Туркийн соёлын өдрүүд арга хэмжээ гурав дахь жилдээ Улаанбаатар хотод болох гэж байна. Тус арга хэмжээг БНТУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 22-29-ны өдрүүдэд долоон гол бүрэлдэхүүн хэсэгтэй болох талаар өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.

Нэгдүгээрт: Нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон Улсын Хүүхдийн баярын өдөрт зориулсан баярын тоглолт энэ сарын 22-нд Хүүхдийн Урлан төвд болох юм. Мөн гар зураг, зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахаас гадна “Өнөр бүл” асрамжийн газарт гарын бэлэг гардуулах гэнэ.

Хоёрдугаарт: Туркийн кино долоо хоног арга хэмжээ Тэнгис кино театр болох бөгөөд онц сонирхолтой кинонуудыг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой юм.

Гуравдугаарт: Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад энэ сарын 24-26-ны хооронд айлчлах юм. Тэрбээр Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтын талаар холбогдох байгууллагуудын хүмүүстэй уулзах гэнэ. Истанбул хотын захирагч Кадыр Топбаш нь 15 жилийн хугацаанд тус хотыг удирдаж байгаа юм.

Дөрөвдүгээрт: Дарданелийн хоолойн тулалдааны 101 жилийн арга хэмжээ болон хүндэтгэлийн хүлээн авалт болох юм.

Тавдугаарт: Монголын Урчуудын эвлэлийн хороонд Турк улсыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм.

Зургаадугаарт: Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи СУИС болон Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудад мастер хичээл заах юм. Тэрбээр энэ сарын 29-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах ажээ.

Долдугаарт: Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз МУИС-д энэ сарын 27-нд лекц унших гэнэ.

Түүнчлэн Туркийн эдийн засгийн чуулга уулзалт болох бөгөөд тус улсын Шадар сайд манай улсад айлчлах болсон талаар мэдээлсэн юм.

Т.Буянаа