Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор “Токио 2020” Олимпын наадмын галт бамбарыг буухиалах үеэр хэд хэдэн арга хэмжээ авахаар болжээ.

Олимпын бамбарын буухиа Японы нутаг дэвсгэрт энэ сарын сүүлчээр эхлэх ёстой юм. Киодо агентлагийн мэдээлснээр, буухиан үеэр зохион байгуулах үйл ажиллагааны цар хүрээг хумиж, олон хүн оролцуулахгүй байхаар болсон байна. Үүнээс гадна, буухианд оролцогчид болон зохион байгуулагчдын халууныг байнга хэмжинэ. Хэрэв бие тавгүйрхсэн шинж тэмдэг илэрвэл буухианд оролцуулахгүй гэнэ. 

Халдварын тархалтаас шалтгаалан бүс нутаг бүрд буухиаг өөр өөр хэлбэрээр зохион байгуулах аж. Одоогийн байдлаар Японд коронавирусний халдвар авсан хүний тоо 1000 давж, 12 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь буюу 706 нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм.

Грект Олимпын бамбарыг асаах ёслолын ажиллагаа болон буухиаг төлөвлөсөн ёсоор зохион байгуулна гэж өмнө нь мэдээлсэн билээ. Гэхдээ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ёслолд оролцох зочдод зориулсан хүлээн авалтыг цуцалж, галт бамбарыг асаах ерөнхий бэлтгэлийг үзэгчгүйгээр хийхээр шийджээ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг