Долоо хоног бүрийн даваа гаригт болдог "Бүтээн байгуулалтын цаг" уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, өнгөрсөн оны  салбарын амжилт бүтээл, алдаа оноо, статистик тоо баримтын талаар мэдээлэл өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал "2013 он манай улсын хүн амын оргил өсөлтийн жил байлаа. Нас баралт, эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл 2000 оноос хойш сүүлийн 14 жилийн хугацааны хамгийн бага түвшинд байлаа. Гэхдээ бүс нутаг болон орон нутагт янз бүр байсан юм. 2014 оныг бид "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" жилээр зарлаж,  ялангуяа жирэмсэн эхчүүд, төрсөн эх, хүүхдийн асуудлыг хяналтдаа авч ажиллаж байна. Үүний үр дүнд энэ оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нялхсын эндэгдэл 29 хувь, 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 19 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарлаа.

Энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эх хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг  дэмжих жилийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын улсын үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2014 онд гурван сая дахь иргэнээ хүлээн авахад эрүүл мэндийн салбар бүхэлдээ хичээж ажиллаж байгаа гэж ойлгож болно.

Эрүүл мэндийн салбарт зайн оношилгооны техник, тоног төхөөрөмж нэвтрүүлснээр өдөр тутмын хэрэглээ болон үр ашгаа өгч эхэллээ. Зайн оношилгоог ашигладаг болсноор хөдөө орон нутгаас Улаанбаатарт оношилгоо, эмчилгээний зөвлөгөө авахаар ирдэг байсан 10 хүний гурав нь л ирэх шаардлагатай болсон. Тухайлбал, ЭХЭМҮТ-өөс орон нутгийн эмнэлгүүдэд зайн оношлогоо хийснээр хот суурин газарт эмчлүүлэхээр ирэх иргэдийн зардал, чирэгдэл 60-70 буурсан. Энэхүү зайн оношлогоо хэрэгжсэнээр 1 тэрбум орчим төгрөгийн урсгал зардлыг хэмнэж чадлаа. Энэхүү зайн оношлогоог хотоос аймгийн төв, аймгийн төвөөс сумдад гэсэн зохион байгуулалтаар хийж байгаа.

Мөн 11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий Оношилгооны төв байгуулагдлаа. Түүнчлэн удамзүйн оношлогоог нэвтрүүлснээр 2014 гарсаар 85 ургийн гаж хөгжлийг оношлон тогтоолоо. Эдгээрийн 50.6 хувь нь орон нутагт, 49.9хувь нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд 11 төрлийн ургийн гаж хөгжил илэрсэн.

Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэгсэдийн 41 хувь нь албан бус зардал төлж байна. Төсөвт 33 тэрбумыг суулгаснаар энэ зардлыг 10 орчим хувиар буруулах бүрэн боломжтой. Энэ оны бас нэгэн зорилт нь иргэдийг эрүүл мэндийн зөв дадал хэвшилд сургах, мэдлэг мэдээллээр хангах үүднээс “Соёлын довтолгоо буюу Эрүүл мэндийн довтолгоо"-г хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн онд эрүүл мэндийн төв, эмнэлгийн зориулалттай 18 барилга ашиглалтад орсон бол энэ онд 32 барилга ашиглалтад орно. Үүнд Завхан, Говь-Алтай аймагт төрөх эмнэлэг, Баянзүрх дүүргийн 150 ортой төрөх эмнэлэг, Архангайд эхийн амрах байр зэрэг багтсан юм. Элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэхэд анхаарч ажиллана. Учир нь манайхан элэгний хавдрын хамгийн сүүлийн шатандаа буюу элэг солих хэмжээнд хүрсэн хойноо л эмнэлэгт ирж байна. Элэгний өвчлөлийг эрт илрүүлж, эмчилгээг эрт хийвэл эдгэрдэг өвчин.

Дээрх мэдээллийн дараа Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг хүргэе.

Монгол Улсад оношлох, эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүмүүсийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас хийж эхэлсэн гэж мэдээллэсэн. Энэ талаар?

-Өнөөдрийн байдлаар манай улсад эмчилж оношилж чадахгүй байгаа 33 төрийн өвчин бий. Эдгээр өвчин эмгэгийг эх орондоо оношилж эмчлэх ажлыг ЭМЯ эхлүүлнэ. Ингэхийн тулд дотоодын нөөц бололцоондоо тулгуурлах, гадаадаас нарийн мэргэжлийн эмч ажилтнуудын баг ажиллуулахаар төлөвлөж байна. Иймд гадаадад эмнэлгийн тусламж авахаар хүлээж байгаа болон хандаж чадахгүй байгаа хүмүүсийг Эрүүл мэндийн яаманд бүртгэж эхэлсэн. Бүртгэлийг http://www.chd.moh.mn/ цахим хаяг болон 7012 8807, 93137804, 98648801 гэсэн утсаар авч байгаа.

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрхэн хийх вэ?

