Би шагналд дургүй
2019/07/26
Хэлэхэд хэцүү ч, нэг жишээ дурдая. Наадмын өмнө төр засгаас иргэдэд шагнал гардуулсны дараахан “гавъяат цол хүртчихнэ” гэж найдаж хүлээж байсан нэг хүний гомдол хэвлэл мэдээллээр гарлаа.
Хөөрхий, их л хөдөлмөрлөн зүтгэж гавъяат цолыг хүсэн хүлээж байжээ. Ийм хүн олон бий, тэд сэтгэлээр унан, үр хүүхдүүд нь яахаа мэдэхээ байцгаана. Өрөвдмөөр байна... Хэлэхэд хэцүү ч, энэ бол бодит үнэн, бид цол одон медаль, шагналд дуртай болжээ, биднийг ийм болгожээ. Одон медалийг хөөцөлдөж байгаад л авчихдаг болсон бололтой... Шагнал, цолны тодорхойлолт хариуцсан төрийн албан хаагч нар “шагналын талаар асууж лавласан найз нараа блоклоно” хэмээн нүүр номоороо зарладаг болжээ.
Бүр сүүлдээ залуучууд одон медаль мөрөөддөг болоо юу даа? Алтан гадас одон хүртээд, төр засгаар хөдөлмөрөө үнэлүүллээ гээд, баярлан гүйж яваа 30 гаруй насны залууг харлаа, найз нараа цуглуулаад найр хүртэл хийж байна, бас л өр өвдмөөр байна... Хүүхдүүддээ хүртэл “шагналын өвчин” тусгаж эхэлж байна, бид. Шинэ жилээр бага сургуулийн нэг ангийн 30 сурагчийн тал нь “сургуулийн тэргүүний сурагч” өргөмжлөлөөр шагнуулсан гэсэн яриа гарч байсан... Тэр өргөмжлөлийг худалдаад л авдаг гэсэн. Өвөө эмээ, аав ээж, ах эгч нараа хараад л, би ч бас ингэж шагнуулдаг хүн болно, гэж мөрөөдөж байгаа бяцхан “гавъяатын” буруу гэж юу байхав? Хайрт улс төрчид, дарга даамлууд маань одон медалийг шуудайгаар нь ачаад сонгогчдоо шагнах гээд явдаг болж...
Шагнал цол бидний мэлмийг харлаган болгож мөрөөдлийг мохооруулж, аз жаргал амьдралын үнэ цэнийн төлөө хөдөлмөрлөх хүсэл тэмүүллийг маань хорлон сүйтгэж байна.... Бид 3 саяулаа гавъяат, доктор, тэргүүний болох өдөр айсуй....
Мэргэжлийн дагуу бас л Японоос жишээ татъя (би сүүлийн үед их шүүмж бичиж байгаа учраас, энэ нөхөр ам ангайхаараа л Япон гэх юм гэж дургүйцэх хүн ихэсч байгаа). Японд бол одон медалиар шагнуулагсад хүн амынх нь тоонд харьцуулбал маш цөөн. Хамгийн сонирхолтой нь шалгуур. Үндсэн шалгуур нь бол “шагнуулах гэж байгаа хүн тэтгэвэртээ гартлаа нэг салбартаа ажилласан байх, тэгээд, ажиллахдаа гаргасан гавъяаг нь ярих” гэсэн шалгуур байдаг юм билээ. Одонгоор шагнуулагсад бүгд шахуу өндөр настнууд, одонгийн найр гэж байдаг ч юм уу, мэдэхгүй.
Би ШАГНАЛД ДУРГҮЙ. Намайг төрийн байгууллага, сургууль соёлын газруудаар орохоор олон хүн хүндэтгэлтэй хандаад байх шиг санагддаг, таны орчуулсан номыг уншсан, хүүхдийн төлөвшлийн талаарх яриаг чинь сонссон, гээд л, хүмүүс их сайхан хүлээж авдаг. Тэр үед би маш их баярладаг, энэ бол наддаа дээд зэргийн шагнал (өөрийгөө магтчихлаа, уучлаарай).
Төр засгаас олгодог болон бусад янз бүрийн байгууллагуудаас олгодог шагналын талаар Монголчууд бид нухацтай ярилцаж, эрх мэдэлтнүүд маш яаралтай хууль журмандаа өөрчлөлт оруулахгүй бол болохоо байжээ.
Монголчууд бидний эрүүл мэнд, сэтгэл санааг олон юм “алж” байна, үүний нэг нь хавтгайрсан шагнал. Биднийг шагнаж “хордуулж” байна, бид “шагнуулах өвчин” тусчээ. Хоёр дахь удаагаа сонгогдож, дахиж нэр дэвших боломжгүй болсон Ерөнхийлөгч “шагнал, одон медаль” хэмээх хорт хавдрыг нэгмөсөн үгүй хийж, өнө мөнхийн гавъяа байгуулах цагийг бид үзэх болов уу?
Д.Төмөрбаатар
Zochin · 2019/07/27
Manaid denduu oldchihood bna shuu dee,tegeed shagnalaa baruum solgoigui,zarim ued gyalgar uutnuudad hiichihsen taraagaad yavjil bsan
Зочин · 2019/07/26
Хэн хүнгүй үзэл бодлоо илэрхийлэх нь зөв л дөө. Гэхдээ Шагнал огт хэрэггүй гэж туйлширч болохгүй ээ. Шалгууртай, Лоббигүй хийсэн бүтээсэн зүутгэсэн чармайснаараа шагнагддаг л байхад болно шдэ. Шагнал авсан хүн нь авсан шагналдаа дулдуйдах биш, харин ч улам ухамсартайгаар өшөө ихийг бүтээгээрэй гэж байна гэж ойлгоод урам авч идэвхитэй ажиллах хэрэгтэй л дээ