Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт буюу их, дээд сургуульд суралцах босгоо давах шалгалт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. 

Энэ жилийн ЕБС-иудын төгсөлтийн сурагчид бүгд "Цөм хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлсэн үеийн сурагчид төгссөн ажээ.  Уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж тушаал гаргаж ганцхан жилийн зуны амралтын хугацаанд бүх ангиудын сурах бичгийг солих шийдвэрийг гаргасан нь олон алдаа, дутагдлыг араасаа дагуулсан. Өнөөдөр түүний үр дүнгээр улсын хэмжээнд математикийн хичээл дээр ердөө таван хүүхэд 800 оноо буюу хамгийн дээд оноогоо авсан байна. Цөм хөтөлбөрийн балгаар жил болгон сурах бичиг солигдож, заримдаа номгүй хичээлийн шинэ жилээ угтаж авдаг байсан гэдгийг эцэг, эхчүүд сайн мэдэж байгаа. Зургадугаар ангийн зарим сурах бичгүүдийн үнэ ч тэнгэрт хадаж байсан цаг тун саяхан.

Сурах бичгийн  агуулгын цар хүрээ  сурагчдад юуг ойлгуулж, ямар мэдлэг олгох гээд байгаа нь тодорхойгүй өргөн хүрээг хамран бүтээгдснээрээ  маш том алдаа болсон гэдгийг багш нар ч онцлон хэлдэг. Эцэг, эхчүүд ч хүүхдүүдийнхээ гэрийн даалгаварт оролцож, тайлбарлан зааж өгч чадахаа байсан. 

Үүний хариуд улсын хэмжээнд 111 шалгуулагч л 800 оноогоо авчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас найм, Говь-Алтай аймгаас  тав,  Өвөрхангай аймгаас  тав Хэнтий аймгаас дөрөв, Ховд аймгаас гурав, Увс аймгаас гурав, Архангай аймгаас хоёр, Хөвсгөл аймгаас хоёр, Дорнод аймгаас хоёр, Дундговь аймгаас хоёр, Баян-Өлгий аймгаас хоёр, Булган, Дархан-Уул,  Дорноговь, Өмнөговь, Завхан аймгуудаас тус тус нэг шалгуулагч тус бүр 800 оноо авсан юм.

Энэ удаагийн ЭЕШ-ын хувьд анх удаа шууд засалтын шилэн технологийг хэрэглэснээрээ онцлог байсан ч шалгуулагчид олноороо өндөр оноо авч чадсангүй ээ. Улсын хэмжээнд нийт 32 төвд 64 төхөөрөмж байрлуулан шууд засалтыг хийжээ. Зарим шалгуулагч нар машинд уншигдах боломжгүй үзгэн болон тосон балаар бөглөх, ашиглах хэрэгслээ мартах тохиолдол цөөнгүй гардаг учир Боловсролын үнэлгээний төв шалгалтад ашиглах харандаа, үзүүрлэгч, баллуур зэргээр хангасан байна.

Боловсролын үнэлгээний төв  анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр ЭЕШ-ын шалгуулагчдын дүн, оноог эрэмбэлдэг.  Анхны оноо нь тухайн шалгалтын даалгавар, сэдвийг хэрхэн яаж гүйцэтгэснийг харуулах үнэлгээ. Харин хэмжээст оноо нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон  бусад шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулсан дүнг хэлнэ. Проценталь оноо бол шалгуулагч тухайн хичээлийн жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм.

Босго онооны тухайд төрийн өмчийн их, дээд сургууль 480, хувийн өмчийн их, дээд сургууль 410, орон нутгийн их, дээд сургууль 400 гэсэн жишиг оноотой байгаа. Их, дээд сургуулиуд жишиг босго онооноос дээш эсвэл ижил тогтоох ёстой байдаг.

 

Товчлолын тайлбар
 

  • Тоо - Тухайн хичээлийг сонгож шалгалт өгсөн нийт хүүхдийн тоо
  • Оноо - Хамгийн өндөр болон бага онооны үзүүлэлт