Уул уурхайн салбараас  улсынхаа төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа энэ цаг үед бид бүхэн  нөхөн сэргээлтэд анхаарал хандуулах нь зүйн хэрэг.  

Тэгвэл нөхөн сэргээлт төдийл сайн хийгдэхгүй байна.  1992 оноос хойш нийт 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн компани 19292.6 га талбайд олборлолт явуулсан байна. Үүнээс 9541 га буюу 49.5 хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийж үлдсэн хувьд нь нөхөн сэргээлт огт хийгдээгүй аж. Мөн биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай 23.2 хувьтай байгаа гэнэ. 2012 оны байдлаар эвдэрч орхигдсон газар улсын хэмжээнд 4320 га талбайг хамарч байгаа юм. Нөхөн сэргээлт хийгдсэн талбай тал хувьдаа хүрэхгүй байгаа бөгөөд сүүлийн үед нөхөн сэргээлт 23 хувь орчимд байгаа нь хэт доогуур үзүүлэлт юм. Үүний нэг шалтгаан нь уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа дууссаны дараа буюу уурхай хаагдсаны дараа нөхөн сэргээлт явуулахаар тусгасан байдаг нь ийнхүү нөхөн сэргээлтээ хийхгүй удахад хүргэдэг гэнэ.

2013 онд нийт 1500 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Уул уурхайн сайдын багцад тусгагдсан нэг тэрбум төгрөгөөр Баянхонгор, Өвөрхангай аймгуудад 150 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийх юм байна. Тэгвэл Өвөрхангай аймагт нөхөн сэргээль яагаад тааруу байгааг  тодруулан хүргэе.  Өвөрхангай аймагт уул уурхайн ашиглалтын 22, хайгуулын  59 лиценз бий. Үүнээс алтны дөрөв, нүүрсний нэг уурхай ажиллаж байна. Уянга сумын Өлтийн хөндийд 1992 оноос хойш алт олборлож эхэлсэн. Одоо ч алт ухсаар л байгаа. Өмнө нь, олборлолт хийсэн талбайдаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө эхлээд сорчилж олборлоод  лицензийн талбайгаа бичил уурхай эрхлэгчдэд түрээсэлж нөхөн сэргээлт хийх ажлаа даатгаад явдал гарч байна.  Гэтэл тэдэнд нөхөн сэргээлт хийх чадал хөрөнгө байдаггүй.  Иймд  жилд ганц хоёр техниктэй  40-50 бичил уурхай эрхлэгчид ажилладаг болсон нь асуудал болоод байгааг эх сурвалж хэлсэн.  

Манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жилд эвдсэн газрынхаа 80-аас доошгүй  хувьд нь нөхөн сэргээлт хийх ёстой байдаг.  Харамсалтай нь техникийн  сэргээлтээ хийгээд орхидог газар байдаг ажээ.  Уг нь баялагыг нь ашигласан бол эхлээд техникийн дараа нь  биологийн  нөхөн сэргээлт хийх ёстой.  Тэгтэл өнөөдөр уурхайд ашигласан усныхаа нуур цөөрмийг дарж тэгшлэхгүй явдал гардаг. Мөн  голын өөрчилсөн гольдиролыг урд байсан хэмжээнд хийгээгүйгээс үер усанд эргэж эвдрэх үзэгдэл бий. Тэгэхээр  зөвхөн нэг удаа хийгээд явахгүй. Дараа жилүүдэд нь дахин нөхөн сэргээлт хийлгүүлэх шаардлагыг орон нутгийн удирдлага тавих нь зүйн хэрэг болоод байгаа юм.  

Дэлхийн хэмжээнд хамгийн анхны нөхөн сэргээх ажлыг 1926 онд АНУ-ын Индиана мужид хуучин уурхайд байсан газарт хийсэн байдаг. Олон улсад уул уурхайн зориулалтаар ашиглаж байсан газрыг нөхөн сэргээхэд моджуулах, бутлаг ургамал тарих замаар эрүүлжүүлэх, сэргээхэд голлон анхаардаг болж байна. Зүгээр нэг булаад өнгөрчихгүй тухайн бүс нутагт, экологийн таагүй нөхцөлд ургах чадвартай мод, бут тарина. Тарьсан болоод хаяад явчихгүй 10-12 жил хяналт тавьж, усалгаа, бордоо зэргээр хангаж өгдөг.

Өнөөдөр манай улсад нөхөн сэргээлт хангалтгүй хийгдэж байгаа энэ цаг үед төрийн болон ТББ-ууд хамтран нөхөн сэргээлтэд анхаарал хандуулах цаг болсныг энэхүү нийтлэлээрээ сануулж байна.  

А.Баярмаа