Халдвартын эмнэлгийн автобусны буудалд халдвар тээгч нян “ажиллаж” байна
2013/03/27
Энэ гудамжийг “Үхэл”-ийн гэж тодотгодог. Гэр оронгүй тэнэмэл, хог түүдэг, архичин гээд нийгмийн доод давхаргынхан энэ гудамжинд амь насаа алдах явдал байнга шахуу гардаг тул хүмүүс ийн нэрлэжээ.
Уг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу XIII хорооллын нийтийн тээврийн унааны эцсийн зогсоол. “Нарантуул”, “Өгөөмөр”, “Сандэй” зэрэг долоон томоохон худалдаа, үйлчилгээ төвлөрч, Халдвартын эмнэлэгтэй залгаа орших хэсэг газар. Уг гудамжинд жижиг, том автомашин, ачаа ачсан түрдэг тэрэгтэй хүмүүс гээд захыг зорьсон хүмүүсийн хөл татарна гэж үгүй. Тэр ч утгаараа олны хөлөөр сул шороо босч гэр хорооллын гудамж даган салхины аясаар дэгдэнэ. Ийн шороон дунд орших хэсэг хүмүүсийн дунд манай сонины сурвалжлах баг хэдэн хормыг өнгөрөөв. "Нарантуул" олон улсын худалдааны төвийн нэг өдөр эхэлж байгаа болохоор орон нутгийг зорих ачааны болон нийтийн тээврийн машинууд аль хэдийнэ зогсоолдоо жагсчээ. Тэр бүү хэл Халдвартын эмнэлгийн өмнөх автобусны буудлын дэргэдэх түүхий эд авах цэг хаалгаа нээсэн болохоор энэ тэндээс шуудайтай юм үүрсэн хүмүүс цуглан шил, лаазаа тушаан хэдэн төгрөг авч байгаа харагдана. Тэндээс 200-хан метр зайд байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрт 2000 төгрөгийн үнэтэй архи зардаг болохоор түүхий эд түүгчид болон тухайн нутаг дэвсгэрт байрлах гэр оронгүй иргэд энэ орчмоос явах дургүй бололтой. 12.00 цаг гэхэд зарим нь согтож, унтахаар зэхэж нар бараадан автобусны буудлын хажууд хэвтэх нь харагдана. Автобусны буудлын өмнөх дэлгүүрийн эзнээс зарим зүйл тодруулахад үнэхээр л "Үхлийн гудамж" ч юм уу хэмээн бодогдлоо. Энэ орчимд хүйтний улирал эхлэхээр жилд доод тал нь таван хүн осгож үхдэг гэнэ. Мөн 10-20 гаруй хүн хуруу гараа тайруулж, цагдаа, эмнэлгийн ачаар амьд үлддэг байна. "Нарантуул" гэх газар овсгоотой нэгийг нь хөлжүүлдэг, арчаагүй нэгийг нь үхэл рүү илгээдэг газар бололтой. Араасаа ордог хаалганаас нь эхлээд мөрийтэй тоглоомчид, "найрка"-чид, айл амьтны хаягдал цуглуулж түүнийгээ ганц хоёр зуун төгрөгөөр борлуулах гэсэн бага гарын наймаачид зэргийг харахаар эмх цэгц муутай эзэгтэйтэй айл шиг хөглөрнө. Эндхийн эрүүл ахуй, ариун цэврийн талаар дурсаад ч хэрэггүй. Уг нь XIII хорооллын автобусны буудлын ард Халдвартын эмнэлэг байрладаг. Гэтэл ойр хавьд нь жинхэнэ халдвар тараах нян үржүүлгийн газар мэт бохир, заваан орчин бүрджээ. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар автобуснаасаа буугаад л гэрийнхээ хашаанд явж байгаа юм шиг чигээрээ алхсаар Халдвартын эмнэлгийн хашаа уруу “морь” харна. Энэ бүхнээс харахад тухайн орчинд анхаарал тавьдаг төрийн болон төрийн бус байгууллага бүү хэл нэг ч хүн үгүй мэт сэтгэгдэл төрж байв.
