Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчийн өдөр олон улсын амьдралд “түүхэн” гэж тодотгож болохоор нэгэн үйл явдал Катар улсын нийслэл Доха хотод болов.

Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад, “Талибан” хөдөлгөөний Катар дахь салбарын тэргүүн мулла Абдулла Гани Барадар нар АНУ ба Талибан хөдөлгөөний хооронд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар Афганистан улсад 20 шахам жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох эхлэлийг тавьж чадлаа.

 

Гарын үсэг зурах ёслолд 30 орчим улсын төлөөлөгчид болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг оролцжээ.

Баримт бичигт тусгаснаар, АНУ ба НАТО-гийн холбоотон улсууд эхний үе шатанд Афганистан дахь цэргийнхээ тоог 8600 хүртэл бууруулах ба цаашдаа “Талибан” хөдөлгөөн тохиролцоог сахин мөрдөж буй эсэхээс хамааран 14 сарын хугацаанд цэргээ Афганистаны нутгаас бүрэн гаргаж дуусгах ёстой. Талууд нууц тохиролцоонууд хийсэн байж магадгүй хэдий ч хэлэлцээрт тусгагдсан гол гол заалтуудыг дурдая:

 

--Талибууд тохиролцоог дагаж мөрдсөн тохиолдолд АНУ-ын тал 14 сарын хугацаанд Афганистанаас цэргээ бүрэн гаргана 

--Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Афганистаны засгийн газар ба Талибан хөдөлгөөний хооронд хэлэлцээ эхлэх ёстой.

--Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан АНУ болон түүний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлэх оролдлого хийх боломжийг “Аль-Каида” болон бусад бүлэглэлүүдэд олгохгүй байх үүргийг “Талибан” хөдөлгөөн хүлээлээ.

--3 дугаар сарын 10 гэхэд АНУ болон Афганистаны засгийн газар 5 мянган олзлогдсон талибуудыг, Талибаны тал Афганы арми, аюулаас хамгаалах хүчний 1 мянган олзлогдсон албан хаагчийг тус тус сулласан байх ёстой. 

--5 дугаар сарын 29 гэхэд “Талибан” хөдөлгөөний гишүүдийн нэрсийг хоригийн жагсаалтаас хасах асуудлаарх хэлэлцээг Афганистаны засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хийж эхлэх бол 8 дугаар сарын 27 гэхэд АНУ-ын засгийн газар талибуудыг Америкийн хоригийн жагсаалтаас гаргана.  

Гарын үсэг зурах ёслолд оролцсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео талибуудад хандан, “Аль-Каида” террорист байгууллагаас хэлхээ холбоогоо таслахыг уриалаад “Талибан хөдөлгөөн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйг бид анхааралтай ажиглах болно” гэжээ. 

 

Зардал сүйтгэл ихтэй, утга учиргүй дайн

 

2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагч Усама бен Ладеныг “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистанд орогнуулж байна гэж үзсэн АНУ болон түүний холбоотнууд мөн оны 10 дугаар сарын 7-нд Кабулд засгийн эрхийг барьж байсан талибуудын эсрэг “Enduring Freedom” /Туйлбартай эрх чөлөө/ цэргийн ажиллагааг явуулж эхэлсэн байна. Уг ажиллагааг явуулах албан ёсны “зөвшөөрөл” нь 2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1368 тоот тогтоол юм. 

Үүнээс хойш тасралтгүй 19 жилийн турш буюу АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн цэргийн ажиллагааны явцад 2400 гаруй америк цэрэг амь үрэгдэж, 20 мянга гаруй хүн шархдаж, дайнтай холбоотой нийт зардлын хэмжээ 2 их наяд доллароос давсан байна. Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын Төлөөлөгчийн газрын мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистаны 35 мянган энгийн иргэд амь үрэгдэж, 65 мянган хүн шархадсан байна.

