БОЛОВСРОЛЫН ХУВЬСГАЛ

Та юугаар бахархдаг вэ? гэж хүн бүрээс асуувал өөр өөрсдийнхөө хариултыг хэлэх байх. Гэхдээ ихэнх нь эх орон, Чингис хаан, монгол наадам, олимпын аваргуудаар гэж хариулдаг. Ер нь бахархал гэж юу юм бол оо? Тэгвэл монгол наадмын бахархал омогшил нь юу юм бол.

Монгол хүн “Аварга, арслан , заануудын уран мэхэнд өндөлзсөн, аргамаг хүлэгт хүүхдүүдийн гийнгоон түрлэгт омогшсон, эрхий мэргэн харваачийн цэц мэргэнд уухайлсан дэлхийд ганцхан монгол наадам” гэж наадмаараа омогшиж бахархдаг. Иймд монгол хүний наадмын бахархал нь морь, бөх, сурын харваа.

 

Уг нь монгол наадам анх Хүннү гүрний үед дайн байлдаанд цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах, морьдоо бэлтгэх зорилготой үүсжээ. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл гэж үздэг учраас газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд дээрх гурван чадвар зайлшгүй хэрэгтэй байсан цаг үе. Мөн тэнгэр газраа тахих ба хүн ам, мал унаагаа бүртгэн найр хурим үүсгэж наадамладаг байв. Тэгэхээр наадам нь дайн байлдаанд бэлтгэх, хүн , малаа бүртгэх, морь малдаа гаршуулахаас үүдэн үүсэж, аажмаар үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш үндэсний баяр наадам болжээ.

Харин одоо үед монгол наадмыг хүчит бөх, хуушуур, соёолон морьдын тоосгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж хэлэх нь монгол хүн бүрийн амны уншлага болж дээ. Үнэхээр л соёолонгийн тоосонд даруулаад, бөхийн хөлсөнд хүрээд монгол хүний хийморь сүлд гэдэг нь бадраад үйл ажил нь тэгширдэг юм бол эх орон минь өдийд хөгжиж цэцэглэсэн, боловсорч мэдлэгжсэн байлтай. Аргагүй ч биз дээ төрийн түшээд нь хүртэл хурдан морь уяж уралдуулан “... эрхэм гишүүний тийм зүсмийн соёолон айрагдлаа”, эс бөгөөс наадмын зүлэг ногоон дэвжээнийхээ асарт наадмаа үзэн суугаад түрүү бөхийн шагнал авахаар гарч ирэхэд нь эрхэм түшээдүүд уралдаж зүтгэн байж хөлсөнд нь хүрч байх жишээтэй. Ингээд бодохоор “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэдэг л болж байх шив дээ.

Монголчууд бид омогшиж, бахархах нь ихдээд байгаа юм биш байгаа даа гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Уг нь “Омогшил” гэдэг нь бардам дээрэнгүй зан, “Аархал” гэдэг нь ааг омогтоо эрдэн дээрэнгүй зан гаргах, “Бахархал” гэдэг нь сэтгэл хангалуун болох гэсэн утгатай үгс. Тэгэхээр наадмаараа омогшоод бахархаад байна гэдэг нь монгол наадмаараа онгирч аархсан гэсэн утгатай болчихож. Үгэнд учир суманд гичир гэж ...

Монголчууд бид дээдэс доодосгүй Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам гэж өнгөрсөн түүхээрээ бахархахаас өөр зүйлгүй болчихсон гэж үү.

Монгол улсын иргэн болсон та бид өнгөрснөө дурсан санагалзсан, соёолонгийн тоосонд даруулбал хийморь сүлдтэй болчихно гэж мунхарсан, сүсэглэж залбирахаас цаашгүй хүлцэнгүй сул дорой нэгэн болсоор байх гэж үү. Наадмын өглөө соёолонгийн тоос үзэхээр бүгд нэгэн зэрэг зориглон хөдөлдөг шигээ эх орныхоо хөгжил, өнөөдрийн төлөө ихийг хийж, сурахын төлөө, ирээдүйд хийсэн зүйлтэй бахархах шинэ түүхийг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэмээр.

Чингисийн Монгол гэж чээжээ дэлдэж бахархсан, шинэ зууны дэлхийн түүхэнд ХIII зуунд бүтээсэн түүхээ худалдаж идсэн Монголоор шинэ Монголын түүхийг дуусгахгүй юмсан.

 

Х.Батцэцэг