Ж.Оюунтунгалаг: Хэлмэгдүүлэх оролдлого гэж харж байгаа учраас үнэнийг л хэлж байна
2019/07/03
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Энэ нь тухайн шүүгч ажлаа хийхгүй ч гэсэн шүүгч хэвээрээ байгаа гэсэн үг юм. Бид түдгэлзүүлсэн шүүгч нарын нэг буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Оюунтунгалагтай уулзаж ярилцлаа.
- Сүүлийн үеийн үйл явдлуудыг ажиглаад байхад хууль тогтоох засаглал нь шүүх засаглал руугаа шууд халдаад байгаа мэт харагдаж байна?
- Шүүх засаглал өөрөө хуулиа батлаад өөрөө шийдэх юм бол хүн хэлмэгдүүлэх магадлалтай. Хууль тогтоох засаглал өөрөө хуулиа гаргаад өөрөө хүнийг шүүгээд эхлэх юм бол бас хүнийг хэлмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Иймээс хууль тогтоох, шүүх, хуулийг хэрэгжүүлж, төрийг төлөөлөх Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал гэх энэ 3 эрх мэдлийг 1 гарт төвлөрүүлдэггүй.
ҮАБЗ-ийн дүгнэлт гарвал шүүгчийг түдгэлзүүлж эсвэл чөлөөлж болно гэсэн агуулгатай хуулийг УИХ баталсан байгаа. Энэ нь шүүгчид болон шүүн таслах ажиллагаанд шууд нөлөөлөх хэрэгсэл болно гэж тухайн үед хар буруугаар бодоогүй. Угаасаа шүүгч нэгэнт батлагдсан хуулийг шүүмжлэх эрхгүй. Авилга, хээл хахууль улс орны хэмжээнд тахлын түвшинд оччихсон бол мэдээж үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь ойлгомжтой. Энэ асуудлаа шийдвэрлэх хуулийн өөр гарц олоогүй юм байна даа гэж бодож байлаа. Дэлхийн улс орны туршлагаас харахад өөр гарц гаргалгаар авилгатай тэмцэх эрх, боломж нь УИХ-д байгаа.
- Нэр бүхий 17 шүүгч түдгэлзсэн. Таны байр суурь 17 шүүүгчийг төлөөлж байна уу?
- Би бусад хүмүүсийн өмнөөс ярих, шүүхийн байгууллагыг төлөөлөх, хуулийн салбарыг төлөөлж ярих эрхгүй. 17 шүүгч хээл хахууль авсан, нотлох баримттай гээд УИХ-ын дарга ярьсан гэж хэвлэл мэдээллээр түгээж байгааг олж уншсан. Би хээл хахууль аваагүй, мөрөөрөө ажлаа хийгээд, хэний ч нөлөөнд автахгүй явж ирсэнд минь дургүйцсэн хүмүүсийн гүтгэлэг, явуулгаар хийж буй хэлмэгдүүлэх оролдлого гэж харж байгаа учраас үнэнийг л хэлж байна.
- Та өөрөө АТГ-т шалгуулах өргөдөл бэлдсэн байхад гэрт тань нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна?
- Зарлиг гарсны маргааш өдөр буюу пүрэв гаригийн өглөөнөөс орой болтол Ерөнхийлөгчийн зарлигийг албан ёсоор авах, хууль хяналтын байгууллагаас дуудах, тодруулах байх гэж өдөржин хүлээсэн. Маргааш өдөр ийм тодорхой бус байдал удаан үргэлжлэх нь зохисгүй, ажлын байрандаа ч очих нь буруу гэж үзээд, АТГ, ШЕЗ, ҮАБЗ-ийн гишүүд болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөдлөө бичээд цайны цагийн дараа өгөхөөр зэхэж байтал миний утас руу “АТГ-ын ажилтан байна. Танай гэрийн гадаа байна” гэж ярьсан. Ярьсан хүний нэрийг хэлээд яахав. “Би танай байгууллага дээр очиж шалгуулах хүсэлтээ өгөх гэж байна. Байгууллага дээр чинь уулзаж болдоггүй юм уу” гэсэн чинь “Та зүгээр гэрийнхээ гадаа хүрээд ирээ, энд уулзах хэрэгтэй байна” гэхэд нь гэртээ очсон. Гэртээ очиход нэгжлэг хийх прокурорын тогтоол танилцуулаад, нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийхээр нэг бүрчлэн хамаг юмыг үздэг юм байна лээ. Би үүнд эмзэглэсэн. Гэхдээ үүрэгт ажлаа хийж байгаа хүмүүст хүндэтгэлтэй хандсан. Хүүхдийн дэвтэр, номын савыг хүртэл нэг бүрчлэн үзсэн. Гэхдээ кинон дээр гардаг шиг ундуй сундуй болгоогүй, зэрлэг балмад зүйл болоогүй. Өөрийг нь байлгаад камерын бичлэг хийгээд үзсэн. Нэгжлэг нь 18 цаг өнгөрөөж дууссан байх. “Одоо яах ёстой вэ” гэсэн чинь “Та өөрөө байцаагчтайгаа уулз” гэсэн. “Ямар байцаагч, би ямар хэрэгт, эрх зүйн ямар байдалтайгаар байцаагдах гэж байгаа юм” гэхэд “Байцаагчтайгаа уулз” л гэсэн. “За би очоод уулзъя” гэхэд “Бидэнтэй хамт яв” гэсэн. “Би ядаж дүүгийнхээ машинаар явъя. Та нарын машинд суухаар баригдаад явж байгаа юм шиг санагдаад байна” гэж хэлээд дүүгийнхээ машинд суугаад явахад нэг байцаагч нь хамт явсан.
