Дууль мэт амьдрал буюу Данзаннямын Шагдарсүрэн
2016/04/17
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Базарын Магсаржавын туурвисан Монголын яруу найргийн жараад оны гол төлөөлөл Данзаннямын Шагдарсүрэнгийн тухай дурдатгалыг хүргэж байна. Эл найрагчийг бид “Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл, хээр талын хэнзхэн сарнай, би...” хэмээн эхэлдэг “Үүрд хамт байгаач, ээж ээ” дуугаар нь сайн мэднэ. 2009 онд Д.Шагдарсүрэн найрагчийн 70 насны ойд зориулж “Зүрх мартахгүй”, “Уянгын цэнхэр давалгаа” яруу найргийн хоёр ботийг нь Б.Магсаржав доктор эрхлэн хэвлүүлж байв.
“Нам гүм шөнийн тайванд
Ширээ тохойлж
Найргийн мөрөө холбох бүрий
Шатаж сууна.
Хар модны тайгад
Намар гарсан түймэр шиг
Халуун цусны минь нөөлөг
Шүлэг бүрд шингэж байна.
Гал үгүйлэх тасалгаа шиг
Хэн нэгний цээжинд
Гар цайлгах бэлэг шиг
Шүлэг минь чи очоорой.
Амь насны минь хэлтэрхийг
Мөр бүхэндээ шингээж
Ая дуун элчийг
Алаг зүрхэнд нь хүргээрэй.
Нам гүм шөнийн тайванд
Ширээ тохойлж
Найргийн мөрөө холбох бүрий
Шатаж сууна.
Хэн нэгний сэтгэлд
Илч гэрэл болох
Хэрэгцээ болж шүлгэндээ
Энэ биеэрээ шингэе”.
Энэхүү шүлгийг Данзаннямын Шагдарсүрэн хэмээх монгол найрагч 1970 оны орчим Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо аж төрж ахуйдаа бичсэн юм. Яруу найрагч шүлгээ бичихдээ сэтгэлийн ямар их эрчим зарцуулдаг, тэрхүү эрчим үнэндээ амь нас, амьсгалын тоог нь хэрхэн хэлтэлдэг, тэгээд шүлэг нь хүмүүст ямар их хэрэгтэй болдог тухай, эцэстээ яруу найрагч шүлэг найрагтаа хамаг бүхнээ өгөөд оддог тухай халуухан хэлчихсэн бүтээл дээ. Бас Монголын зохиолчид уран бүтээлээ зөвхөн хэдийд хийх боломжтой байсныг одоо үеийнхэн энэ шүлгээс харж болно. Тэр үед үнэндээ гэгээн өдрөөр шүлгээ бичээд суудаг яруу найрагч Монголд хэд байсан бэ гэж надаас асуувал хариулж мэдэхгүй юм байна. Өглөө эрт хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэх, улс төрийн сонсголд суух, ажилдаа хожимдолгүй очих, тэгээд л эцэс төгсгөлгүй, иш мухаргүй, бас заримдаа ямар ч хэрэггүй зүйлтэй талхнаасаа салахгүйн тулд ноцолдох, орой ажлын цаг дуусчихаад байхад …за, ингээд зогсъё. Тэр цагийн жирийн хүмүүс энэ түүхийг мартаагүй. Д.Шагдарсүрэн тэдний л адил амьдарч явсан. Тэгээд л үүрийн гэгээнээс гүн шөнө болтол албанд зүтгэчихээд сая л нэг юм “Нам гүм шөнийн тайванд ширээ тохойлж найргийн мөрөө” холбон шатаж суусан байнам. ХХ зууны Монголын зохиолчдын намтрыг судалж байхад бараг л бүгдээрээ наад зах нь гурван албан үүрэг гүйцэтгэсэн байдаг. Оросын яруу найрагч Евгений Евтушенко “Поэт в России больше чем поэт” гэж хэлснийг ХХ зууны Монголын зохиолчдод ч хамаатай үг гэж бодно. Их Нацагдорж, С.Буяннэмэх, Цэндийн Дамдинсүрэнгээс эхлээд өдгөө ахмад болсон үеийг хүртэл. Тэгээд л тэр цагийн зохиолчдыг бага бичсэн, тааруухан бичсэн гэж зарим нэгэн мунхаг өөлдөг байх. Лев Толстой шиг биеийнхээ чилээг гаргах гэж л үхэр шаранд анжис хөллөчихөөд газар хагалдаг байсан бол тэд маань ямар их бүтээл, дэлхийн сонгодогт бүртгэлтэй гайхамшигт зохиолууд бичих байсан бол оо?