-Эрүүл мэндийн даатгалын хууль бол иргэдийн санхүүгйин эрсдлийг даасан том хууль гэж үздэг. Одоо УИХ дээр энэ хуулийн төсөл явж байгаа. Асуудлын гол нь юу гэхээр Иргэний эрүүл мэндийн даатгал нь бие даасан байгууллага гэдэг утгаараа салбаруудын хооронд зөрчил гардаг. Эрүүл мэндийн яамны хувьд даатгуулагчийн эрх ашиг хангагдаж, даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлтэй үед даатгалын сангаасаа ямар нэгэн шимтгэлгүй авч байвал болж байгаа нь тэр. Эрүүл мэндийн даатгалын энэ хууль даатгуулагчийн эрхийг хамгаалсан нилээн сайн хууль гарна гэдэгт итгэж байгаа.

-Иргэдийн эрүүл амьдрах ёс зүйг төлөвшүүлэх “Соёлын довтолгоо” гэдгийг тодруулж өгнө үү?

-Соёлын довтолгоо буюу эрүүл мэндийн довтолгоо”-ны хүрээнд иргэдийг мэдлэг мэдээллээр хангах юм. Хүний эрүүл мэндийг 100 хувь гэж үзвэл 55-60 орчим хувь нь амьдралын хэвшил, архи, тамхи зэрэг буруу зан үйлтэй шууд холбоотой. Тиймээс Эрүүл мэндийн дэмжих санд 4.1 тэрбум гаруй төгрөгийг байршуулсан. Нэг иргэнд 1000 төгрөгөөр тооцоод цусны даралтаа хянаж, ихдэх буюу багасахад арга хэмжээ авчихдаг болох, архи тамхины хэрэглээ, осол гэмтэл зэргээр мэдээлэл өгнө. Энэ сангийн 70 орчим хувийг эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаанд зориулахаар сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэх юм.

-Албан бус төлбөр гэдэг нь ямар төлбөрийн асуудлыг тодруулбал?

-Албан бус төлбөр гэдэг нь хууль журмаар зөвшөөрөгдөөгүй төлбөр авахыг хэлдэг. Энэ албан бус төлбөрийн хэмжээг 2010 онд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар монголчуудын эрүүл мэндийн зардлын 41 хувийг албан бус зардал эзэлж байна гэж тогтоосон. Бид бүрэн эрхийнхээ хэмжээнд энэ төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын дутууг иргэдээс авахгүйн тулд төсөвтөө 33 тэрбумыг нэмж суулгах хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Мөн өндөр өртөгтэй мэс засал, тусгай хэрэгсэлийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж, хувь хүний төлдөг төлбөрийг бууруулахыг Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гаргаж, үүнд 9 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоог оны эхэнд гаргасан.

-Хүн амаа өсгөж, гурван саяд хүргэнэ гэж байгаа. Гэтэл төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хэвээрээ байна. Нисэхийн дэнж дээр баригдаж байсан IV дүгээр төрөх эмнэлгийн барилгыг зогсоол шийдвэр гарсан байгаа гэсэн?

-Ерөнхий Аудитын газраас дүгнэлт хийгдээд Нисэхийн дэнж дээр баригдаж байсан IV дүгээр төрөх эмнэлэг,  Герентлогийн төвийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан юм. Дэд бүтэц байхгүй, хөрөнгө мөнгө нь хэд дахин нэмэгдсэн тул уг барилгыг үргэлжүүлнэ гэвэл маш их хэмжээний санхүүжилт шаардагдана.  Харин энэ жил III төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд төрөх эмнэлэг барина. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Жайка олон улсын байгууллагын тусламжтайгаар ЭМШУИС-ийг түшиглэн эмнэлэг барих гэж байгаа. Азийн хөгжлийн банкны Хөгжил хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт загвар эмнэлэг баригдах юм.

5-Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгж болсон өрхийн эмнэлэгт итгэх иргэдийн итгэл буурсан. Энэ тал дээр ямар ажлыг хийж байна?

-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн боловсон хүчин бэлддэг сургуулийн чанар маш муудсан. Төгсөгчдийн чанар муу байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд долоо хоног бүр хот хөдөөгийн эмнэлгүүдтэй теле хурал хийж, хүүхэд яагаад эндэв, эх яагаад гэртээ төрөв зэрэг асуудлыг тодруулдаг.  Хэлэлцэж байх явцад эмч нарын ур чадвар сул байгаа нь мэдэгдэж байна. Өрхийн эмнэлгүүдэд  ЭМШУИС-ийг төгссөн оюутнуудыг дадлагажигч эмч хэмээн өрхийн эмнэлэгт хуваарилж байгаа нь салбарын үйл ажиллагааны буруу бодлого гэж үздэг. Дадлага туршлага муутай, залуу хүнийг өрхийн эмнэлэгт ажиллуулснаар тогтвор суурьшилгүй байдгаас болоод иргэд анхан шатны тусламж авахаасаа илүү хоёрдох шатны эмнэлэг рүү хандаж байна. Тийм учраас  өрхийн эмнэлэгт хамгийн туршлагатай, чадалтай эмч нарыг ажлуулж байж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай болох юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас бодлогын түвшинд тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.

Х.Даваа