Шарга морьтын зүүн амнаас эхний автобусанд амжиж суугаад, 08:00 цагт Улсын I төв эмнэлгийн үүдэнд ирэх “даалгавар”-ыг насаараа шахуу биелүүлж яваа гэр бүлийн хоёр өдгөө 68 настай. Тэд тус эмнэлгийн үүдэнд жижиглэнгийн наймаа эрхлээд 30 орчим жил болж байгаа гэнэ.

Тэдэнтэй уулзахаар Улсын I төв эмнэлгийг зорив. Бид “Монголчуудын амьдрал” булангийнхаа энэ удаагийн дугаарт гудамжинд наймаа эрхэлдэг худалдаачдыг онцоллоо. 

Зузаан ултай эсгий гутал өмсөж, гадуур хувцас, хөвөнтэй нөмрөгөөр өөрсдийгөө “битүүмжилсэн” хоёр хөгшний лангуу хүн ихтэй байв. Хажууд нь очоод зогстол биднээс “Юу авах вэ, хүү минь. Айн, юу гэнэ ээ” гэж толгойгоо ороосон ороолтоо хойшлуулангаа хэд хэдэн удаа асуув. Тэднээс “Худалдаа наймаа хэр байна вэ” гэхэд Б.Ханд гуай чихэнд минь бараг наалдаж ирээд “Яах вэ. Хөгшин хүмүүс болохоор өрөвдөөд ч  юм уу. Худалдан авагч нар манайх руу ирээд байгаа юм шиг санагддаг. Чанга яривал хажуу хүмүүс сонсоод дургүйцэж магадгүй. Үнэндээ өмнөх жилүүдийнхийг бодвол худалдан авагч эрс багассан л даа. Гэхдээ манайх давгүй шүү. Уг нь энд таван лангуу байдаг юм, он гарсаар дөрөв нь тогтмол ажиллаж байна” гэж шивнэх төдий хэлэв.  Том, том цаасан хайрцаг эгнүүлж тавиад. үүн дээрээ эмнэлэгт хэвтэхэд хэрэг болох унтлагын хувцас, углааш гээд ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн зарж байв.

