-НАМЭХ-ны хурал ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлох нь ээ-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сонгуулийн буухиагаа бодож НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох уу, хараатаар байх халаасны хүнээ дэвшүүлэх үү гэсэн хүлээлт улстөрийнхний дунд бий боллоо.  Учир нь, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ сарын 17-нд буюу пүрэв гарагт хуралдана. Тус холбооны дүрэмд чуулганаа дөрвөн жилд нэг удаа хуралдуулж, Ерөнхийлөгчөө сольж, дүрэм журмаа шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцэх тухай заасан байдаг.

 

Улстөрийн нам, хүчнүүдийн өнгийг дэргэдэх холбоод нь тодорхойлдог. Энэ ч утгаараа НАМЭХ-ны чуулган олны анхаарлыг төвд байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө шинэ ерөнхийлөгчөө сонгох нь өнөөгийн төрд үнэмлэхүй олонх болсон ч нэр хүнд нь навс унасан МАН-ын хувьд НАМЭХ аврах гарц нь байх бололтой.

 

 

Учир нь, намын залуу халааг бэлтгэдэг гэгдэх НАМЗХ-ны нэр хүнд унаж, цүнх баригчид гэх нэрийг зүүсэн. Улстөрийн хүрээнд ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүг хийж, бүтээдэг, улс, нийгмийн хариуцлага өндөртэй гэдэг нь сүүлийн жилүүдэд батлагдсан. Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчийг ихэд нухацтай сонгох  байх гэж олон нийт харж байгаа.

Энэ удаа НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын  гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Сөүл” группын захирал Д.Өнөрболор гээд найман бүсгүйн нэр яригдаж байгаа аж.

Гэхдээ тус холбооны дүрмийн дагуу МАН-ын дарга НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг чуулганд танилцуулах учиртай. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх эмэгтэйчүүдээс сонголтоо хийнэ гэсэн үг.

 

 

Ерөнхий сайд ирэх оны сонгуулийн буухиагаа бодолцож, халаасны “хөзрөө” дэлгэх байх гэж харах хүн олон. Гэвч олонд танигдсан, амбиц, татаас ихтэй хүнээс илүү боловсрол, мэдлэг сайтай, бусдыг манлайлах чадвартай, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн л улстөрд  хүлээн зөвшөөрөгдөж байгаа.

 

 

Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэгэнт нэр хүнд нь унасан намын тулгуур болсон НАМЗХ нь  үгүй болчих шахсан үед НАМЭХ-д хүчтэй ерөнхийлөгч сонгох нь гарцаагүй. Эс бөгөөс МАН хоёр хөлөө тасдуулдсан мэт цаашид улстөрийн тавцанд байхад эрсдэл үүснэ гэдгээ гадарлаж байгаа болов уу. Түүний хувьд олон жил улстөрд зүтгэсэн ч хийсэн бүтээсэн нь үгүй, аливаа хууль бус асуудалд холбогдсон хүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Яг үүнтэйгээ адил залуус улстөрд илүү хүч төрж, боловсрол, мэдлэгээ түүчээлэн, шинэ салхи мэдрүүлж буй энэ цагийг үеийг ч ашиглах байх хэмээн олон нийт ажиглаж байгаа юм.

Тодруулбал, дээр нэр дурдагдаж, нэр нь ил болсон эмэгтэйчүүдээс сонголтоо хийх эрх нь Ерөнхий сайдад бий. Харин тэр халаасан дахь нэрсээс хэнийг нь сугалах бол. Хүлээн зөвшөөрөгдөх хэн нэгнийг үү,хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байх хараат хүнээ дэвшүүлэх болов уу гэдгийг харах л үлдлээ.