Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оны гуравдугаар сараас “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхлэсэн. Олон хүн дэмжиж, нэгдэж буй Монгол төрийн босгыг өндөрсгөх зорилготой тус хөдөлгөөний хүрээнд 100 хар үйл явдал, Хар Цагаан жагсаалт гаргахаа илэрхийлсэн нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа.

Тэгвэл 1992 оноос хойш өнөөг хүртэл улс орны нийгэм, эдийн засаг болоод ард иргэдийн амьдралд хамгийн их уршиг дагуулсан “100 хар үйл явдал”-ыг 2016 оны дөрөвдүгээр сарын 07-нд буюу энэ Пүрэв гарагт олон нийтэд маш сонирхолтой байдлаар зарлахаар болжээ.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж, хүний эрх зөрчигдөж, иргэдийн амьдрал улам бүр доройтож, цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгууль ногдуулах зэрэг үгс л илүү хүчтэй сонсогдох болсон нь хатуу үнэн.

Харин энэ бүх айдас гутланд байхгүй гэж тэд үзжээ. Тиймээс Хулгайчгүй “Монгол хөдөлгөөн”-ийхөн энэ 4 сарын 07-нд 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлахын зэрэгцээ хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулахаар болсон байна. Жагсаалд “нэгдсэн” гутал бүрийн цаана хэлэх санаа, тулгарсан асуудал байгаа бөгөөд уг жагсаалаас хүний эрх, өнөөгийн нийгмийн өнгө төрх гээд олон зүйлийг харж болох аж.

Жагсаал хүн бүрт нээлттэй бөгөөд тус жагсаалд очихдоо нэг илүү гутлаа сугавчлаад очиход л болох нь. Хэрвээ та ажлаа хийгээд, хичээлдээ суугаад завгүй байсан ч гутлаа илгээгээд үзэл бодлоо илэрхийлэх боломжтойг ч “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийнхөн дуулгалаа. Өөрөөр хэлбэл энэ сарын 7-нд гутал тань таныг төлөөлж талбай дээр “үгээ хэлэх нь”. сонирхолтой л юм.