За даа амьд явахад сонин юм олныг үзэх юм даа. Сүүлийн өдрүүдэд энэ төр засгийнхан бүр гайхшруулахын дээд юмыг үзүүлж байна. Дэлхийг хамарсан коронавирусын цар тахалтай зэрэгцээд бас нэг сүрхий өвчин тэдэнд тусчихсан юм биш байгаа даа гэмээр.

Гэмээр ч гэж дээ. Яг өвчилчихсөн шиг. Нэрлэх юм бол “Сонгуулийн солиорол” гэдэг өвчин. Энэ өвчин зүгээр л буянтны дүрээр мөнгө амладаг бас цацдаг гэмтэй юм билээ л.

Коронавирус  туссан хүнийг эмчлэхэд 800 сая орчим төгрөг зарж байгаа гэдэг. Тэгвэл “Сонгуулийн солиорол” гэх өвчний мөнгө цацалт түүнээс ч илүү бололтой. Өнгөрсөн сард МАН-ын тэргүүлдэг Засгийн газар 300 тэрбум төгрөг цацаж үр дүн нь малчдын бэлтгэх ноолуурын үнийг 100 мянгаас буулгахгүй гэж лүндэгнэсэн. Засгийнхаа даалгаврыг дамжуулах үүрэг нь ХААХҮ-ийн сайд Ч.Улаанд ногдсон. Тэр ноолуур кг нь 100 мянга гэж олон удаа давтан хэлээд нэр нүүрээ барав. Шог зураачийн дүрсэлснээр тэр “100 мянга” гэж хуцдаг гөлөг болж зурагдсан удаатай.

 

Засгийн уг шийдвэр амьдралд нийцэхгүй нь олон талаар харагдав. Ч.Улаан сайд ч улайдаггүй зангаараа шийдвэрээ хамгаалсан нэр зүүж цаг хожсоор байсан. Гэтэл кг ноолуур 100 мянга гэсэн нь тас буруудаж үнэ өсгөх биш унагах шийдвэр болоод явчихсан. Тэгэхтэй зэрэгцээд Засгийн газар дахин нэг шийдвэр гаргасан нь малчдын бэлтгэсэн нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох юм болсон.

Бас тэр шийдвэр хэрхэн хэрэгжиж малчдад тэр урамшуулал яаж олгох нь бүрхэг байлаа. Малчид ч дийлэнх нь итгэхгүй хүлээлтийн байдалд орчихсон. Гэтэл Ч.Улаан сайд бас л улайхгүй хэвээр. Газар газрын ноолуурын чанар өөр учир үнийн ялгаа байх ёстой гэж булзагнасан. Бас ноолуураа борлуулах гэж битгий яар. Хадгал гэж хэлсэн бий. Ингэж байтал Засгийн газраас дахиад малчдаараа тохуурхсан гурав дахь шийдвэрээ гаргав бололтой. Энэ нь ямаанд мөнгө өгөх юм гэнэ л дээ. Үүнийгээ Засгийн газар малчдын орлогыг нэмэгдүүлэх ноолуурын үнэ цэнийг хадгалах бодлого гэж тайлбарлаж байна. Үүнийг тодруулбал юун ноолуурт урамшуулал олгох биш ямаа бүрт мөнгө өгөх шийдэл болоод явчихлаа. Нөгөө Ч.Улаан бас л эргэж будилан хэлэхдээ,

 

-Малчдын А дансанд бүртгэлтэй ямааны тоог том, жижиг, үүлдэр угсаа стандартын дунджийг баримтлан нэгжийн гарцыг тооцож олгоно. Урамшууллыг малчдын дансанд улсын төсвөөс шууд шилжүүлнэ гээд ноолуурын урамшуулалд ямаа тоолуулсан өрх бүр хамрагдана гэсэн байх юм. Тэгэхээр Монгол Улс 30-аад сая ямаатай. Толгойн тоогоор нь мөнгө өгнө гэж байнаа даа янз нь.

Ингэснээр малчдад ямаагаа өсгөөд бай гэсэн сануулга өглөө шүү дээ. Ямаа олширохоор ямар уршигтайг ч бодсонгүй. Хаа сайгүй бэлчээрийн даац хэтэрсэн тухай ярьдаг. Үүнд ямааны үзүүлэх хор хохирол багагүй хувийг эзэлдэг гэдэггүйсэн билүү. Энэ бүхнийг бодолцох тэнхээ өнөөгийн Засгийн газарт лав алга шиг юмаа даа. “Ямаанд мөнгө өгсөнд баярлалаа” гэж ер нь хэлэх хүн тийм олон байх болов уу. Ямааны хэл ойлгодогсон бол ямаа бүхэн харин ингэж майлах билээ.  

 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин