Оросын эдийн засагч Владислав Гинькогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Монгол Улс өрийн ангал руу улам гүнзгий шигдэж орсоор байна.

Засгийн газраас өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 55 хувьд тавьсан ч өдгөө 78 хувьд хүрчээ. Сүүлийн зургаан жилд Монгол Улс зээлийн хэмжээгээ гурав дахин нэмсэн аж. Өдгөө тус улсын эдийн засаг жилд 11.8 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ үзүүлэх боломжтой ч 22.6 тэрбум ам.долларын өрөнд оржээ.

Ингэхдээ Засгийн газрын бондын үндсэн эзэмшигч нь бүхэлдээ Америкийн эрсдэлийн сангууд байдаг. 3.5 сая хүн амтай Пуэрто-Рико улсын Засгийн газар 72 тэрбум ам.доллар зээлж ийм байдалд ороод зээлдэгчдийн хатуу байр суурьтай тулгарч, сүүлчийн центээ хүртэл шавхаж байсан билээ.

Зэс, төмрийн хүдэр зэрэг нөөц баялаг ихтэй Монгол Улс өмнө нь экспортын бараа бүтээгдэхүүнийхээ үнийн уналтаас болж цохилтод орсон. Харин алтны үнэ энэ оны эхнээс 23 хувиар нэмэгдсэн нь байдлыг арай дээрдүүлж байна.

Гэхдээ АНУ Монгол Улсын санхүүгийн байдал хүнд байгааг ашиглаж, тус улсын үндсэн баялгийг хяналтдаа авахыг оролдож буйд анхаарах хэрэгтэй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Улаанбаатарт айлчилсан. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсыг “Ардчиллын баян бүрд” хэмээн нэрлээд, төр засгийн залуу сөрөг хүчний удирдагчидтай уулзсан билээ.

Өрийн хямралд орсон улс орнуудыг АНУ-ын зүгээс хэрхэн дэмждэг уламжлал нь тодорхой. Энэ бол шинэ зээл. Гэхдээ Украины жишээн дээрээс харж байхад Вашингтоны зүгээс үзүүлж буй хэдэн тэрбумын шинэ зээл нь байнга л Америкийн Цагаан ордонд ашигтай улс төрийн найр тавих шаардлага, шахалтыг араасаа дагуулдаг. Харин АНУ-ын Төрийн департамент дахь сонирхол улам бүр нэмэгддэг гэхэд болно. Саяхан буюу энэ сарын 15-нд л гэхэд Америкийн Батлан хамгаалах яамны Зүүн Азийн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Абрахам Денмарк Улаанбаатарт Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэлэлцээ хийсэн билээ.

politik.mn