Яармагаас Өнөр хороолол хүртэл явах дүүжин тээврийн эцсийн буудал Хархорин захад байрлах юм байна. Буудлын орц, гарц байрлах уг хэсэгт “Баянгол Бизнес инкубатор” төв үйл ажиллагаа явуулдаг ч буулгана гэжээ.

Энэ тухай “Баянгол Бизнес инкубатор” төвийн гүйцэтгэх захирал С.Мишиг

"Франц, Монгол Улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр гүйцэтгэж байгаа дүүжин тээврийн орц, гарцын асуудал манайд хүндрэл учруулсан. Дүүжин тээвэр төслийн удирдлагатай орц, гарцын асуудлыг шийдэж, Хархорин захын инкубатор төв оршин тогтнож болох зөвшилцөлд хүрсэн. Мега төслийг дэмжиж байгаа. Гэтэл хэн нэгэн этгээдүүд ирж буулгана, нураана гэх дарамт хэрээс хэтэрсэн.

Хоёрдугаарт 11-ийн магистраль шугам дээгүүр инженерүүд замын зураг боловсруулсан. Энэ зургийн дагуу "Баянгол Бизнес инкубатор” төвийг байхгүй болгоно гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч. "Баянгол Бизнес инкубатор” төвийг байхгүй болговол 100 орчим хүн ажилгүй болох гэж байна. Бидний зүгээс барилгыг буулгахгүй гэж хэлээгүй. Дүүжин тээврийн орц, гарцыг шийдээд зэрэгцэн оршино гэж байгаа юм. Өнөр, 32 дугаар байрны зогсоол хооронд 17 метрийн өргөнтэй хэсгээр 1,800-2,500 хүн зорчино гэж буй. Өдөрт 70-130,000 хүн зорчдог уг талбайд яаж зам тавих юм бол.

2017 онд тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх, Баянгол дүүргийн Засаг дарга нарын дэмжлэгээр “Баянгол Бизнес инкубатор” төв 2020 онд баригдаж, гудамж талбайд худалдаа хийж буй иргэдийг түрээсгүйгээр оруулсан" хэмээн ярилаа.

Харин нийслэлийн удирдлагуудын зүгээс "Дүүжин замын тээвэр төслийн орц, гарц байрлах хэсэг буюу инкубатор төвтэй давхцаж буй 17 ам.метр газрыг Баянгол дүүрэгтэй хийсэн гэрээг үндэслэн нөхөн олговортой шилжүүлж, чөлөөлнө" гэв.

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг 2026 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдах аж.