Өнгөрсөн сард  хоёр удаа хуурамч  мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг завдсан хэрэг гарсан. Мөн энэ сард   энэ төрлийн хэрэг гарах нь нэмэгдсээр байгаа юм.

Монгол улсын мөнгөн тэмдэгтийг  хуурамчаар  үйлдэх нь гэмт хэрэг бөгөөд  хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг билээ. Сүүлийн үед 10 мянга, 20 мянгантын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийх нь ихэссэн. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Хуурамч мөнгөн тэмдэгтийг иргэд заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хэрэв мэдэгдэхгүй нуун дарагдуулах, мэдсээр байж тухайн мөнгийг гүйлгээнд оруулсан бол эрүүгийн хэрэг үүсгэх журмыг  баталсан. Тэгэхээр иргэд хуурамч мөнгөн тэмдэгт авсан тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай" гэсэн юм.

Иймээс иргэдэдээ хуурамч мөнгөн тэмдэгтээс жинхэнэ мөнгөн тэмдэгтийг ялгах шинж тэмдгийг хэлэхэд, хамгийн энгийн арга бол тухайн мөнгөн дэвсгэртийг гараараа тэмтрээд үзэхэд товгороор бичсэн монгол, крилл бичиг, тоо болон Чингис хааны дүрс гарт мэдрэгддэг. Мөн нарны гэрэлд бариад харахдаа Монголбанк гэсэн жижиг бичгийг сайтар анзаарч чадвал хуурамч мөнгөнд хууртахгүй байх боломжтой.  20 мянгатын дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн байдаг. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн байдаг. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг болон "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.

Хуурамч мөнгөн дэвсгэртийг гуйлгээнд оруулдаг гол газар нь хот хоорондын бензин түгээгүүр, ТҮЦ, Банк эсвэл хотын захын гуанз, хүнсний дэлгүүр. Тэнд л хамгийн их хуурамч мөнгө өгөхийг завддаг аж. Бөөн мөнгөн дунд 4-5 ширхгийг хийсэн байдаг гэв.

Өнгөрсөн онд хэд, хэдэн удаа хуурамч мөнгө урд хилээр гаргахыг завдсан хэрэг гарч байсан. Энэ нь гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн жижиг дэвсгэрт болох нэг, тав, зуун төгрөгийг маш ихээр өмнөд хил рүү гаргахыг завдсан. 13-15 мянган багц ширхэг дэвсгэрт байсан. Хэрэгтнүүд эл мөнгөн дэвсгэртийг Хятад руу гаргаж зардаг гэж мэдүүлсэн байдаг аж.

Хуульд зааснаар үндэсний валютаа их хэмжээгээр, түүнтэй тэнцэх алт, үнэт эдлэлийг хууль бусаар хил давуулахыг завдсан этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүсэн хэмжээний төгрөгөөр торгох буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн тодорхой заалттай.

Энэ хэргийн жинхэнэ хэрэгтнээс ажлынхаа байранд худалдаа хийж сууж байгаад хайхрамж болгоомжгүйгээсээ болоод хуурамч мөнгөн тэмдэгт авчих юм бол өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ.

Хэрвээ та хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд авсан бол хамгийн ойр байрлах цагдаагийн газарт мэдэгдэх хэрэгтэй. Харин хуурамч гэдгийг мэдсээр байж бусдад өгч гүйлгээнд оруулсан тохиолдолд өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх юм.

Х.Даваа