Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө буюу жижиг үйлдвэрлэгчдэд зориулагдсан зээлийг эздэд нь өгүүлэхгүй дундаас нь завшигчид гарч ирсэнд ихэд харамсаж ямар муухай хүн чанараа алдсан, хууль дүрмээ зөрчигчид хаанаас гараад ирвээ хэмээн эргэлзэн сонссон чинь, ард олон сонгогчдын итгэл хүндлэлийг авч сонгогодсон УИХ-ын гишүүдэд болон эдэнтэй адилхан сайд дарга нар сүргээрээ сууцгааж байх юм.

Сүргээрээ гэж зориуд тодотгосон нь улсын баялаг болсон мал руу дайрч идэж сүйтгэдэг сүрэглэсэн чононуудтай адилтгасан нь миний хувьд хэтрүүлэг гэж үзсэнгүй. Жижиг дунд үйлвэрлэгчдэд зориулагдсан сангийн хөрөнгө буюу хуулиар тогтоосон бага хүүтэй зээл жинхэнэ эзэндээ очсон бол өргөн хүрээтэй үр дүн өгөхийг тоочоод баршгүй. Энэ зээл жижиг бизнеменүүдэд ашиглагдах зориулалттай тул олон хүмүүс авцгааж бизнесийн үйл ажиллагаа нь өргөжсөнөөр ард олны өдөр тутмын хэрэгцээг хангасан олон төрлийн бүтээгдэхүүн бүтээгдэж эх орны баялаг нэмэгдэн өснө.

Үүний зэрэгцээ ажлын байрыг олноор бий болгож, ажилгүйчүүдийн тоог багасгаж, айл өрх хүн зоны орлого өссөнөөр нийт ард түмний амьдрал сайжрах болно.

 

Ийм ач холбогдолтой ЖДҮ-д зориулагдсан зээлийг ичиж зовохгүйгээр авч ашиглах, эрх бүхий эздээс нь булааж, хулгайлж өөрсдийн тэрбумаар тоологддог хөрөнгөө улам нэмэгдүүлэхээр шунхайрсан дарга нарыг 24 цагийн дотор албан тушаал, УИХ-ын гишүүнээс нь огцруулмаар байна.

Гэмт хэрэгт тооцож ялламаар байна. 

 

Нийгмийн болон ард түмний эрх ашгийг хамгаас дээгүүр дээдэлж хамгаална гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчиж хөдөлмөр эрхлэгч олон түмэн хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих замыг хааж боймолж гэмт үйлдэл хийцгээж байна. Төр засаг, хууль, цааз үүнийг хэрэгжүүлэгч хууль сахиулагчид нойрноос сэрж ажлаа хиймээр байна.

Та нарыг унтаж байхад уул уурхай, газрын баялгийг хэдхэн гэр бүл эзэмдэж хамаг ашиг хуримтлалыг хумиж хулгайлж улмаар хөрөнгө орлогоо гадаад орнуудад байршуулж, дотоодыг банкуудад байгаа 20-иод их наяд хадгаламжийн 90 гаруй хувийг эзэмшиж ард олныг дэндүү басамжилж байна. Хууль, цааз бидэнд үйлчлэхгүй, бид хууль цаазаас дээгүүр эрхтэй, төр засгийн жолоог бид л атгаж сууна гэж даварч байгаа цөөвтөр бүлэг этгээдийн хандыг дармаар байна. Дарах ч болно гэж найдаж байна. Суурьшмал амьдралтай гар үйлдвэрлэл, техник хэрэгслэлийг олон жил эзэмдэж үйлдвэр хөгжүүлсэн орнуудтай харьцуулахад Монгол орон үйлдвэржилтээр хоцорч ирсэн юм. Эрт үеэсээ өргөн уудам нутагтаа амар тайван, яарах даарах, өлсөх зүдрэх, зовлонгүй нүүдэлчин заншлаараа амьдарч ирсэн ард түмэн болохоор болж л байна гэдэг уужим ухаанаар хандаж удаахан боловч үйлдвэржилтээ урагшлуулж хөгжүүлсээр ирлээ. Дээр дурдсанчилан хэдийгээр бага хүүтэй жижиг зээлийнхээ ихэнхийг хүн чанараа алдтал шунаж хэт баяжигчдад булаалгасан ч нөөц боломжоо ашиглахын зэрэгцээ арилжааны банкуудаас хүртэл өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулж буй жижиг үйлдвэрлэгч нэртэй баялаг бүтээгчид хот хөдөөд олноор үүсэж ард олонд тус дэм үзүүлж байна.

