Нийслэлийн хүн амын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж буй. Энэ хэрээр ч автомашины тоо өсч байна. Сүүлийн 10 жилд гэхэд нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 117.8 хувиар өссөн гэх судалгаа бий. Хүн амын тоо өсөхийн сацуу хөл дүүжлэх унаатай байгаа нь сайн хэрэг.

Нөгөөтэйгүүр, энэ олон машиныг гадаад орнуудын адил багтааж шингээх стандарт хангасан зогсоол байдаггүй нь асуудал болж байна. Энэ дүр зургийг нийслэлийн гудамж талбай тэр тусмаа хүн амын төвлөрөл ихтэй өнцөг булан бүрээс харж болно.

НИТХ-ын 2009 оны арван­хоёрдугаар сарын 23-ны өдрийн 4/27 тоот тогтоолоор Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/578 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг тус захирамжаар баталсан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулан ажиллуулах төсөл сонгон шалгаруулах журам, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/544, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/17 дугаар захирамжуудын хүрээнд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тухайлбал, СХД, XIX хороо, дүүргийн ЗДТГ-ын орчимд, СБД, I хороо, “Гурван гал” худалдааны төвийн баруун талд, ЧД, I хороо, Хангарьд ордон зэргээр нийт 12 авто зогсоол үйл ажиллагаа явуулж байна.

Төлбөртэй зогсоол нь авто замын түгжрэлийг 10 хувь хүртэл хэмжээнд бууруулах. Үүнээс гадна төвийн бүсийн нийтийн эзэмшлийн талбайг үр дүнтэй ашиглах, нийслэлийн замын санг нэмэгдүүлэх эх үүсвэр болно гэсэн. Харин шууд бус байдлаараа тухайн үйлчилгээний болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын өдөржин төлбөргүй зогсоол ашиглах боломжийг хаах зэрэг хэд хэдэн давуу талтай. Хэдийгээр энэ нь нэг талаар сайшаалтай зүйл болох ч нөгөө талаас иргэдийн сэтгэлд хүрч чадахгүй байгаа нь ийнхүү ажил хангалтгүй байгааг харуулж байгаа нэг жишээ юм. Наад зах нь нэг байрны хажуугаар өнгөрөхөд тэр хавийн орон сууцны айлууд машинаа зогсоолгүйн улмаас хэрэндээ л замаас гаргаад явган хүнийхээ зам дээр тавьчихсан харагддаг. Үүнд нэг талаар тэдний буруу ч нөгөө талаас хот төлөвлөлтэй холбоотой. Уг нь орчин үеийн шаардлагаар шинээр баригдаж буй барилгууд ямар ч зориулалтын байсан гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Харамсалтай нь манайд энэ стандартын дагуу баригдаж байгаа барилга ховор. Тухайлбал, яаж нэг барилгаа багтаасан юм гэмээр тийм л жижиг зай талбайтай байх нь элбэг. Машины зогсоол байлаа ч тэр нь тухайн байгууллагын хүмүүст хамааралтайгаас биш түүгээр гарч орж буй нэгэнд огт хамааралгүй. Тиймээс ойр зуурын ажил амжуулах гэсэн нэгэн нь энэ тэндэхийн булан тохой, автомашины замын нэгдүгээр эгнээ зэргийг зайчлаад аль боломжоороо машинаа тавина. Энгийн нэг жишээгээр л хэдхэн хоногийн өмнө Барилгачдын талбайн хажууханд машинаа тавьсан иргэн “Манайд энэ авто зогсоол гэдэг үнэхээр асуудалтай. Эхнэр маань ойрхон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу орсон. Гэтэл би аль наана нь журамлаж магадгүй аюултай газар машинаа тавьчихаад ямар сайндаа л хүлээж байх вэ дээ. Тухайн байгууллагын эзэмшилд машинаа тавья гэхээр минутаас шалтгаалж торгууль бичнэ. Ер нь энэ авто зогсоолын асуудлыг дорвитойхон шийдэхгүй л бол хүндрэлтэй. Зогсоолуудын үнийн хувьд ч асуудалтай. Тухайлбал, хувийн гэдгээр шалтгаалж үнэ нь өндөр цагын 1000-2000 хүртэл байдаг” гэдгийг хэлж байсан. Түүнчлэн өөр бусад жолооч нарын хэлж буйгаар авто машинаа тавьсан газраа зогсоол гэж хэлэхэд хэцүү, аргагүйн улмаас л тавьж байгаа гэдгээ учирлаж байв.

