“Мэдлэгээр цангасан оюун ухаан” лекц болно
2015/09/16
Монголын Залуучуудын Холбоо залуусын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд мэдээ мэдээллээр хангах зорилгоор энэ есдүгээр сарыг “Номын сар” болгон зарласан билээ.
Тэгвэл уг сарын хүрээнд “Мэдлэгээр цангасан Оюун ухаан” лекцийг зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн нэгдүгээр курсын 1000 гаруй оюутанд “Голч дүн ба Ажил”, “Цаг хугацааг хуурч болдоггүй”, “Хичээл гэдэг нэр үг, Хичээх гэдэг нь үйл үг”, “Хүсэл мөрөөдөл ярьж, Зорилго сонсож чаддаг”, “Эх орны алтан гурав” гэх мэт сэдвүүдээр МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Сансархүү үнэ төлбөргүй лекц уншихаар болжээ. Амьдралын томоохон алхмаа хийж буй дүү нартаа зориулан эдгээр лекцээ бодит судалгаан дээр үндэслэж, сургамжтай, тун сонирхолтой байдлаар бэлдсэн байна.
Их, дээд сургуулиа төгсөөд ажиллаж буй залуус оюутан байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх клубүүдэд явах, хэл сурах, голч дүндээ анхаарах, дадлага хийх газраа зөв сонгох, цагийн болон сайн дурын ажил хийх, дипломын ажил бичих, ном унших, тэтгэлэгт хамрагдах, илтгэл танилцуулга хийж сурах нь хамгийн чухал болохыг зөвлөжээ.
“Мэдлэгээр цангасан оюун ухаан” лекц нь СЭЗДСургууль дээр 2015 оны 09-р сарын 17-ны 16:00 цагт 305 тоотод, ШУТИСургууль дээр 2015 оны 09-р сарын 22-ны 11:00 цагт тус тус болно.