 

Тодорхой баримт дурдахад, “Нарантуул” зах дээр худалдаалагдаж буй монгол хүний хийсэн жилийн дөрвөн улиралд, ялангуяа өвлийн хүйтэнд даарах зовлонг мартуулсан дээхэн үеийн хэлэлгээр дөрөө даах гутлуудын үзэмж чанар сайжирч эдэлгээтэй болсон байна. Оёдол, дархан мужаан, гоёл чимэглэл, сүүн болон гурилан бүтээгдэхүүн, арьс сур, төмөр ноос үс боловсруулах чиглэлээр олон зүйлс үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээл, бүтээгдэхүүн нь ард олныхоо хэрэгцээг хангахын хамт ажлын байрыг олшруулж, ажилгүйчүүдийг цөөрүүлж, нийгмийн баялгийг нэмэгдүүлэхэд багагүй дэмжлэг өгч байна.

Цөөн хүн амтай Монголчуудынхаа хэрэгцээг эх орноосоо хангаж импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, валют хэмнэх боломж бүрдүүлж буй нь сайшаалтай юм. Жижиг, дунд үйлдвэрлэл өргөжин хөгжиж, тэнд ажиллагсад олширсноос нийгэмд үзүүлэх чухал үр дүн нь хүн амын ядуурал багасгах улмаар ядуучуудгүй болох явдал юм.

Манай урд хөрш Хятад Улсад хэдхэн 10 жилийн өмнө ядуус их олонтой, ард түмний нь амьдралын түвшин доогуур байсныг дэлхий даяараа мэддэг байлаа. Гэтэл Хятадын төр засаг ард олондоо хүүгүй шахам зээлийг, зээлийн баталгаагүйгээр өргөн хэмжээнд олгосоноос жижиг үйлдвэрлэл орон даяар өрнөж угаас хөдөлмөрч хятад хүмүүс богино хугацаанд ядуурлыг багасгаж амьжиргаагаа дээшлүүлж байна.

 

Хятад Улсын удирдагч саяхан хуучин оноо үдэж шинэ оноо угтсан мэндчилгээндээ зөвхөн 2018 онд 10 сая иргэнээ ядуурлаас бүрэн гаргалаа хэмээн тэмдэглэж хэллээ. 10 сая хүн гээд бодоцгооё, тоолж барагдахгүй том тоо байгаа биз. Үүний цаана ямар их хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө зарцуулагдаж, төр засгаас нь ямар их энэрэнгүй бодлого хэрэгжүүлсний үр дүн болсныг сонсоход бахархал төрж байна.

 

Тэгвэл манай улс хэдэн хүн амтай билээ. Гэтэл өнөөдөр Монголын хүн амын 20 хувь нь нэн ядуу, 50 хувь нь дундаас доогуур амьдралтай, үлдэх 30 хувь нь л боломжит амьдралтай байна гэсэн бүрэн бус мэдээлэл гарсан байх юм. Иймд хоёр хөрш болон бусад орнуудын үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлж бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэн улс орноо хөгжүүлж, ард олныхоо амьдралыг сайжруулсан амжилтаас суралцах, ялангуяа хүүхэд залуучуудын боловсрол, техник сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд улс орнуудтай ойртон түншлэх, хамтын ажиллагааг өргөтгөн тэндээс суралцах, тодорхой ажлуудыг сонгон тогтоож хэрэгжүүлэх хугацаа тогтоон үе шаттайгаар төлөвлөж нарийн дэг журамтай явуулмаар байна.