Ингээд 14 дүгээр хорооны зохион байгуулагч С.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Танай хороонд хичнээн өрх оршин суудаг вэ?
-Манай хороонд 3000 гаруй өрхийн 12 мянга гаруй хүн амьдардаг. Ерөнхийдөө томоохон захууд энэ хорооны нутаг дэвсгэрт байдаг болохоор хөл хөдөлгөөн ихтэй. “Нарантуул” худалдааны төвийг дагаад манай хорооны иргэдийн ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөн орон нутгаас ирсэн түр оршин суугч олонтой.
-XIII хорооллын эцсийн автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй. Хорооны зүгээс энэ бүхэнд яаж анхаардаг вэ?
-Халдвартын эцсийн буудлыг тохижуулах ажил 2013 оны төсөвт суучихсан байгаа гэж сонссон. Гэхдээ тендер нь зарлагдаагүй болохоор хэдийнээс эхэлж буудлын тохижилт явагдах нь тодорхойгүй. “Нарантуул” худалдааны төвийн ар талын нүхэн гарцыг хаагаад оронд нь том ногоон хаалга хийчихсэн. Тиймээс иргэд энэ автобусны буудлаас хоёр гудамж уруудаад орчихдог. Энэ нь тухайн газрын эргэн тойронд архичин, хулгайч байрлах боломжийг нээж өгөөд байгаа юм шиг санагддаг. Цагдаагийнхаа хэсэгтэй хамтраад манай хорооноос улирал, сар бүр архичидтай тэмцэх янз бүрийн аян явуулдаг.
-Иргэдийн гомдол санал хэр их ирж байна?
-Автобусны эцсийн буудлаар архи ууж байгаа хүмүүсийн дунд манай хорооны харьяалалтай хүн байдаггүй. Дандаа л бусад дүүргийн, түүнчлэн тогтсон хаяггүй, гэр оронгүй хүмүүс байдаг. Манай хороо дэргэдээ хөдөлгөөнт эргүүлтэй, 10 гаруй цагдаа ажилладаг. Өчигдөр гэхэд л нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж дөрвөн хүнийг албадан эмчилгээнд явуулсан. Иргэдээс нэг их гомдол санал ирээд байдаггүй.
-Танай хорооны нутаг дэвсгэрт байрлаад байгаа гэр оронгүй хүмүүс хаагуур голдуу хоноглодог бол?
-Манай хорооны нутаг дэвсгэрт хоёр гуравхан траншей байдаг. Зарим нь тэнд л амьдардаг бололтой. Харин нөгөө хэсэг нь гудамжинд нөмөр газар бараадаад хонодог байх.
-Танай хороонд ахмадууд болон өрх толгойлсон эмэгтэйчүүд хэр олон байдаг вэ?
-Судалгаагаар 700 гаруй ахмад бий. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад сар бүр хүнсний бүтээгдэхүүнийг нь аваад өгчихдөг. Мөн сургуулийн сурагч, багш нартай хамтраад аян зохиож тусламж үзүүлдэг. Үүнээс гадна “Эхлэл” ТББ-тай хамтраад өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сургалт явуулж өрхийн амьжиргааг нь дээшлүүлэхэд гол анхаралаа хандуулан ажиллаж байгаа гэв. Халдвартын эмнэлгийн хаалганы дэргэдэх автобусны буудалд буусан хэнийг ч муухай үнэр, хогоор дүүрсэн орчин угтана. Үүнээс гадна царай зүс нь наранд харшиж хуурайшсан, уруул нь омголтож, зогсч ч чадахгүй гуйвах архичид, хаалгаа дэлгээд хаячихсан түүхийн эдийн цэг харагдана. Тэнд буусан цагаасаа эхлээд л эрхэм та цүнх, хэтэвчиндээ анхаарлаа хандуулахгүй бол ганцхан хоромд л хамаг эд зүйлээ хулгайд алдана шүү. Хэтрүүлэг мэт санагдах хэдий ч бодит амьдралд эд зүйлээ хулгайд алдсан хүн олон тул сэрэмжлүүлэхээс өөр аргагүй. Хэдийгээр эргүүлийн болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ажиллаж байгаа ч тэдэнд хулгайч тийм хурдан баригдахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ингээд л алдсан хүн арван тамтай хоцорч авсан хулгайч нь нэг өдөр ходоодоо баярлуулаад өнгөрөх болно.