Д.Шагдарсүрэнгийн намтрыг сөхвөл 1939 оны шороон туулай жилийн зун одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Ар гурван Хужирт гэдэг газар малчин ард Данзаннямын ууган хүү болон төрсөн юм билээ. Энэ тухайгаа тэр:
“Гишгээд гарахад минь
Хэнз цэцгийн дэлбээ гудайна
Гэрэлт орчлонд
Нэгийг тэгэхэд ухаарна гэж
Алтарсан шаргал талын
Эн тавиун зоон дээр
Асар хурмастаас
Аяархан унасан
Унасан газраасаа
Ургаж боссон
Хүний үр билээ.
Шарагдаж хүрэнтсэн
Эх нутгийнхаа хүрмэн чулуун дээр
Шалбарч шархдаагүй
Шалбалж, хад хагалж ирсэн гэж
Анх хүй цөглөсөн
Ар гурван Хужирт минь
Аяархан шивнэсэн
Аминчилж хэлсэн”
хэмээн бичсэн байдаг. Зохиолчдын эвлэлийг үүсгэн байгуулснаас яг арван жилийн дараа төрсөн байна. Явуу, Гайтав, Эрдэнэ гээд аваргууд Зохиолчдын эвлэлтэй чацуу байхад тэднээс арав дүү олон яруу найрагч байдаг юм. Д.Шагдарсүрэн цэл залуу насандаа урт насалж ихийг бүтээнэ хэмээн төлөвлөж явсан нь
“Өглөө мордсон юм
Үд болж байна
Оройхон буцна…” гэж бичсэнээс нь харагдана. Тэр дэндүү эрт буцчихсан билээ л. Тэгэхдээ тэр гайхамшигтай хүнтэй танилцаж үг сургаалыг нь сонсох, даган бишрэх богинохон боловч хугацаа өчүүхэн надад олдсон нь юутай завшаан. 1968 онд есдүгээр ангиа төгсчихөөд аравдугаар ангид орох жилийн наадмын маргааш нь би аймгийн “Сүхбаатарын зам” сониныг үзэж байтал “Наадмын маргааш намар” ч бил үү нэг нийтлэлийг Д.Шагдарсүрэн гэдэг хүн бичсэн байлаа. Лавлан үзвэл дөрөвдүгээр ангид байхдаа “Хүлгийн үүрсэх дуун” түүврийг нь олж үзсэн тэр яруу найрагч мөн.
Миний дотор баяр төрж байлаа. Саяхан “Газар усны үнэр” номыг нь олж аваад их л шимтэн байн байн уншсаар бараг бүх шүлгийг нь цээжилсэн боловч тэдгээрт чухам юу хэлээд байгааг нь гүнзгий ойлгохгүй байсныг ч хэлэх үү. Уулзана гэж хатуу шийдлээ. Дунд сургуулийнхаа уран зохиолын дугуйлангийн багш Навааншаравын Доржцэрэн багшаасаа өөр зохиолч бараг үзээгүй. Долдугаар ангид байхдаа Цэрэндоржийн Цэдэнжав гуайг аймагт ирэхэд нь сүүлд “Демьян Бедный” хочтой болсон Жамбалжамцын Төмөртогоо бид хоёр очиж хэдэн усан шүлэг шүү юмаа үзүүлсэн боловч олигтой нааштай үг сонсоогүй, яруу найргийн тухай их л мундаг бололтой юм ярихыг нь сонссон боловч ойлгохгүй байсан билээ. Гэтэл шүлэг шиг шүлэг бичих юмсан гэж бодогдоод байдаг. Бараг л маргааш нь өглөө эрт ажил цуглахаас өмнө аймгийн сонин руу гүйлээ. Сонины үйлдвэрийн намхан ягаан байшингийн гадаа үүдэнд зогсож байтал миний зүс үзсэн хүмүүс цувран ажилдаа ирсээр байв. Нэг хартал зуны богино ханцуйтай цагаан цамц, цэмцийтэл индүүдсэн трапец маягийн өмд, гялалзсан хар шаахайтай махлаг цагаан шар царайтай залуу хүн үүд зүглэв. Танихгүй хүн. Энэ л нөгөө Д.Шагдарсүрэн гэж би таалаа. Дагаад орлоо. Мэндэллээ. Намайг тогтуухан харцаар ажиглаж байна. Энгийн хүн бололтой. Би өөрийнхөө тухай жаахан ярилаа. “Бодол” нэртэй богинохон шүлгээ үзүүллээ. Уншиж үзээд хэсэг бодолхийлж байна. Их л тогтуухан хүн санагдлаа. “Утга зохиол урлаг” сонинд соёлын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав гуай сонирхолтой олон зүйл ярьсны дотор “1960-аад онд Явуу багш МУИС дээр утга зохиолын нэгдэл байгуулахад анхны гишүүдийн нэг нь байлаа. Ш.