АН-ын даргын сонгууль савнаасаа халина даа...
2016/12/13
Ардчилсан Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр 10:00 цагаас эхэлсэн ба 17-ны 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр энэ сарын 19-ний өдөр гэхэд нэр дэвшигчид тодорхой болж үнэмлэхээ гардан авах болно.
Ингээд сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн, ирэх сарын 28-нд дуусах юм. Сурталчилгааны ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах бөгөөд нэр дэвшигчид бие дааж дангаараа сурталчилгаа хийхгүй гэдгийг тус намын удирдлагууд мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, 9 дүүргээр нэр дэвшигчид хамтдаа явж намын 180 мянган гишүүн сонгогчидтой уулзах маягаар сурталчилгааг зохион байгуулах юм байна. Гэвч сонгуулийг намын дүрмээр барьж хайрцаглах энэ бодлого савнаасаа халилгүй явж чадах уу гэдэг дээр эргэлзээ байна. Улс даяар харж, хүлээж байгаа энэ онцгой үйл явдалд хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлээд энгийн иргэд эсрэг нам хүртэл ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэх баталгаа бий юу гэсэн асуулт гарч ирнэ.
Түүнчлэн нэр дэвшигчдийн хэн нэгэн дүрмийн дагуу дангаараа сурталчилгаа хийлгүй, шударга байлаа гэхэд нөгөө нэг нь бусдыг далдаас удирдан ямар нэг хэлбэрээр сурталчилгаа хийхгүй гэх баталгаа байхгүй. Энэ тохиолдолд нотлоно гэдэг бэрх. Учир нь энэ бол төрийн сонгууль биш. Тиймээс хөндлөнгийн этгээдэд хариуцлага тооцох боломжгүй бөгөөд сонгуулийн тухай хууль үүнд хамаарахгүй. Ялангуяа хэвлэл мэдээллийнхнийг болон намын гишүүн бус иргэнийг намын дүрмээр хязгаарлах боломжгүй. Бодит амьдрал дээр ирэх сарын 29-ний өдөр хүртэл яаж ч цензурдээд нэр дэвшигчид хэвлэлээр болон бусад арга хэлбэрээр сурталчилгаагаа хийж л таарах болов уу.
Тэр тусмаа дүрмийн дагуу нэр дэвшигч сурталчилгааны зардлыг гаргана. Улмаар “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо”-ноос сурталчилгааны нийт зардлыг тооцоолоод, нэр дэвшигчид тэнцүү хуваан зарцуулна гэж байгаа. Тиймээс үргүй зардал гаргахыг хэн хүсэх билээ.
Уг нь АН-ынхан энэ удаад хайрцаглагдах бус нийгэмд ардчилал гэдгийг ойлгуулж байж л бодит сонголтоо хийх боломжтой харагдаад байгаа юм. Бас нөгөө талаас намынхаа нэр хүндийг бодож болгоомжилж байгаа нь ч зөв. Шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүдээс бусад нь намын дүрэмд захирагдахгүй тул саналд яаж нөлөөлөхийг хэн ч таашгүй юм. Шударга зарчмаа баримтлаад шударгаар өрсөлдвөл энэ асуудлыг хөндөх ч шаардлага алга. Гэвч энэ нь боломжгүй л харагдаад байна.
Ямартай ч Ардчилсан намын даргын хэлснээр нэгдүгээр сарын 29-нд нэг нь дарга болж, 30-нд сонгогдсон удирдлагуудаа дэмжиж бүгдээрээ нэгдэх нь зөв. Гагцхүү савнаасаа хальсан сурталчилгааг хэн яаж хязгаарлах нь л тодорхой бус байна.
Эцэст нь сануулахад, өчигдрөөс эхлэн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэлсэн. Сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд л саналаа өгөх эрхтэй юм билээ.
Д.Билгүүн
www.bataar.mn
шаабар · 2016/12/13
Хуучин сонгуулийн хороо асуудлыг будилуулдгаараа л будилуулна. Эцсийн дүнг яаж ч хэрхээ хэнд тааруулахаа тэд мэднэ. Сурталчилгаа яахав ээ явдгаараа л явна биз. Гол нь нэр дэвшигч бүрт тавьж буй мөнгөнд гол учир бий. Өөрөөр хэлбэл нам маань мөнгөтэй хүний түрийвчинд ордог хуучин байдал хэвээрээ л үлдэнэ. Гишүүд хэрхэн татвараа төлсөн саналаа хэнд өгснийг хянах бололцоо байхгүй. Гишүүдийн өмнөөс татварыг нь төлөөд үнэмлэхийг нь авч өгөхөөс эхлээд нэр дэвшигчийн дэнчингийн мөнгийг гаргалцах гэхчлэн олон арга байна доо.