Саявтар оросын телевизүүдээр “Сүх” (топор) хэмээх кино гарсан юм. Уг кинонд нэгэн орос цэрэг 10-20 германыг сүхээр цавчаад, гранат хаяад алчихдаг үйл явдал гарна. Олон хүний бодлоор энэ кино “шал панаалтай”, байж болшгүй, худал мэт санагдана. Гэтэл уг киног бодит үйл явдлаас сэдэвлэсэн аж. Энэ тухай товч өгүүлсү…

 

100 жилийн өмнө Харьков мужийн Овчарово сууринд (одоогийн Украины Луганск муж) тосгоны мужаан Роман Овчаренко-гийн гэрт хүү төрж, түүнд Митя нэр хайрлажээ. Хөдөө тосгоны хүүд олон сонголт байсангүй. Митя мал маллах, мод, өвс бэлтгэх зэрэг ажил хийдэг байв. 5 дугаар анги төгсөөд Митя тосгоны мужаан болжээ. 20 нас хүртлээ мужаандаж байгаад цэрэгт явсан байна.

 

Тэр үеийн хөдөө тосгоны олон залуу “Чапаев” кинонд гардаг шиг мундаг пулемётчин болохыг мөрөөддөг байжээ.

 

Энэ хүсэл нь ч биелж, Дмитрий пулемёт ротод хуваарилагджээ. Залуугийн алба хааж буй Өмнөд фронтын 9 дүгээр армийн бүрэлдэхүүнд байгаа 176 дугаар дивизийн 389 дүгээр хороо фашистуудтай шууд байлдаж эхэлжээ. Командлал нь тосгоны тариачин залуугаар чаддаг ажлыг нь хийлгэхээр шийдсэн ба энэ нь “гүүний жолооч” буюу морин тэрэг хөтлөх ажил байжээ. Ийнхүү Дмитрий гал зэвсгийн агуулахаас тэргүүн шугам руу галт хэрэгсэл зөөдөг “ажилтай” болов.

1941 оны 7 дугаар сарын 13-нд Дмитрий хүнс, галт хэрэгсэл ачсан морин тэргээ хөтлөн хороо руугаа явж байв. Гэтэл замын эргэлт дээр дайсны хоёр хуягт тээвэрлэгч гэнэт гарч ирэн түүний замыг нь хаан зогсжээ. Яах ч арга байсангүй. Хуягт тээвэрлэгчээс баахан фашист асгаран гарч иржээ. Тэд манай залууг хүн байна гэж тоосонгүй. Харин нэг офицер түүн рүү дөхөн ирж, хаашаа явж байгаа, байрлал чинь хаана байгаа, тийшээ яаж хүрэх тухай хазгай орос хэлээр асууж гэнэ.

Немцүүд газар сайгүй ялж, давшиж байсан, маш олон цэрэг олзолж байсан учраас анхаарал нь их сул байж. Гэтэл өнөөх орос баагий байлдахад бэлтгэж, биеэ хурааж байжээ.

Дмитрий тэрэг рүүгээ гараа сэм явуулж, брезентэн дор байгаа сүхээ атгаж авчээ. Сүх бол орос тариачны төрөлх зэвсэг юм. Сүхтэй бол орос тариачин юу ч хийж чадна…

Ингээд зам асуусан немц офицерыг хурц сүхний торгон ирээр цавчин хяргаж, толгойг нь тас авчээ. Газар унасан толгойны нүд хараатайгаа байсныг бодоход тэр офицер үхлээ гэдгээ ч мэдэрч амжаагүй бололтой.

Энэ аймшигт явдлыг бусад нь огт анзаарсангүй, тэр хавьдаа бөөгнөрөөд шуугилдаад л байж. Дмитрий тэргэн дотроо хадгалсан 3 ширхэг “лимон” гранатаа гаргаж ирээд нөгөөдүүлийн бөөн дунд нь шидэж орхив.

Ихэнхи нь үхэж, үлдсэн нь отолтод орлоо гэж бодсон бололтой тал тал тийшээ зугтжээ. Дмитрий хэд хэдэн фашистыг цавчиж амжжээ. Хамгийн сүүлд хоёр дахь офицер зугтаж байгааг хараад гүйцэж очин бас толгойг нь тас цавчжээ. Эдгээр үйлдлийг Дмитрий зөн билгээрээ хийжээ. Хэсэг байзнаж байгаад сэхээ орж гэнэ.

Ингээд тэр үхсэн фашистуудын бүх буу зэвсгийг тэргэндээ ачиж, мөн тэдний баримт бичиг, үнэмлэх, цүнхтэй баримт бичиг зэргийг авахаа ч мартсангүй.

Анги дээрээ очоод дарга нартаа болсон явдлаа хэлсэн чинь үнэмших хүн гардаггүй гэнэ. Түүнийг эсвэл солиорч байна, эсвэл худлаа онгирч байна гэж үзжээ. Харин Дмитрий өөдөөс нь немцийн баахан баримт бичиг асгаж ийм явдал болсон нь үнэн гэдгээ нотолжээ.

Ингээд тэдний улс төрийн удирдагч нь хэдэн цэрэг дагуулан үйл явдал болсон газар өөрийн биеэр очиж шалгажээ.

Газар дээр нь шалгаж үзэхэд фашистын 23 цус болсон хүүр, түүний дотор 2 толгойгүй офицерын үхдэл байгааг тоолон үзсэнийхээ дараа Дмитрий үнэн хэлснийг мэдэж, бүгд түүнд баяр хүргэжээ.

Ингээд тэдний дарга нар энэ баатарлаг үйл явдлын талаар дээш дээш мэдэгдэж, Дмитрийг ЗХУ-ын баатар цолонд тодорхойлжээ.

Гэтэл хороо, дивиз зэрэг дээд шатанд үнэмших хүн бас л гарсангүй, олон давхар шалгалт хийжээ. Дмитрий болсон явдлыг олон удаа “ядаргаа болтлоо” дээд дарга нарт тайлбарласан гэдэг.

Харин өөрийнх нь дарга “Чи одоо юу хүсч байна ? Тэрийгээ хэл” гэхэд Дмитрий тэрэгчнээ больж, пулемётчин болмоор байна гэсэн ганц л хүсэлт хэлжээ.

Ингээд 4 сарын дараа 1941 оны 11 дүгээр сарын 9-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Дмитрий Романович Овчаренко-г ЗХУ-ын баатар цолоор шагнажээ.

Тэр шилдэг пулемётчин болж, бүхий л дайныг пулемётын ард өнгөрөөжээ.

Дмитрий Овчаренко 1945 оны 1 дүгээр сарын 28-нд буюу дайн дуусахад ердөө л 4 сар үлдээд байхад Унгарыг чөлөөлөх тулалдааны үед амь үрэгджээ.

Ганц цэрэг нэг дор ийм олон дайсныг устгасан өөр тохиолдол Эх орны дайны жилүүдэд гараагүй гэдэг. Ийм гавъяаг орос цэрэг л байгуулж чадна…

 

 

2019 оны 05 дугаар сарын 04.

 

Судлаач Д.Ганхуяг

 

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?