Ингээд тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулагч цагдаагийн дэслэгч Я.Товуумягмартай уулзлаа.
-Танай хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг их гарч байна гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулаач?
-Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо гэмт хэрэг, зөрчлийн хүнд нөхцөлтэй газруудын нэг. Энэ нь нийслэлдээ томоохонд тооцогддог үйлчилгээний газрууд төвлөрсөнтэй холбоотой. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв, Их орд буюу “Теди” төв гэх мэт үйлчилгээний төвүүд бий. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 35 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өмнөх оныхтой нь харьцуулбал 10 хэргээр өссөн байгаа. Гэмт хэрэг гардаг цаг нь 12.00-18.00 буюу захын ачаалалттай үе юм. Мөн зах тарснаас хойш 18.00- 02.00 цаг хүртэл хөл тасардаггүй. Энэ үед “Сандей”, “Теди” төвийн орчмоор халаасны хулгайчид бүлэглэн хүмүүсийн анхаарал сарних үед задгай худалдаа эрхэлдэг хүмүүсийн лангуу, бусдын халаасан дахь хэтэвч, гар утас зэрэг зүйл хулгайлдаг.
-Гэмт хэргийн шинжтэй дуудлага хэр их ирж байна?
-Олон худалдаа, үйлчилгээний газрыг дагаад орон гэргүй тэнэмэл хүмүүс архидан согтуурч, хулгай хийдэг. Сүүлийн нэг сарын дотор гэхэд 14 дүгээр хороотой холбоотой гэмт хэргийн шинжтэй 1887 дуудлага ирсэн байна.
-Дуудлагын дийлэнх нь ямар шалтгаантай байх юм?
-Ер нь хулгай, дээрэм, танхай, залилангийн гэмт хэрэг зонхилдог.
-Архичдыг нутаг дэвсгэрээсээ гаргах, түр байр олж өгөх зэрэг ажил хийдэг үү?
-Энэ оны хоёрдугаар сард нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд манай хорооны нутаг дэвсгэрээс гэр оронгүй тэнэмэл 64 хүнийг барьж судалгаанд хамруулж холбогдох байгууллагад нь хүлээлгэж өгсөн.
-Хямд үнэтэй архи худалдаалдаг газруудыг шалгах, хаах тал дээр ямар арга хэмжээ авч байна?
-Үйлчилгээний газруудаа дагаад амьжиргааны их үүсвэрээ захаас олох гэсэн хүмүүс цөөнгүй бий. Үүнийг дагаад Халдвартын эмнэлгийн ойр орчмын дэлгүүрүүд ашиг орлогоо бодож хямд үнэтэй архи худалдаалдаг байсан. Тиймээс манай цагдаагийн хэлтэс энэ бүхнийг цэгцэлж эхэлсэн. Үүнээс гадна автобусны буудлын дэргэд түүхий эд авдаг цэг ажилладаг. Тэд хүмүүсээс авсан бүтээгдэхүүнийхээ оронд архи өгдөг асуудал гараад байгаа. Энэ нь архичид байрлах нэг шалтгаан болчихоод байна. -Автобусны буудлын ойролцоо олон хүн амь насаа алдсан гэх юм? -Энэ он гарсаар тийм хэрэг бүртгэгдээгүй. Гэхдээ өөрсдийнхөө буруугаас болж архи хэтрүүлэн хэрэглэж, хөлдөж, осгох үхсэн, хуруу гараа тайруулсан тохиолдол гардаг. Гэхдээ иргэдийн аюулгүй байдал, амар амгалангийн төлөө манай хэлтэс олон ажил санаачлан ажиллаж байна.