Манай Монголчуудын хэнэггүй зан өөрсдийнх нь эрүүл мэнд, цаашлаад амь  насанд нь заналхийлдэг гэдэгтэй санал нийлэх үү?

Ямар ч улсын иргэдэд өөрийнхөө эрүүл мэндийг хянах боломж байдаг. Харин монголчууд хоолойгоороо даваад ходоонд нь юу болох талаар тооцохгүйгээр "идэх зүйлээ" сонгочихдог гэхэд хилсдэхгүй. Гэхдээ нөгөө талаас үйлчилгээний газруудад ихээхэн найддаг байх. Гэвч бизнес эрхлэгчид мөнгө л олж байвал хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавихаа больсон өнөө үед "хэнэггүй зан"-гаа гээж хашир байх цаг үетэй тулаад байна. Он гарснаар өчнөөн хүн хоолны хордлого авч ХӨСҮТ-д цусан суулгацаар өвдсөн гэдгийг нийгэм даяараа мэдсэн, сонссон. Гэтэл өнөөх хэнэггүй зангаараа түргэн муудах бүтээгдэхүүнийг ямар ч хадгалалтын шаардлага хангаагүйгээр худалдаалж байхад л аваад идчихсэн байх юм. Хаа сайгүй хоолны газар, гуанз байх атлаа чанар стандартын шаардлага хангасан нь тун ховор. Гэтэл ТҮЦ-нээс хавчуургатай талх худалдан авч идээд 22 иргэн энэ сарын 18-22-ны байдлаар ХӨСҮТ-д иржээ. Тэд бүгд хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогджээ. 

Ийнхүү хоолны хордлогод орсон иргэдийн мэдээллээр шалгахад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т,Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоосон байна. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэтэл иргэдэд ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг мэргэжлийн хяналтаас байнга анхааруулж, сануулдаг. Манайхан л хэнэггүй зангаа гээхгүй юм даа.

НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Батцэцэг: Зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхэлсэн этгээд болон хаяг шошгогүй бүтээгдэхүүн худалдаалсан ТҮЦ-д Зөрчлийн тухай хуулиар тус бүр 500 мянган төгрөгийн торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосон.

Орон сууцанд үйлдвэрлэж, ТҮЦ-үүдэд худалдаалж байсан 127 ширхэг хавчуургатай талхыг НМХГ-аас хураасан байна. Үүний 20 ширхгээс нь шинжилгээ авахаар лабораторид шилжүүлж, үлдсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгалд оруулсан гэв. Үүнтэй холбоотойгоор 27 нэр төрлийн 842 ширхэг бүтээгдэхүүн хураан авчээ.

Гэтэл долдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж байсан. Энэ тоо өчигдрийн байдлаар 45 болон нэмэгджээ. 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үлдсэн тав иргэн эмнэлгийн хяналтад гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Хордорж ханадаггүй монгол зангаа хэзээ гээх вэ?  Өөрсдийн болоод өрөөл бусдын эрүүл мэнд, цаашлаад амь насыг нь бодолцох цаг хоол үйлдвэрлэл эрхлэдэг бизнесийнхэнд иржээ.