2014 оноос хойш Афганистаны армийн 45 мянга гаруй албан хаагч амь үрэгджээ

 

Ийм учраас асар хохирол зардалтай дайныг эцэс болгоно гэдгээ Трамп сонгогчиддоо амласаар ирсэн, түүнийгээ ч биелүүлж чадлаа. 2016-2017 оны зааг үе буюу Д.Трамп Цагаан ордонд ирснээс хойш Афганистаны талаарх Америкийн стратегийн бодлогод томоохон өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Трампын засаг захиргааны зүгээс Афганистаны улс төрийн дээд хүрээнийхэнд хандан “бид танай улсад мөнхөд байгаад байхгүй ээ, та нар талибуудтай хэл амаа ололцох нь дээр шүү” гэсэн мессежийг өгөх болов. Америкийн өмнөх удирдагчдын эхлүүлсэн Афганистан, Ирак, Сирид явуулж буй утга учиргүй дайн тулааныг зогсооно гэдгээ Трамп анхнаасаа л сонгогчиддоо амласаар иржээ. Тэрбээр дайнд дэмий хоосон үрж буй асар их хөрөнгө хүчийг өөр чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үздэг хүн юм.

Гэхдээ зөвхөн Вашингтон бодлогоо өөрчилсөн гэж үзэж болохгүй. 20 шахам жил үргэлжилсэн дайны явцад “Талибан” хөдөлгөөн ч мөн өөрчлөгдлөө. Эцэс төгсгөлгүй “ариун дайн” /жихад/ хийхээс залхсан талибууд  энхийн гэрээний талаарх хандлагаа өөрчлөх болсон нь “Талибан” хөдөлгөөний дотор үе солигдож, АНУ, НАТО ба Афганистаны засгийн газрын нэгдсэн их хүчийг ялан дийлэх ямар ч боломжгүй гэдгийг гүнзгий ухаарсан залуу хүмүүсийн байр суурь бэхэжсэнтэй холбоотой.

 

Афганистан дахь Америкийн цэргийн тоо /2002-2019/

 

Гэхдээ нөгөө талаас нь харахад, Талибантай байгуулсан Дохагийн хэлэлцээр нь Трампын нэр хүндэд эрсдэлтэй алхам болсон гэдгийг ВВС-гийн тоймч онцолж байна. Учир нь, хэлэлцээрийг байгуулснаар террористууд гэж адлагдаж байсан “Талибан” хөдөлгөөнийг дэлхийн олон нийтийн өмнө “хууль ёсны бүлэглэл” мэт харагдуулж байгаа юм. 

 

Мэдээж хэрэг, гал зогсоох хэлэлцээр байгуулснаар Афганистанд хүчирхийллийг бууруулж, тус улсад ужгирсан улс төрийн хямралыг зохицуулах боломж бий болно гэж талууд найдаж байгаа. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, цэрэг гарсны дараа Афганистаны дотоодод явагдах хэлэлцээ нь АНУ-Талибаны хэлэлцээтэй харьцуулахад хамаагүй илүү “зовиуртай”-гаар өрнөх болно.

Учир нь, өнөөдөр талибууд Афганистаны нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг хянаж байгаа ба зарим мужид албан бус байдлаар засгийн эрхийг барьж, хүн амын дунд нэр хүнд сайтай байна. Үүний сацуу Афганистаны эрх баригч хүрээнийхэн засаглалын хямралд өртөж, Үндсэн хуулиар олгогдсон наад захын эрх үүргээ чадан ядан гүйцэлдүүлж байгаа бөгөөд мэргэжлийн ур дүй муутай, асуудлыг шийдвэрлэх чадваргүй, бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Улс төрийн дээд хүрээнийхэн авлигад идэгдэж, бүлэглэл хоорондын зөрчил хурцадсаар байгаа учраас тэдний байр суурь улам ганхсаар. Энэ бүгдийг тооцож үзвээс, 2020 оноос хойших хугацаанд талибуудын байр суурь нэлээд бэхжих төлөв харагдаж байна.   

 

 “Хүчирхийллийг бууруулах долоо хоног” ба тохиролцоонд хүрэх зам  

 

Хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнөх долоо хоног бол “хүчирхийллийг бууруулах дэглэм” тогтоосон үе байлаа. Нэг ёсондоо талибууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадах уу гэдгийг тандсан гэж хэлж болно. Хэрвээ долоо хоногийн эвлэрэл үр дүнд хүрэх аваас одоо 13 мянга гаруй байгаа цэргийнхээ тоог 8,6 мянга хүртэл бууруулна гэж АНУ амлажээ. 

