БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчлаад буцлаа. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард тус улсын Шадар сайд Хакан Чувашолу, дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Бинали Йылдырым нар айлчилж байв. Экспорт нь 160 тэрбум ам.доллар давсан Европын хамгийн том эдийн засагтай орны тоонд багтах Турк Улсын том дарга нар биднийг анхаарч жил дараалан ирсэн нь нэр төрийн хэрэг.

Гэхдээ эдгээр айлчлалын үеэр яригдсан зүйлсийг харахад сонирхолтой давхцал бас байна. Ер нь Турк дарга нар ирэхээрээ “Туркиш Эйрлайнз”-аа их ярих юм аа. Айлчлалын хурал, уулзалтууд нь дуусаагүй байхад элдвийн дүгнэлт гаргаад байх зохимжтой биш тул хожуу бичиж байгаа нь, энэ. Харин одоо айлчлал дууссан. Тэгэхээр хийсэн хэлэлцээ, ярьсан үгсийг нь эргэж санах, ярилцах цаг нь болсон гэсэн үг. Ядаж л хэвлэл мэдээллийн хувьд, өөрсдийнхөө үүргийн хүрээнд сануулах нь зөв.

Учир нь улс орны удирдагчид зүгээр үдийн зоог барих гэж онгоцоор нисээд байдаггүй юм. Ирээдүйд хамтран ажиллах чиг шугам, манайхаас юу сонирхож байгааг нь уулзалтын уур амьсгалаас харж болдог. Энэ өнцгөөс нь хандая. Сая манайд айлчилсан БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийс эн. УИХ-ын ол он нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээс харахад ноён М.Шентоп 2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 43 сая ам.доллар байгааг 100 саяд хүргэх боломжтойг онцолсон байна. Ингээд хэлэлцээний үеэр ноён М.Шентоп Турк-Монголын хооронд хийж буй шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ. Тэрбээр “Нислэгийн тоо нэмэгдсэнээр зорчигч болон ачаа тээвэр мэдэгдэхүйц өсч, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хамтарсан бизнес хөгжих үүд хаалга нээгдэнэ. Тухайлбал,“Туркиш Эйрлайнз”-ын нислэгийг өдөр бүр явуулдаг болсноор Туркээс жилд 75 мянган жуулчин Монголд ирнэ гэсэн тооцоо гарсан” гэсэн байна.

Түүнчлэн “Энэхүү асуудлыг шийдсэнээр Монголын талаас санал болгож байгаа Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборыг хамтран хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал шийдэгдэж, улмаар газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ” гэжээ. Нислэгийн тоог нэмэгдүүлбэл нэлээд өргөн хүрээнд боломж олгоно гэсэн утга харагдаад байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд, Монголын талаас хоёр талын суудлын тоог нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгч тус бүр долоо хоногийн 500 суудал нийлүүлэхээр байгааг 750-1000 хүртэл байхаар нэмэгдүүлэх, агаарын харилцааны хамтын ажиллагааны бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гээд бөөрөнхийлөөд өнгөрсөн бололтой.

Ноднин манай улсад айлчилсан Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым ч 2017 онд 31 сая ам.доллар байсан худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх талаар ярьж байв. Уг 300 сая ам.долларыг Туркийн талд танилцуулсан төслүүдэд хөрөнгө оруулахаас гадна Орхоны хөндийд барих аялал жуулчлалын цогцолборт 120 сая ам.долларыг зарцуулах бодолтой байгаагаа хэлж байлаа. Түүнээс гадна Турк, Монголын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлыг хөндөж “Шууд нислэгтэй болсноор бизнес эрхлэгч, зорчигчдын тоо 30 хувиар нэмэгдэнэ. Худалдааны эргэлт 30 сая ам.доллар хүрээгүй байхад зөвхөн шууд нислэг 60 сая ам.долларын эргэлт авчрах боломжтой. Өвөг дээдсийнхээ өлгий нутгийг үзэх сонирхолтой олон мянган турк хүн бий. Туркийн 11 сая аялагчийн таван хувь нь Монголд ирлээ гэхэд 500 мянган хүн ирнэ. Ингэвэл хоёр улсын харилцаа нэг шатаар ахина. Үүнийг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” гэж онцолсон байдаг. Тэгэхээр Туркийн төрийн хоёр өндөрлөг жилийн зайтай адилхан зүйл Турк дарга ирэхээрээ “Туркиш Эйрлайнз”-аа ярьсаар буцах юм даа хэлж байна. Мөн Туркийн Шадар сайд Чувашолу ч өнгөрсөн жил ирэхдээ Зам, тээврийн хөгжлийн яамныхантай уулзах үеэрээ “Зорчигчдын тоог нэмэгдүүлэх, ачаа эргэлтийн хүчин чадлыг сайжруулахын тулд долоо хоногт 500 зорчигч нисгэх хязгаарлалтыг байхгүй болгох хүсэлтэй байна” гэсэн санал тавьж байлаа.

