Гурван давхар дээлтэй Ё.Баатарбилэг "БСШУСЯ-ны сайдын суудалд хэр удах вэ"
2019/03/11
Монголын боловсролын салбарыг удирдах мэргэжлийн хүн төрд сонгогдоогүй гэж үү. Сонсгогчидод сонголтгүй сонгууль болчихсон нь одоогийн энэ засгийн газрын гишүүдээс бэлээхэн харагдав. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам өдгөө дөрвөн сайдын нүүрийг үзэж байна.
Засгийн газар танхимаа бүрдүүлээд авсны дараагаар яамдын сайдыг албан тушаалд нь томилсон. Ингэхдээ БСШУС-ны сайдыг хамгийн сүүлд нэр дэвшүүлэх хүн олдохгүй байсан уу яасан "түгжиж", түгжсээр Ж.Батсуурийг томилчихсон.
Гэтэл удалгүй ажлын хариуцлага алдан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буусан. Энэ талаар нэхэн сануулбал, Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-нд болох байсан. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул тухайн шалгалтыг хүчингүйд тооцож, дахин шалгалт авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол болсон нь энэ. Ийнхүү ажлын хариуцлага алдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах санал гаргаж, УИХ-аар дэмжигдээд албан тушаалаас нь огцруулсан.
Үүний дараагийн хоёрдахь сайдаар 2017 оны зургаадугаар сарын 09-нд академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээн авсан юм. Тэрбээр “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг нягтална. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудлыг хөндөнө. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэй сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тамгаа хүлээж авахдаа ийн хэлсэн. Харин түүний хувьд мөн л удалгүй сайдын суудлаа эрүүл мэндийн шалтгааны улмаас хүлээлгэн өгөв.
Ийнхүү гуравдахь сайдын нүүрийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам үзсэн юм. Энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа сайдад томилогдон, тамгаа хүлээн авсан. Гэвч тэрбээр тамгаа аваад мөн л удалгүй олны хэл амны "бай" болсон.
Тодруулбал, өөртэй нь “босч мэндэлсэнгүй” гэдэг шалтгаанаар дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь халахыг тушаасан мөн Монголын багш нарын үйлдвэрчний хорооны дарга Д.Мөнхбаатар “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн” гэсэн ярилцлага өгснөөр нэлээдгүй дуулиан дагуулсан юм. Тэрбээр "Төрийн тасралтгүй үйл ажиллагаа гэдэг үүднээс би байнгын хорооны гишүүдээсээ намайг авч үлдэнэ гэж битгий кноп дараарай, намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Дараагийн хүн нь ирээд ажлаа цэгцлээд явах нь зүйтэй. Өөрийн эхлүүлсэн суурь ажил бол боловсролын системийг бүхэлд нь оношлогоо хийх ажлыг би эхлүүлсэндээ таатай байгаа. Үүнд сурах бичиг, багш, сургалтын асуудал зэрэг системээ бүхэлд нь харж оношлохгүй бол аль нэг асуудлыг нь шийдснээр систем бүхэлдээ зөв голдрол руугаа орох боломжгүй. Мэдээж хүн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг бодно. УИХ-ын гишүүнээрээ үлдэж байгаа учраас энэ салбарын үйл ажиллагаад өдөр тутам хөндлөнгөөс оролцох боломж нь гишүүнийхээ хувиар эрх нь хадгалагдаж байгаа” гээд ажлаа өгсөн.
Энэ салбарын дөрөв дэхь сайдаар гурван давхар дээлтэй Ё.Баатарбилэг томилогдоод сар гаруй хугацааг үдэж байгаа. Түүний хувьд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, БСШУС-ын сайд гэсэн гурван албан тушаал буюу гурван давхар дээлтэй яваа юм. Тэрбээр өмнөх сайдуудаасаа энэ салбарт гарсан том алдааг харж чадсан хүн гээд хэлэхэд буруутахгүй. Цөм хөтөлбөрийг өөрчилнө гэж ажлаа авахдаа амлачихсан. Яалт ч үгүй ерөнхий боловсролын сурагчид "агуулга нь томдсон" хөтөлбөрөөр хичээл ороод нэлээдгүй хэдэн жилийг үдэж байгаа энэ талаар ч манай сайт өмнө нь цувралаар хүргэж байсан. Шинэхэн сайд Ё.Баатарбилэг гагцхүү хэлсэндээ хүрч өөрчлөлт оруулж чадах нь уу. Үүнээсээ өмнө "давхар дээлтэй" гээд суудлаасаа буугаад явчих нь уу.
Х.Даваа