа манлайлагч залуучуудыг сурталчлан таниулах, алдаршуулахад дэмжлэг үзүүлнэ. Залуу хүн бүр эх орон, гэр бүл, өөрийнхөө өмнө маш том үүрэг, хариуцлага хүлээж байгаа гэдгээ ухамсарлах ёстой.
-Бодлого боловсруулахдаа гадаадын бусад орны туршлагыг хэрхэн авч үзсэн бэ?
-НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр гадаадын болон дотоодын зөвлөх баг авч ажиллуулсан. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын туршлагаас судлан амжилттай хэрэгжиж буй төслүүдээс санал, санаачилга авсан ч хамгийн гол нь өөрийн орны онцлогт нийцүүлэх нь чухал байлаа. Мөн өнгөрсөн онд Баку хотод болсон Дэлхийн залуучуудын чуулга уулзалтаас гарсан хөгжлийн бодлогын загвараас олон санал, зөвлөмжүүд авч тусгасан.
-АНУ-д сагсан бөмбөг тоглох авьяастай бол тэр чиглэлээр нь маш сайн дэмжиж, цалин мөнгийг нь хангалттай өгч, ар гэрийнх нь асуудалд анхаарал хандуулдаг. Ингэснээр тухайн залуу дээд зэргээр хөгждөг. Зөвхөн спорт биш математик, физик гээд бүхий л салбарт ингэдэг. Манай улсын хувьд?
-Энэ бол маш зөв тогтолцоо. Харин манай улсад ийм бодлого хараахан нэвтрээгүй байна. Эдийн засгийн асуудал ч үүний цаана яригдана.
-Залууст тулгардаг бас нэг том бэрхшээл бол орон сууцны асуудал. Урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгө гээд олон зүйлээс болоод залуус тэр бүр байртай болж чаддаггүй. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ?
- Залуучуудын бодлогын нэг зорилт нь орон сууцны асуудал. Зорилтын хүрээнд тэдэнд зориулсан, хямд, чанартай, нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийг нь шийдвэрлэсэн орон байрны шийдлүүдийг дэмжинэ. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан залуучуудад орон байртай болоход урьдчилгаа төлбөрийн, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлдэг байх саналууд гарсан. Түр хугацаагаар орон гэрээсээ хол амьдарч буй оюутан болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан бүрэн тоноглол, тавилга, үйлчилгээ, аюулгүй орчин бүхий хямд үнэтэй түрээсийн, нийтийн байрыг олноор барих замаар тэдний орон байрны хэрэгцээг хангана.