 

АНУ-Талибаны хоорондох шууд хэлэлцээ 2018 онд эхэлж, 2019 онд хэдэн сарын турш үргэлжилсэн байна. Өнгөрсөн хугацаанд 8 удаа хэлэлцээ хийсний эцэст Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын төлөөлөгч Залмай Халилзад болон Доха дахь талибуудын төлөөлөгчийн газар Энхийн гэрээний төслийг харилцан тохиролцжээ. Гэвч 2019 оны 9 дүгээр сард Кабул болон бусад хотод үйлдсэн террорист халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дотор Америкийн цэргийн албан хаагч байсан нь Д.Трампыг хилэгнүүлж, тэрбээр “Талибан”-тай хийж байсан хэлэлцээг шууд зогсоож байв.

Үүний дараа 11 дүгээр сарын сүүлчээр Д.Трамп Афганистанд гэнэтийн айлчлал хийж, тус улсын удирдагч Ашраф Гани-тай уулзсаныхаа дараа үг хэлэхдээ “талибууд гал зогсоох хүсэлтэй байгаа” гэдгийг мэдэгджээ. Трампын хэлсэнчлэн, энэ оны 1 дүгээр сард талибууд 7-10 хоногийн хугацаанд гал зогсооё гэсэн саналаа З.Халилзад-ад хүргүүлсэн байна.  

 

 Талибууд 

 

Талибууд Кабулын эрх баригчидтай хэлэлцээ хийхээс эрс татгалзсаар ирсэн нь хамгийн том бэрхшээл байлаа. 2018 онд Ерөнхийлөгч А.Гани “Талибан”-ыг улс төрийн хөдөлгөөн мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн боловч талибууд ямар ч хариу өгсөнгүй. Нөгөөтэйгүүр, талибуудтай хийх хэлэлцээг зохион байгуулахад хүндрэл учирч байлаа. Учир нь, “Талибан”-ыг Доха дахь салбар нь төлөөлж байгаа боловч маш нарийн сүлжээний бүтэцтэй тус хөдөлгөөний байр суурийг бүрэн илэрхийлж чадахгүй байв. Өөрөөр хэлбэл, талибуудын зарим нь хэлэлцээ хийхийн төлөө байсан бол бусад нь эсэргүүцэж байжээ.    

 

Олон улсын хандлага

 

АНУ ба “Талибан” хөдөлгөөний хооронд байгуулсан энхийн гэрээг Хятад улс талархан дэмжиж байгаа бөгөөд Афганистаны асуудлыг зохицуулах үйл явцыг урагшлуулахын тулд энэхүү боломжийг талууд ашиглаж чадна хэмээн найдаж байна” гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лицянь мэдэгдлээ.

“Аюулгүй байдлын салбарт хоосон орон зай үүсгэхгүй байх, тус улсад байр сууриа бэхжүүлэх боломжийг террорист байгууллагуудад олгохгүй байх үүднээс Афганистанд байгаа гадаадын цэргүүд аажмаар гарах нь зүйтэй” гэж тэрбээр нэмж хэллээ.

 

 

 

“Америкчууд ба талибууд энхийн хэлэлцээр байгуулсан явдал бол Афганистанд энхийг тогтоох үйл явцад гарсан маш чухал үйл явдал” гэж Орос улс дүгнээд, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцуулахаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай бие төлөөлөгч Замир Кабуловыг илгээжээ. “Афганистаны хямралыг улс төр-дипломатын арга хэрэгслээр зохицуулахаас өөр арга зам байхгүй гэдгийг Орос улс нэг бус удаа мэдэгдэж байсан” гэдгийг ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова сануулан дурдсан байна.

 

 

 

Харин Вашингтон ба Талибаны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр нь АНУ бууж өгснийг харуулж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф твиттер хуудсандаа бичжээ. Түүний үзэж байгаагаар, Америкийн булаан эзлэгчид анхнаасаа л Афганистан руу халдан түрэмгийлэх ёсгүй байсан бөгөөд америкчууд гарч явсны дараа байнга л эмх замбараагүй байдал үүсдэг ба ийм нөхцөл байдал Йемен, Сири, Иракт ч мөн адил бий болох ажээ.

Гэвч ямартаа ч Дохагийн хэлэлцээр нь 40 гаруй үргэлжилж буй дайн тулаанаас залхсан олон сая афганчуудад энхийн амьдралд эргэн орох боломжийг олгоно гэдэгтэй ихэнх хүмүүс санал нэг байна.

 

 

Б.Адъяахүү   

Эх сурвалж: Монцамэ агентлаг