Үнэндээ, манай улс жил бүр сая орчим жуулчин хүлээж авах зорилт тавьдаг ч 40 мянга дөнгөж гараад л зогсдог. Эдгээрт нь ядаж жуулчны визээр ажиллах гэсэн Хятад, Хойд Солонгосын ажилчид багтчих нь бий. Тэгэхээр нислэгийн зорчигчийн тоог хязгаарлахгүй болчихвол Туркийн тал одоогийнхоосоо том онгоц нисгэснээр түлш цэнэглэх шаардлагагүй болж УлаанбаатарБишкек-Истанбул гэсэн нислэг шууд Улаанбаатар-Истанбул гэсэн маршрут гарах юм. Тийзний үнэ ч бууна. Дагаад 75 мянган жуулчин эцэг, өвгөдийнхөө өлгий нутгийг үзэхээр Туркээс Монголыг зорих нь байна. Дээр нь бас хөрөнгө оруулалт хийе гээд байгаа. Энэ бол яалт ч үгүй сонирхол татах зүйл. Тэгвэл яагаад 2012 оноос хойш үүнийг Туркийн талаас хүсээд байхад манайхан зөвшөөрөхгүй байна вэ. Бүр М.Зоригтоос хойших Зам тээврийн сайд нарыг Турктэй холбож хардах, тэдний талд шийдвэр гаргах гэж байна гэж шарлуулах явдал үе үе гарсаар ирсэн билээ.

Ер нь бол салхийг нь нээгээд өгвөл тийзний үнэ хямдруулаад нислэгийн тоогоо нэмье гэдэг саналыг байнга тавьдаг нь “Туркиш Эйрлайнз”, “Корейн эйр” хоёр л доо. Хэрэв тэгвэл манай МИАТ-ын асуудал хүнд болно. Зарим мэргэжилтнүүд “Төрийн өмчийн ганц агаарын тээврийн компани дампуурна. Тийм болохоор гаднын томоохон компаниудад илүү эрх олгох асуудалд болгоомжтой хандах ёстой” гэдэг. Үнэхээр ч МИАТ манайдаа л ганц болохоос Европын нислэгийн өрсөлдөөнд “Туркиш Эйрлайнз”-ын хурууны чилээгч гаргахгүй. Ийм өрсөлдөөнд оруулаад хүчийг нь сулруулчихлаа гэхэд өнөөх гадны компаниуд гэнэтхэн үнэ ханшаа нэмээд эхлэвэл бид чинь аралд хаягдсан амьтад шиг болно. Энэ болгоомжлол л ашигтай саналаас өдийг хүртэл болгоомжлуулсан хэрэг. Бас “Корейн Эйр”, “Туркиш Эйрлайнз”-ын нэгнээсээ өрсөж нөлөөгөө тэлэх гэсэн нүдэнд үл харагдах тэмцэл манайд болоод байна гэсэн хардлага ч гарч л байдаг. Хариуд нь МИАТ-ын өндөр үнэтэй нислэг хэвээрээ үлдэж байгаа юм.

“Туркиш Эйрлайнз”-ын хувьд дэлхийн 282 чиглэлд 300 шахам онгоцоор нислэг үйлддэг. Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт огцом хүчтэй гарч ирснийг нь Туркийн төр засгаас онцгой дэмждэгтэй нь холбох нь бий. Америк, Их Британи, Германы топ авиа компаниудын зах зээлийг ч булааж байгаа талаар мэдээлэл гардаг. Томоохон улс орнуудыг сандаргадаг тус компани жижиг орныг яадгийг Гүржийн жишээгээр тайлбарлах нь ч байна. Гүржид нислэг үйлдэх бүх хязгаарлалтуудыг байхгүй болгосны дараа “Туркиш Эйрлайнз-ын идэвх ихээр нэмэгдсэнээр Гүржийн дотоодын 17 компани ээлж дараалан дампуурсаар ердөө гурав нь үлдсэн тухай томоохон хэвлэлд нийтлэл гарч байлаа. Хэн хямдхан, үйлчилгээ сайтаагаар нь үйлчлүүлэх уралдаан ингэж төгсдөг аж. Гэхдээ бид ер нь алийн болгон “Корейн Айр”, “МИАТ”-ын өндөр үнэтэй тийз авах ёстой юм бэ гэдэг бодол ч орж ирж байна. “Туркиш Эйрлайнз” ганцхан манайхыг анхаараад байгаа юм биш. Ерөөсөө дэлхийг эзлэх хүсэлтэй л яваа хэрэг. Тэр ажлыг бүтээхийн тулд төр засгийн тэргүүнүүд нь уйгагүй хөөцөлддөг нь ч харагдаж байна. Манайд ирсэн төр засгийн томчуудынх нь айлчлал цөөхөн санаан дунд л болдог. Туркийн тэр айхтар төрийн эсрэг байгууллага гэгдэх “Фето” нь манайд ч ямар хамаатай биш дээ. Хамтдаа жигшиж байгаагаа илэрхийлэхэд л болно. Хамгийн гол нь нислэгийн асуудлаа шийдчихвэл өргөн боломж нээгээд өгье гэдэг дээр л зангираад байх. Турк дарга ирэхээрээ “Туркиш Эйрлайнз”-аа ярисаар байгаад буцах юм даа. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин