Монгол улс дэлхийд Азийн цагаан дагина хэмээн танигдсан нэртэй. Гэтэл өдгөө хамгийн муухай бүхнээр танигдах болж. Нийгэм, эдийн засаг нь доройтож буй энэ үед олон улсын төлөөлөгчдийг цуглуулсан томоохон арга хэмжээг ирэх долдугаар сард хийхээр дээр, дооргүй хөдөлж эхэлсэн. АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулганы уулзалтаас өмнө хийх ажил МОНГОЛд их байна.

Баримт нэг: ДЭМБ-ын НДББ-ийн Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны гишүүнээр Монгол улсаас сонгогдсон. Өөрөөр хэлбэл, Улаанбурхангүй улс болсноо дэлхийн дахинаа тунхагласан. Гэтэл харин өнөөдөр аюулын харангийг хэдийнээ дэлдсэн айдаст автсан Монгол орон болчихлоо. Өвлийн улиралтай зэрэгцэн ханиад томуунаас гадна Улаанбурхан дахин сэдэрч олон эцэг, эхийг шар махтай нь хатаасаар... Хүүхдээ өвдүүлэхийг хүсдэг аав, ээж гэж үгүй. Хэлж биш хийсч ирээд байгаа энэ өвчнөөр олон хүүхэд өвчилж, 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөлийн насны хувьд 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг 0-8 сартай буюу вакцинд тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.

Улаанбурхан 2015 оны гуравдугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвдсөн бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд уг өвчний улмаас амиа алдсан.

Баримт хоёр: Гамшиг дагуулсан эдийн засагтай. Улс төрчид эдийн засгийн хүндхэн байгааг мэдэж буй ч иргэдийнхээ тэн хагасыг арай хийн амьдарч байгааг үл тооно. Эдийн засгийн өсөлт хоёр хувь, ядуурал дөнгөж 21 хувь, инфляц хоёр хувь, ажилгүйдэл 8.3 хувь гэсэн тоонуудыг өмнөх жилүүдийн үзүүлэлтүүдтэй харьцуулаад байгаа нь тун сонин. Яагаад гэхээр өдгөө хоногийн хоолоо залгуулж, дэлгүүрээс тал талх, граммын будаа, гурил, махаар голоо зогоож байгаа гэдгийг тэднээс өөр хэн ч мэдрэхгүй, ойлгохгүй байгаа.

Үнэн төрхөө нууж АСЕМ-ын хурлын үеэр нэлээдгүй их ажил хийх төвлөгөө гаргаж, төвсвөө баталсан гэх. Гэтэл халдварт өвчиндөө дарлуулж, эдийн засаг нь доройтсон байдалтай байгаа улсыг олон улсынхан тоох уу. За тоогоод ирлээ гэхэд, олигтойхон гэрээ хэлэлцээр хийж чадахгүй хүмүүсийн аманд унаж, улсаа худалдах хэмжээнд хүрэх вий гэсэн болгоомжлол байгаа юм. Эдийн засгаа нуугаад чимээгүйхэн шиг сайхан тохижуулсан хотын гудамжаараа аялуулж байгаад хоёр хоногийг өнгөрөөж чадах ч гэлээ УЛААНБУРХАН-аа хаашаа нуух вэ!!!

Амьсгалын замаар халдварладаг уг өвчлөлийг халдаад явах хүн байх магадлал тун өндөр. Монголд ирэх олон улсын төлөөлөгчид мэдээллээс холдоогүй бол үүнийг дуулж л байгаа. АСЕМ-ын уулзалтынхан Улаанбурхангүй л буцаасай билээ төрийн түшээдүүд минь...

Манайхан л бүдүүн баараг хүмүүс болохоор үхэлийн тахалтай голомттой байсан ч туугаад очдог болохоос гадныхан тэгдэггүй юм. Эрүүл мэнддээ дээд зэргээр анхаардаг улс.