Материалын үнэ орон сууцны үнэд нөлөөлсөн нь үндэслэлгүй ажээ
2014/03/11
Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ зогсолтгүй өссөөр, өнөөдөр хямдад тооцогдох орон сууцны метр.квадратын үнэ доод тал нь 1.9-2.7 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд нэг метр.квадрат нь тав сая байгаа. Засгийн газраас байрны үнийн хөөрөгдлөөс сэргийлж шат шатны арга хэмжээ авч байгаа ч өдөр ирэх тусам нэмэгдсээр бараг хоёр дахин өсчихсөн байна. Орон сууцны үнийн хөөрөгдлийн шалтгаан нь иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломж нэмэгдсэнээр эрэлт нь нийлүүлэлтээс давсан. Өөрөөр хэлбэл ажилтай хүн бүр урт хугацааны зээлээр байртай болох боломжтой болсноор байр худалдан авах иргэд, баригдсан барилгаасаа давжээ. Барилгын салбар өмнөх оноос 70 орчим хувиар өсөлттэй байж, бүтээн байгуулалт нэмэгдсэн үүний нэг баталгаа юм .
Эрэлтийг овжиноор ашигласан барилгын компаниуд ороц сууцны үнийг тэнгэрт тулгасан юм. Барилгын компаниудын зүгээс вальют өссөнөөр барилгын өртөг дагаад өссөн гэнэ. Ер нь барилгын үнэд нэлээд нөлөөлдөг зүйл бол цемент, арматурын үнэ. Эдгээрийг голдуу импортоор оруулж ирдэг. Арматурын 20 хувь, цементийн 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Бусдыг нь импортоор оруулж ирдэг. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, Монголбанктай хамтарсан тушаалаар зайлшгүй шаардлагатай барилгын материалуудыг оруулж ирэхээр болсон. Ингэснээр арматур, цементийн үнэ тогтвортой байгаа гэж яамнаас мэдэгдэж байгаа ч үнэ тогтворжихгүй өнөөдөр тэнгэрт гарчихсан байна. Өнөөдөр иргэд аргаа бараад метр.квадрат нь 1280 мянган төгрөгийн үнэтэй байрыг хямдхан гэж “булаацалдаж” байна.
Монгол Улс барилгын голлох түүхий эдээр маш баялаг орон. Элс, хайрга зэрэг нь байгальдаа үнэгүй байж байдаг. Үүнээс элсээр үйлдвэрлэдэг барилгын өрлөгт ашигладаг гол бүтээгдэхүүн бол пенобетон блок буюу хөнгөн блок юм. Барилга барьхад цемент, арматураас гадна өрлөгийн материал чухал байдаг. Сүүлийн үед барилгын өрлөгт хөнгөн блокийг ихээр хэрэглэх болсон. Мөн хөнсөн блоконд хаягдал үнс ч ашиглаж болдог аж. Хөнгөн блокийг импортолж авдаггүй. Зөвхөн дотооддоо үйлдвэрлэдэгээрээ онцлогтой барилгын материал юм.
Хөнгөн блокийг үйлдвэрлэхэд байгалийн элс, ус, цемент, хөөс үүсгэгч бодис ордог аж. Мөн элсийг орлож хаягдал үнс болон барилгын бусад нунтаг материалуудыг үндсэн түүхий эдээр ашиглаж ордог байна. Эдгээрээс элс, ус хоёр Монголд бараг үнэгүй гээд хэлчихэд болохоор материалууд, харин цемент хувьд дээр дурдсанаар Барилга, хот байгуулалтын яам өнгөрсөн хугацаанд цемент, арматурын нийлүүлэлтийг тасралтгүй хангахаар 55 компанид 125.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр жилд 1.2 сая тонн цемент гаднаас авч, тонн цементийн үнийг дунджаар 130 мянгад барьж чадсан гэж мэдээлж байгаа. Тэгвэл хөөс үүсгэгч бодис нь нэг уутандаа 50 килограммаар савлагдсан байдаг. Нэг уут хөөсрүүлэгч бодис нь 50 орчим мянган төгрөгийн өртөгтэй, үүгээр 5-6 метр.куб буюу ойролцоогоор 85 ширхэг хөөсөн блок үйлдвэрлэдэг аж. Энэ бодис зах зээлд нэг тонн нь 1700 ам.доллар байдаг гэнэ.
Барилгын дүүргэлтэнд нэг ширхэг хөнгөн блок хэмжээгээрээ 30 тоосготой тэнцэх бөгөөд тоосгоны нийт жин нь ойролцоогоор 105 килограмм байдаг аж. Харин нэг ширхэг хөнгөн блок нь 28-42 килограмм жинтэй гэнэ. Хөнгөн блокийг үйлдвэрлэхэд бусад материалыг үйлдвэрлэхэд ордог материалаас бага зардал ордог. Нэг метр.куб хөнгөн блок үйлдвэрлэхэд 80-90 төгрөг зарцуулагддаг байна. Нэг метр.кубд 19 ширхэг хөнгөн блок ордог аж. Тус материал тээврийн зардал, татвар ороод өнөөгийн зах зээлд нэг метр.куб нь 130-150 мянган төгрөгийн өртөгтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд блокийн үнэ дорвитой нэмэгдээгүйг блок үйлдвэрлэгчид хэлж байна. Блок үйлдвэрлэгчид зах зээлээ дагаад үнээ нэмчвэл барилгын компаниуд худалдаж авдаггүй гэнэ.
Энэ мэт шалтгаанаас үзэхэд барилгын материалаас болж орон сууцны үнэ өссөн гэх нь ор үндэслэлгүй асуудал юм. Төрөөс дэмжээд хэзээ төлөх нь мэдэгдэхгүй зээл, тусламж олгосон. Мөн барилгын 260-аад нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон үндсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Энэ мэт барилгын салбарыг дэмжээд байхад барилгын компаниуд материал үнэ гэх мэтээр шалтаглаж ашиг олсоор байна. Өнгөрсөн онд Ховд аймагт “ББМЗЗТ” ХХК-ийн барьсан 52, 59 метр.квадрат бүхий 36 айлын орон сууцыг 29-32,5 сая төгрөгөөр үнэлж, тус байрны нэг метр квадратыг 550 мянган төгрөгөөр худалдан авах боломтой байрыг ашиглалтад оруулж байсан. Тус компанийнхны тооцоогоор нэг метр.квадратыг 550 мянгад худалдасан ч чамлахааргүй ашиг гарц байжээ. Тэд ижилхэн л цемент, арматур, блокоор барьсан. Харин ч Ховд аймаг руу тээвэрлэлтийн зардал их гараад илүү зарлага гармаар юм. Орон сууцны бодит өртөг хэр байгааг үнээс харж болно.
Д.МЯГМАРДОРЖ