Энд нэг асуудлыг нэмж дурдмаар санагдлаа. Манай олон хүүхэд залуучууд маань ажил хөдөлмөр хийхдээ хошгордог болж ямар ч мэргэжил эзэмшээгүй жирийн хүмүүсийн хийсээр ирсэн гар хөдөлмөр, ахуйн хэрэглээний багаж хэрэглэлийг эзэмших чадваргүй цаашлаад биеийн хүч болон авьяас чадвар шаардагддаг мэргэжлээс зайлсхийцгээж зөвхөн техник хэрэгслээр, цахимаар гүйцэтгэх үйл ажиллагааг шүтэж суух болсон нь харамсалтай байна. Өөрөөр хэлвэл, бэлэнчлэх сэтгэлгээ дэндүү газар авч залхуу хойрог байдал олныг хамрах болсоноос суралцаж боловсроход тархи мэдрэмж нь дутагдсан, хөдөлгөөний хомсдолд орсноос бие бялдар султангууд олшрох хандлагатай байгаа нь байж болзошгүй дутагдал юм. Нийгмийг хамрах дөхсөн энэ том гажуудлыг арилгахын тулд төр засгаас өсвөр үеийнхнийг насанд хүртэл нь төлөвшүүлэх тусгай бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлмээр байна.

Хүүхэд багачууддаа цэцэрлэгт орохоос нь эхлэж эртний уламжлалт хүмүүс хоорондын харилцааны эх үндэс болсон мэндлэх хүндлэх, унтах, босох, явах, суух, хооллох ундлах, хувцаслах дэг жаягаас эхлүүлээд суралцах, хөдөлмөрлөх, бие бялдараа чийрэгжүүлэхэд заавал гүйцэтгэж мөрдөх үлгэрчилсэн дүрэм журам бий болгомоор байна. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд цөөн тооны эрх мэдэлтнүүд саад тотгор болсон ч төр засгийн удирдлагад хариуцлагатай олон хүн ажиллаж байгааг үгүйсгэж болохгүй бөгөөд хууль тогтоомжоо хэрэгжүүлж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сагийн хөрөнгөөс зээл олгож баялаг бүтээгчдээ дэмжсээр байгаа билээ. Жил тутмын төсөвт тусгадаг жижиг, дунд үйлдвэрлэлд зориулдаг сангийн хөрөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрэлцдэггүй тул арилжааны банкуудаас зээл авдаг. Банкны зээлийн хүү өндөр, зээлийн барьцааны хөрөнгийг нь маш багаар үнэлдэгээс жижиг үйлдвэрлэгчдэд хөл дээрээ зогсож хөгжиж чадахгүй байна. Ер нь сүүлийн жилүүдэд хамгийн өндөр ашигтай байгууллагаар гадаад эзэнтэй арилжааны банкууд тодроод байна. Хөдөөгийн малчдыг “ХААН” банкны мал хариулагчид гэж аргаа барсан үг гарах вэ дээ. Энэ байдалд дүгнэлт хийж жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, банкуудын зээлийн хүүг бууруулж жижиг, дунд үйлдвэрлэл өргөжиж, баялаг бүтээгчид нэмэгдэж ажлын байр олширно. Жижиг, дунд үйлдвэрлэл өргөжиж, баялаг бүтээгчид нэмэгдэж чанар нь сайжрахад мэргэжилтэй, мэргэшсэн ажилчид чухал. Мэргэжлийн ажиллагсад бэлтгэх гол уурхай болсон мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн сургууль, коллежуудыг олноор төрөлжүүлэн байгуулах нь зүйтэй байна.

 

Эдийн засагч П.ЭРДЭМБАТ

www.Sonin.mn