Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд, гавъяат эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан “Чингис хааны одон”-т Д.Содном өчигдөр оюутан, залуустай нээлттэй уулзалт хийлээ. Уг уулзалтыг Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн залуучуудын холбоо зохион байгуулсан бөгөөд уулзалт Монголын Залуучуудын Холбооны төв байранд болсон юм. Энэхүү уулзалтын үеэр тэрбээр Монгол улсын нийгэм эдийн засаг, улс эх орны өнөөгийн байдлын талаар ярьсан бөгөөд залуусын асуултад дэлгэрэнгүй хариуллаа.

Тэрбээр хэлэхдээ “Улс орон хөгжиж байна. Ард түмэн хичээж байна. Гэхдээ энэ хөгжил хэр бодитой, үр дүнтэй, наалдацтай вэ гэдгийг хаа хаанаа бодож үзэх хэрэгтэй” гэв. Эдийн засгийн өнөөгийн байдлын нөхцөл байдлын талаар түүний яриа “Чингис бонд”, Оюутолгойн гэрээ, Тавантолгойн ашиглалт зэрэг асуудал хөндсөн сэдвүүдээр үргэлжилсэн юм.

Мөн түүнчлэн төрийн тогтолцооны талаар ярихдаа “Засгийн эрх ард түмний мэдэлд биш намуудын мэдэлд орчихоод байна. Энэ байдлыг засах хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа. Түүний хийсэн энэ удаагийн уулзалт оюутан залууст нэлээдгүй мэдлэг, мэдээллийг өгсөн бөгөөд оролцогчид Ерөнхий сайд асан Д.Содном гуайгаас сонирхсон асуултаа тавьж байлаа.

Уулзалтын дараа Д.Содном гуайтай цөөн хором ярилцсан юм

-Юун түрүүнд уулзалтын талаар сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-За өнөөдрийн уулзалт сайхан боллоо. Улс эх орны ирээдүй болсон залуу үеийнхэнтэйгээ уулзаж өнөөгийн нийгэм, эдийн засгийн талаар өөрийн бодлоо хуваалцах сайхан боломжийг олгосон Монголын Залуучуудын Холбоо, тэр дундаа Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн залуучуудын холбооныхонд талархаж байна.

-Таны бодлоор уулзалтад залуу үеийнхэн маань ямар асуудлыг илүү ихээр ярьж байна?

-Ерөнхийдөө тэд маань улс орны ирээдүйн төлөө нэлээд санаа зовнисон байдалтай байгаа санагдаж байна. Арга ч үгүй  байх. Гэхдээ Монгол улсын ирээдүй бол энд байгаа залуучуудаас бүгдээс нь хамаарна. Тиймээс залуучууд маань зүгээр ирээдүйдээ санаа зовоод суух бус дор бүрнээ эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө ариун шудрагаар хөдөлмөрлөх, хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.

-Та түрүүнд өнөөдрийн төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж хэлсэн. Төрийн тогтолцоог өөрчлөх ямар арга зам байгаа вэ?

-Ард түмний дуу хоолой болж, тэдний төлөө ажиллахаар УИХ-д суух гишүүдийг ард иргэд шууд сонгодог болох хэрэгтэй л дээ. Одоогийн тогтолцоогоор бол УИХ-д суулгах хүмүүсээ иргэд биш намууд шийдээд байгаа. Өнгөрсөн сонгуулиас эхлээд бүр иргэдээс ганц ч санал аваагүй нөхдүүд намынхаа саналаар Их хуралд суудаг болчихлоо. Энэ нь ард түмний шууд сонголт хийх боломжийг хааж байгаа гэсэн үг. Хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг УИХ-д сонгох вэ гэдэг асуудал ард түмний мэдэлд байх хэрэгтэй. Түүнчлэн би бодохдоо гишүүдийн тоог нэмж бүр олон болгоод УИХ-ыг хоёр танхимтай болговол зүгээр гэж бодоод байгаа юм. Тэгээд яг ард түмний саналаар нэр дэвшээд, сонгогдоод гараад ирсэн гишүүд сонгогдсон тойрог, аймаг орон нутагтаа ажиллаж амьдардаг баймаар байна. Жишээ нь хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд тэр нутаг орондоо ажиллаад, жилдээ 2-3 удаа ч юм уу ирж чуулгандаа оролцдог, ажлаа тайлагнадаг байвал зүйтэй юм болов уу.

-Одоо ухаалаг төрийн талаар их ярих болж. Таны бодлоор ухаалаг төр гэж яг ямар байх ёстой юм бэ?

-Би энэ “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг санаачлагыг их зөв зүйтэй санаачлага гэж бодоод байгаа. Төр ухаалаг байна гэдэг нь төрийн бүх түвшиний алба хаагчид ухаалаг, эелдэг байхыг хэлнэ.

-Энэ уулзалтын үеэр залуучууд эдийн засгийн асуудалд их анхаарч байх шиг надад санагдлаа. Ялангуяа “Чингис бонд”-ын талаар илүү сонирхож байна.

-Тийм байна. Санаа зовнилтой байна. Миний бодлоор энэ бондоор мөнгө босгоно гэдэг бол тийм муу санаачлага биш. Гэхдээ тэр мөнгөний зориулалт дээр би шүүмжлэлтэй хандаад байгаа. Яагаад гэвэл бондын мөнгийг зарцуулахдаа тэр орж ирсэн зээлээ эргүүлж төлөөд дээрээс нь ашигтай олж  болох эх үүсвэртэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бондоор орж ирсэн мөнгийг тийм эх үүсвэртэй зүйлд зарцуулж чадаагүй байх гэж би санаад байна. Одоо л харин үйлдвэржилтийг дэмжих төсөл шалгаруулах гэж байгаа байх. Миний сонссоноор 1000 гаруй төсөл ирсэн гэв үү дээ. Ирэх сард шалгарсан төслүүдийг санхүүжүүлнэ гэж байх шиг байна.

-Ярилцсанд баярлалаа. Урт насалж удаан жаргаж залуучууддаа үнэтэй үг, сургаалиа илүү ихээр хайрлаарай гэж хүсье.

-За баярлалаа. Аль болох л ирээдүйн эзэд байсан залуучуудтайгаа ойр байхыг бодноо.

М.Хувьтөгөлдөр