Би хэзээ нэгэн цагт хууль хяналтын байгууллагад очиж уулзах ёстой юм чинь очъё гэж бодоод очиход гэрчээр мэдүүлэг авч байна гэсэн.
- 17 шүүгчийг түтгэлзүүлчихсэн. Нэмээд найман шүүгчийг түдгэлзүүлнэ гэж байна. Үүнтэй холбоотойгоор тодорхойгүй байдал үүсэхээс гадна шүүхийн дотоод зохицуулалт ойлгомжгүй болчихлоо?
- Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг 2019.06.26-ны шөнө л сошиалаас олж харсан. Тухайн өдөр би ажлын хэсгийн хуралдаантай байсан. Түүнээс өмнө буюу 2019.06.24-ны өдөр хийсэн шүүх хуралдааны магадлал долоо хоногийн дотор бичгээр гарах ёстой. Зарлиг гарсан 2019.06.26-ны өдрөөс хойш 2019.06.27-ны өдөр ажлаа өгөх гээд ажил дээрээ очсон. Тэрнээс хойш гарсан баримт бичгүүд дээр гарын үсэг яаж зурах вэ гэдэг асуудал үүсч байна. Шүүх дээр очиж болохгүй хаана тэр баримт бичгүүдээ боловсруулах, гарын үсгээ зурах уу? гэдэг асуудал ингээд нээлттэй зогсчихсон. УДШ-ийн Иргэний хэргийн танхимын 5 шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн болохлээр иргэний хэргийн танхим бас хуралдахгүй байх.
- АТГ-т шалгагдаад хэрвээ гэм буруугүй нь тогтоогдох юм бол үүрэгт ажилдаа эргэж орох эрх зүйн зохицуулалт байдаг юм болов уу?
- Түдгэлзүүлсэн гэдэг нь бүр огцруулсан гэсэн үг биш л дээ. Шүүгчийн бие, орон гэр зэрэг нь халдашгүй байна гэсэн хуулийн заалт байдаг. Иймд яллагдагчаар татах зэрэг тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хуулийн үндэслэл байгаа. Шалгаад гэм буруутай нь тогтоогдох юм бол огцруулна, тогтоогдохгүй бол бүрэн эрхийг нь эргэж сэргэх ёстой. Гэхээ өнөөдрийг хүртэл ингэж олноор нь түдгэлзүүлж байсан удаагүй.
- Арын хаалгатай гэсэн ойлголт бас байна?
- Би өдийг хүртэл мэргэжлээ сонгох, боловсрол эзэмших, ажилд орох зэрэг асуудлаар арын хаалга танил тал гэдэг юмыг хэзээ ч хэрэглэж үзээгүй, хүнд хэцүү шалгалт, шалгуурыг нь даваад явж ирсэн. Энийг надтай хамт сурч, ажиллаж байсан бүх хүмүүс мэднэ.
- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-“Ерөнхий шүүгч бол гол тоглогч биш” гэдгийг ухамрсалахгүй, эрх мэдэл, бусдад дур зоргоор нөлөөлөх боломж гэж андуурсаар яваа хүмүүс намайг ерөнхий шүүгчээр улиран томилогдсонтой холбоотойгоор гүтгэсэн байхыг ч үгүйсгэхгүй.
А.Баярмаа