Мөн ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн зардгаас хамгийн гүйлгээтэй нь олон төрлийн жимсний ундаа, гурилан боов, бохь, шүдэнз гэнэ. Учир нь, эмнэлэгт хэвтсэн хүнийг эргэхээр очиж байгаа хүмүүс тэднээс эдгээрийг хамгийн их авдаг байна. Харин тэр хавиар яваа хүмүүс бохь, шүдэнз зэргийг ихэвчлэн ширхэглэж авдаг гэсэн. “Та хоёр өдөрт хэдэн төгрөг олдог вэ” гэтэл Д.Дамдинжав гуай “Янз бүр олдог болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ даваа гарагт орлого сайн байдаг. Учир нь, өдөр эмнэлэгт олон хүн хэвтдэг болохоор унтлагын хувцас, гэрийн шаахай, оо, сойз, ахуйн хэрэглээний бараанаас ганц, хоёрыг зардаг юм. Мөн ажлын эхний өдөр эмнэлгээр явах ажилтай хүн олон байдаг шиг санагддаг. Олон жилийн дунджаас харахад тийм байна. Мөн улс даяар олон хоног амарсны дараа бас орлого давгүй байдаг шүү” гэж гараа санитолоор ариутгангаа бидэнтэй ярив. Харин Б.Ханд гуай нэлээн даарч байгаа бололтой өвгөндөө “Энэ хэдийг хөдлөхөөр би гуанзанд хэсэг сууж байгаад, халуун цай аваад ирье. Чи намайг ирэхээр зөрөөд явна биз дээ” гэж байлаа.  Мөн тэд коронавирусийн халдвартай холбоотойгоор саяхнаас амны хаалт зарж эхэлжээ. Гараар оёсон болон үйлдвэрийн даавуун маск нь 1500 төгрөг, харин нэг удаагийнх нь 1200 гэж байлаа. Хүмүүсийн олонх нь амны хаалт асууж, ганц хоёр ширхгээр нь авч байсан юм. Дунд эргэм насны эр амны хаалт хоёр ширхгийг авъя гэхэд Б.Ханд гуай намайг “Миний хүү аваад өгчих. Хэдэн төгрөг өгсөн бэ. Хариултыг нь эндээс ав” гэж  гартаа барьсан өдрийн орлогоо над руу сарвайв. Тэрбээр “Заримдаа хөдлөхөөс залхуу хүрэх юм. Хөгширч байгаа юм болов уу даа. Ядраад л байдаг болж, хүн юм авъя гэхээр өвгөнийгөө надаас түрүүлээд хөдлөх болов уу гэж горьддог болж” гээд инээд алдав. Харин өвгөн нь “30 орчим жил олон хүнтэй харьцаж, зөвхөн зарж байгаа зүйлээрээ л амьдралаа залгуулдаг болохоор нэг өдөр ч болтугай амрах тухай бодож үзээгүй ээ. Олон нийтийн амралтын өдөр ч бид ихэнхдээ ажилладаг. Харин Цагаан сар, Наадмын үеэр амардаг юм. Бид долоон хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Бүгдийг нь л чадах ядахаараа боловсрол, мэргэжилтэй болгосон. Одоо хэдэн ач, зээгээ хараад гэртээ байж болохоор л байна. Гэхдээ хүний амьдрал гэдэг хэрэглээнээс хэрэглээний хооронд болохоор наймаагаа болих гэхээр амьдрал цуг зогсчих юм шиг санагдаад айх юм” хэмээн хуучлав. Тэд ширхгээр зарж болох бүх л зүйлийг зардаг аж. Худалдан авагч нар нь бараг сүүлдээ гурилан боорцогоо ширхэглээд зарж болохгүй юу гэж хүртэл асуудаг болсон гэнэ. Хэдийгээр тэд гадаа талбайд юм зардаг ч жил бүр байнгын үйлчлүүлэгчидтэй болдог байна. Тэрбээр энэ талаар “Манай хөгшин хүнд их итгэдэг. Чи анзаарсан бол уулзаад удаагүй та нарт хүртэл итгэж, “Хариулт мөнгөө эндээс ав” гэж өдрийн орлогоо өгч байгаа биз дээ. Эмнэлэгт удаан хэвтдэг хүмүүс өдөр бүр л биднээс бараа худалдан авдаг. Сар гаруй, бүр хэдхэн хоноод л эмнэлэгт хэвтдэг хүн цөөнгүй. Удаан хугацаанд эмнэлэгт хэвтэхээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй болдог. Заримдаа хүмүүс ганц ширхэг шүдэнз, уут боов зээлээд явдаг. Гэхдээ олонх нь авсан зээлээ төлдөг юм. Харин ганц нэг нь л өгөхгүй, тэр чигтээ алга болдог. Тийм учраас би эхнэрээ “Хүнд битгий итгэж бай. Одоо цагт зарим хүн бидний үе шиг байхаа больсон гэж хэлдэг” хэмээн ярилаа. Тэдний худалдан авагчдын олонх нь эмнэлэгт үзүүлэхээр ирж буй хүн. Тэд нэг удаагийн улавч, амны хаалт, бохь, шүдэнз авах нь олонтаа. 
Энэ хос жихүүн салхинд жижиглэнгийн бараагаа зараад удаж байгаа ч өдөр бүр цагдаагийн байгууллагынханд хөөгддөг гэсэн. Тэднийг  холбогдох байгууллагынхан зарах ёсгүй талбайд наймаа эрхэллээ гээд торгоод л явдаг. Тэд торгуулиад үлддэг гэнэ. Торгуулсан хэдий ч тэдний амьдралаа залгуулах гол хөшүүрэг нь энэ. Гэхдээ жил ирэх тусам хүмүүсийн  ширхгийн барааг хүртэл худалдан авах чадвар муудаж байгааг тэд онцоллоо. Жихүүн талбайн жижиглэнгийн худалдаачид туйлдаж  байгаа  ч тэдний сэтгэл туйлдаагүй. Гудамжинд наймаа эрхэлдэг ч хүнд итгэх итгэл нь алдраагүй болохоор сэтгэлдээ баян...

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин