Засгийн газарт хувьцаа шилжээгүй ч эрх мэдэл шилжих нь
2017/03/30
-Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ-
Монголын улс төрд сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд дунд хариу нь эцэслэгдээгүй нэг бус асуудал байгааг хэвлэлүүд онцолж байна. Ардаа асуултын тэмдэг дагуулсан тэдгээр үйл явдлын нэг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын шийдвэр юм. Хувийн хэвшлийн өмчлөлд худалдааны хэлцлийн дагуу шилжин очоод байсан 49 хувийг төрд авах нь зүйтэй гэсэн УИХ-ын тогтоол нь өмчлөгч талын хүсэл, сонирхол, эрх ашгийг үл хэрэгсэх байдлаар гарсан төдийгүй үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Засгийн газрын зүгээс дорвитой тайлбар хэлэлгүй өчигдрийг хүрсэн юм.
Харин өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо. Энэ хүртэл Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг томилсноос өөрөөр ямарваа алхам хийгээгүй явж ирсэндээ адгасан мэт яаран сандран дээрх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болж орхив. Учир нь өнөөдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй байтал Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийг шууд 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болж байна. УИХ-ын холбогдох тогтоолд 49 хувийг арай ч шууд авах утга агуулагдаагүй бөгөөд төлбөрийг зохих байдлаар тооцох тухай заалт тусгагдсан нь цагаан дээр хараар зурайж буй. Монгол зэс корпораци ОХУ-ын талд 440 сая ам.долларыг төлж 49 хувийг авсан бөгөөд төр энэ хэмжээний төлбөрийг тус компанид өгч байж өмчийг нь авах нь зүй гэсэн ойлголт олон нийтэд бий болоод байв. Төр, хувийн хэвшлийн хооронд санхүүгийн төлбөр тооцооны асуудал яригдана, үүний дараа хувьцааг шилжиж, хувь эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж таарна гэсэн хүлээлтэд өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүй юм. Тэрчлэн асуудал хууль эрх зүйн маргаан дагуулж, Үндсэн хуулийн шүүх буюу Цэцэд очоод байгаа учраас эцсийн шийд нь хараахан гараагүй гэж олон нийт ойлгож байв.
Засгийн газар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарах, түүнийг УИХ-аар хэлэлцэх зэрэг цаашдын шат дараалсан үйл явцуудыг харзнаж байгаа болов уу гэсэн таамаг ч байсан. Гэвч УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг гэнэт яаравчилж, төлөөллийн удирдлагыг шууд төрд авахаар болчихлоо. Цэцийн дүгнэлтийг хүлээхгүйгээр түргэвчиллээ ч арга хэмжээний шат дараалал гэж зүйл баймаар. Хоёр тал бүрэн ойлголцолд хүрэх, төлбөр, тооцооны асуудлаа эцэслэх, хувьцааг шилжүүлэх, тэгээд дараа нь ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөх гэх мэт логик дараалал бүхий уялдаа холбоо үнэндээ харагдсангүй. Тийм ч учраас энэ нь хууль зөрчсөн үйлдэл болон хувирахдаа хүрч буй хэрэг.
Одоохондоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн өмчлөлийн эрх Монголын зэс корпорацид байгаа нь үнэн. Үүнийг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой дараа дараагийн алхмууд тус компанийн төлөөлөлгүйгээр ТУЗ дээр яригдах нөхцөл байдал үүсч байна. УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол үүсээд байгаатай зэрэгцээд Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэх дараагийн маргааныг дагуулахаар болчихлоо. Нэг үгээр бол төр хувийн хэвшлийн өмчийг “дээрэмдэх” хэлбэр рүү халтирч байгаа бол харамсалтай.
Угаас Монголын зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан ажиллагаанд холбогдох Засгийн газрын шийдвэрүүд хууль зөрчсөн гэж УИХ үзэж байгаа бол тухайн үеийн танхимын сайдуудтай хариуцлага тооцох ёстой болохоос бус хувийн хэвшилд “сахилгын арга хэмжээ” авч, өмч хөрөнгийг нь хураах нь зүй бус гэсэн шүүмжлэл өрнөсөөр ирсэн. Хууль зөрчсөн асуудлыг залруулах нь зүй боловч үүний тулд төр засаг нь дахиад хууль зөрчих, цаашлаад дээрэм мэт арга ажиллагааг хэрэглэх нь зохисгүй гэсэн шүүмжлэл үүний араас дагалдах нь тодорхой болов уу.
Уул уурхайн баялгийг төр эзэмшсэн тохиолдолд “Төр” гэдэг нэрийн цаана хэдхэн хүний эрх ашиг явдаг жишээг өнгөрсөн зууны Африкийн улс орнуудын түүх харуулдаг юм билээ. Өнөөдөр л гэхэд “Эрдэнэт”-ийн ТУЗ-д төрийг төлөөлж буй ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгийн хувь эзэмшдэг даатгалын компани тус үйлдвэрийн зарим төрлийн даатгалыг тендергүйгээр авахаар болж байгаа гэх яриа сонсогдож л байна.
Баялгийг ард түмэнд тэгш хуваарилах ёстой гэсэн массын сэтгэхүйд нийцэж, нийгмийн тодорхой хэсгээс дэмжлэг аваад байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан иймэрхүү байдлаар шийдэгдэх гэж байгаа бол эцэстээ Засгийн газрын нэр хүнд л хохирч дуусах вий дээ.
Зочин · 2017/03/30
Битгий уйлаало
Зочин · 2017/03/30
Битгий уйлаало