Үүний нэг жишээ нь дэлгүүр гэх мэт худалдаа, үйлчилгээний газар байлаа гэхэд тэнд худалдан авагчдад зориулсан авто зогсоол тэр бүр байдаггүй. Хэрвээ байвал томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд байна. Тэгээд л жолооч нар зогсоолгүйн улмаас ойролцоох зай талбайг ашиглаад машинаа тавьчихдаг.

Зогсоол бэлтгэчихээд ачмаар юм

Сүүлийн үед замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил идэвхитэй өрнөөд байгаа. Ингэж дүрэм зөрчиж байгаа жолооч нарын хувьд хариуцлагаа хүлээх нь зүйтэй. Гэсэн ч энэхүү үйл явдлын эргэн тойронд асуудлууд байсаар л байна. Тодруулбал, хоёр хоногийн өмнө Соёлын төв өргөөний ойролцоо автомашинаа тавьсан нэгэн залууд найз нь наадах чинь ачдаг газар даа гэж хэлж байх юм. Гэсэн нөгөө жолооч угаасаа зогсоол байхгүй байхад өөр хаана тавих юм бэ. Зогсоолгүй байж юм болохоор ачиж торгохоо бодох юм. Зогсох ёсгүй гээд л ачаад явчихна.” гэж байх юм. Энэ бол наад захын жишээ. Энэ мэтээр аргагүйн эрхэнд машинаа тавиад ойр зуурхан ажлаа амжуулах гэсэн иргэд зөндөө бий. Харин ийнхүү компаниудын тухайд эзэнд нь мэдэгдэлгүйгээр машиныг нь шууд ачаад явах нь энүүхэнд. Тэгээд болоогүй ачсаныхаа дараагаар тэндээс ирж, “Тэдэн төгрөгөөр машинаа аваарай” гээд утсаа салгана. Замын цагдаагийн газраас машин ачиж журамлах эрхийг зургаан компанид өгсөн байдаг гэнэ. Тухайлбал, “Тэнүүн огоо”, “Авто гранд мастер”, “ОЧУГ, “Хас транс”, “BMML-2”, “Ачит Сэлэнгэ” гэсэн хувийн компаниуд байгаа аж. Энэ нь тухайн компаниудын хийх ажил ч нөгөөтэйгүүр, иргэдэд тулгамдаад буй нэгээхэн асуудал болов.

Баригдаагүй сургуулийн талбай авто машины зогсоол болох нь

Нийслэлд автомашины зогсоол хүрэлцээгүйн улмаас иргэд хаа таарсан зай талбайг ашиглах болж. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар дунд сургуулийн газар. Нийслэлд ашиглах боломжгүй үйл ажиллагаа нь зогссон гэх хэд хэдэн сургууль, цэцэрлэг бий. Энэхүү сургуулиудын нэг нь гуравдугаар дунд сургууль. Өнгөрсөн онд тус сургуулийн барилгыг нурааж, улсын төсвөөр буулгаж, барих асуудлыг шийдсэн гэж байсан. Гэсэн ч өдий хүрэхэд барилгын ажил эхлээгүй, сургуулийн үлдсэн суурь болоод хашаа л үлджээ. Энэ нь ч тэр хавиар ажлаа амжуулах болон зогсоол хайж яваа хүмүүст сайхан завшаан болсон бололтой. Тэгэхээр барилгын ажил эхлэлгүй удвал энэхүү сургуулийн хашаа автомашины зогсоол болж хувирч мэдэх нь байна. Үүнийг нэг талаар иргэдийн ухамсрын асуудал, төлбөрөө төлөөд зогсоолдоо тавьчихаж болно зэргээр тайлбарлаж болох юм. Гэвч өдгөө зогсоолын асуудал манайд ямар байгааг энэ ганц жишээнээс л тод харагдаж байна. Үүнийг холбогдох хүмүүс нь өөрсдийн буруу биш “машин ихэдсэний л гай” гэж тайлбарлаж байна.

Т.БОЛОРЦЭЦЭГ