Сүрэнжав, И.Цэрэнжамц, Д.Шагдарсүрэн, П.Пүрэвсүрэн, П.Бадарч бид чинь яах аргагүй шавь нь” гээд “Агуу их Д.Шагдарсүрэн найрагчийн тухай жаахан тодруулаач” гэсэн Авгаржин Жа.Баяраагийн асуултад “Цул авьяастай залуу халуун хүн байсан. Надаас хамаагүй түрүүн шүлэг бичсэн учраас би их хүндэтгэнэ. Шагдарсүрэн архи дарс их хүртэнэ. Тэр үед чинь уран зохиолын дугуйлан тараад л багш шавьгүй Сүхбаатарын талбай тойроод шөнөжин шүлгээ уншаад алхацгаана шүү дээ. Бүр өглөө болгоно…Гаадамба багш хүртэл нийлээд алхчихна. Шагдарсүрэн найрагч халуун шүлгээ бадрангуй уншина. Цэл залуугаараа өнгөрсөн дөө” гэсэн байна. Миний анхны сэтгэгдэл, нас барах хүртэл нь уулзаж учирч явахад биеэ авч явсан байдал нь дээрх дурсамжтай тохирохгүй байгаа юм. Гэхдээ “Хүлгийн үүрсэх дуун” номын нь шүлгүүдийг одоо уншихад сэтгэлийн халуун нь мэдрэгдэж байна.Тэрбээр омог зориг, сэтгэлийн халуунаа шүлгэндээ л шингээж байхыг эрхэмлэх болсон биз ээ. 60-аад онд дээрээс тавьсан дэгээнд бүдэрч яруу найрагчийн сэтгэл бэртсэн, тэр нь эмзэглүүлдэг байсан ч байж болох. “Хүлгийн үүрсэх дуун” бол авьяас ханхалсан ном. Явуу авьяасгүй хүний номыг эх барьж авдаггүйг би нэг хоёроос бусад тохиолд баталж чадна. Тэгвэл “Хүлгийн үүрсэх дуун” бол бараг л анхных нь байж магадгүй. Судалж батлах хэрэгтэй. Гэтэл тэр номыг “Хүлгийн үүрсэх дуун”-аас “Мөнгөн хазаарын чимээ” л сонсогдож байна. Хүний амьдралыг тэр чигээрээ бэрхшээл гэж. Монголын залуучуудыг эрэг мөргөж ухааждаг гэж үзэл сурталгүй шүлэг бичдэг Д.Шагдарсүрэн гэхчилэн Залуу зохиолчдын анхдугаар зөвлөлгөөний гол илтгэлд давшилсан нь түүний сэтгэлийг шархлуулсан болов уу. Ямар боловч намайг уулзахад тэр хөнгөн дэврүүн бус бодлогошронгуй, хүлээцтэй, бас үе үехэн гуниглангуй болчихсон байсан сан.
“Аяа, хүний сэтгэлд
Түмэн бодол бууна
Атар яваа сэтгэлд
Хашир аажуу сууна
Эрэг мөргөж явсаар
Аяндаа хүн ухаарна
Ийнхүү нэг өдөр
Аавын хүү томоожно” хэмээн аль хэдийнэ өөрөө биччихсэн нь биелсэн ч юм уу.
Залуу зохиолчдын анхдугаар зөвлөлгөөний гол илтгэлд түүн рүү давшилсан нь “Гурван нуурын хөвөөнд” шүлгээс нь болсон ч байж магадгүй. Энэ тухай тусад нь бичих хэрэгтэй. Чингис хааныг ихэд хүндэтгэж явдаг нь нэг удаа надад “Тэр хүний ачаар л одоо алгын чинээ газартай байгаа шүү дээ” гэж хэлснээс нь мэдэгдэж байгаа юм. Тэр хүн намайг дэргэдээ авах гээд хүч хүрээгүй, шүлэг, өгүүллэг, нийтлэлүүдийг минь голдуу өөрийн эрхэлдэг сонин, бас “Утга зохиол урлаг” сонинд нийтлүүлж, Явуу зэрэг нэрт хүмүүст захидал бичиж тусалж дэмжихийг хүсэж байсан, анхны минь номыг Зохиолчдын хороогоор батлуулж, хэвлүүлэх эрхтэй болгочихоод тэнгэрт хальсан гээд олон явдлыг энэ бяцхан дурсамжид багтаан бичих аргагүй. Ер нь түүний тухай, уран бүтээлийн нь тухай нэг хэсэг өгүүлэл байтугай нэг боть номд ч багтааж бичих боломжгүй. Эхэлж байна гэж найдацгаая. Харин түүнийг бадарч явахад нь дэмжиж, багтарч явахад нь түшиж, өнгөрснөөс нь хойш номыг нь эмхэтгэн хэвлүүлж сайн сайхныг нь дурсан бичсэн П.Пүрэвсүрэн ах, Ш.Дулмаа гуай, Ш.Сүрэнжав гуай, П.Бадарч гуай, Д.Нямаа гуай, Амбасэлмаа гуай нартаа болон бусад зохиолч нөхдөд нь чин сэтгэлээс талархдаг билээ л.
“Буйдхан хээрийнхээ цэцгийг
Тормолзон ганхаад байхлаар
Булшин дээр чинь би
Цэцэггүй ирлээ, ах минь”. Энэ шүлгийг би вээр (1977 оны долдугаар сарын сүүлчээр шиг санаж байна) Улаанбаатарт ирээд Шагаа ахын шарилыг эргэхээр зэхэж байхдаа бичсэн юм. Түүний шарил дээр намайг Ш.Долгорлхам дагуулан очоод ихэд уйлж байсан юмсан. Булшны нь шорооноос атгыг авч уутанд хийгээд муу ээжид нь аваачиж өгсөн. Хөөрхий эх бас л уйлж байж билээ. Хожим Орост байхдаа “Хөдөөгийн агаар” тэргүүт шүлгүүдээ зориулж байлаа. “Мөчрөө чагнах үндэс” номонд минь орсон. Эх нутгаа санан уйтгарлах сэтгэлээс минь Шагаа ах гарахгүй л байсан.
“Найрагч Шагдарсүрэнгийн алхаж явсан газар
Намрын шар өдөр тогоруудын гунигтай нутаг” хэмээн О.Дашбалбар “Баруун-Урт минь” шүлгээ түүнд зориулж бичсэн. Балбар бид хоёр зарим асуудлаар санал нийлдэггүй боловч Шагаа ахын тухайд, уран бүтээлийн нь тухайд үргэлж санаа нэгтэй байсан. Балбар Шагаа ахыг мөн л над шиг хайрлаж байсан. Хотод нас барсныг нь дуулаад би Балбарыг эмнэлгээс дагуулаад ээж дээр нь гүйж очиж хамт уйлж байсан сан. Тэр намар ээжийн нь хадгалж байсан, нийтлүүлж амжаагүй шүлгийн дэвтрийг гуйж аваад дэргэд нь шөнө хугаслан хоёулаа бие биедээ ээлжлэн дуудаж өгч байж хоёр хувь хуулж авч байж билээ. Өвөл нь ч бил үү тэр шүлгүүдийг П.Пүрэвсүрэн ахыг ирэхэд өгсөн билээ. Пүүжээ ах заримыг нь “Уянгын цэнхэр давалгаа” номд нь оруулсан байдаг.
“Энхрий нөхөр минь ээ, чинийхээ тухай
Эмгэнэлээ тайлж шүлгээ бичье.
Анд нөхөртөө зориулж өөрийн л босгож чадах
Амьд хөшөөний суурийг бадгаараа өрье.
Орчлонгийн цэнгэлийн гашуун нуурт ганганаж байсан
Олон шувууны нэг минь ээ,
Амьдралын жолоог атгаж ч явсан, алдаж ч явсан
Арван хурууны нэг минь ээ,
Ийм болохоо мэдэлгүй сайдаж, муудаж явсан
Ихэр биеийн өрөөсөн минь ээ,
Холдоод удвал саналаа гээд сандарч явсан
Хос зүрхний нэг минь ээ!
Баяртай!
Бараагий чинь дахин харахгүй,
Яриагий чинь дахин дуулахгүй
Дэлхийн ямар ч шуудангийн захидал хүрэхгүй
Дэндүү холд чи минь явчихлаа...” гэж Р.Чойном харамсан бичиж байлаа. “Данзаннямын их Шагдарсүрэнгийн дурсгалд” шүлэг нь “Сүмтэй будрын чулуу” номонд хэвлэгдсэн билээ. Энэ мэт олон дурсамж дурдатгал, шүлэг найргийнх нь тухай ярьж болох юм.
Эх сурвалж: ddn.mn