Байртай болох хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, Барилгын ажлын сезон эхэлжээ
2014/04/09
Манай улсын Нийслэл дэхь оршин суугчдын ихэнх хувь нь гэр хорооллын айл өрх байдаг. Гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдэх тусам өнөөх шүдний өвчин болоод буй агаарын бохирдол утааны асуудал хурцадсаар байгаа юм.
Хөдөө орон нутгаас Нийслэлд оршин суухаар ирж буй айл өрхийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь ийн гэр хорооллын айл өрх нэмэгдэх шалтгаан болоод буй аж. Хамаг малаа заран байж хотын захын дүүрэгт шороо тоос, утаан дунд амьдрах болсон хөдөө орон нутгийнхан ийн гэр хорооллын айл өрхийн тоог нэмэгдүүлээд байгаа билээ. Мөн гэр хороололд амьдарч буй иргэдийн ихэнх нь орон сууцанд орох хүсэлтэй боловч өнөө нийгэмд байр худалдан авна гэдэг тийм ч амар зүйл биш болсон. Бүхий л зүйлсийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед хэрэглээгээ ч хангахад хүндрэлтэй байхад орон сууцтай болно гэдэг үлгэр мэт. Бэлэн мөнгөөр шууд байр худалдан авах хүн энэ нийгэмд ховор байгаа юм. Хөдөлмөр эрхэлж буй бүх ажилчид банкны зээл авсан бөгөөд уг өрөө төлж дуусахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Улсаас гэр хорооллыг орон сууцжуулна гэх боловч бодит байдал дээр доривтой хийсэн ажил байхгүй байгаа юм. Тэд хийхээсээ илүү ярих нь их болхоор өнөөг хүртэл ярьсаар л байна.
Нийгэмд ярих бус бодит ажил хэрэгтэй байгаа гэдгийг ард түмэн хэлж байна. Гэхдээ орон сууцтай болох нэгэн боломж бий болсон билээ. Тэр нь ипотекийн зээл буюу орон сууцны 8 хувийн хүүтэй зээл юм. Энэхүү зээл нь хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ба барилгын ажлын сезон эхэлсэн бололтой. Зөвшөөрөл авах компаниудын тоо олширч байгаа бөгөөд энэхүү зээл нь нийслэлийн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах боломж бүрэн байгаа юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17632 зээлдэгчийн нийт 500.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн зээлийн хэрэгжилт сайн бөгөөд үр дүнтэй байгаа ба энэхүү зээлийн журмаар өнөөх гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулна гэх яриа биелэлээ олж ч байж магадгүй.
Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэнэ. Энэ онд 5800, ирэх онд 9500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх бөгөөд 1.3 сая иргэнтэй нийслэлд 317 мянган өрх амьдардаг ба эдгээрийн 60 хувь нь буюу 189 мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа юм. Энэхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжисэнээр 2018 он гэхэд нийт 92500 айл өрхийг орон сууцаар хангах боломжтой гэнэ. Мөн гэр хорооллын байшин сууцанд амьдардаг иргэд хашаа байшингаа худалдаад 30 хувийн урьдчилгаагаа төлөн, 8 хувийн зээл буюу ипотекийн зээлд хамрагдах боломжтой юм байна. Гэхдээ гэр хороолын айл өрхийн газрыг худалдан авч орон сууц барихын тулд тэнд амьдарч буй иргэдийг нүүлгэх орон сууцыг эхлээд бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр эхлээд Нийслэлийн сул чөлөөтэй газруудад орон сууц барьж байгуулах ба үүнийг дараагаар иргэдийн гакрын худалдан авах нь зүйтэй алхам юм. Ямартай ч энэ онд энэхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийфн ажил бага ч гэсэн биелэлээ олох бололтой.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо багассанаар агаарын бохирдол болоод Нийслэлийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлөх болно. Өндөр өндөр барилга ар араасаа сүндэрлэн буй нь улсын хөгжилд ихээхэн түлхэц болох учиртай. Гэхдээ сүүлийн үед барилгын чанар муу байгаа нь гомдол дагуулсаар буй. Шинэхэн авсан орон сууц нь төд удалгүй нурж унах шахам болж байгаа нь чанаргүй барилгын шинж юм. Мөн квадрат метрээс дутах тохиолдол гарч байгаа. Тиймээс барилгын чанар болоод стандартад хяналт шалгалт тавих шаардлага зайлшгүй бий.
Ч.Гэрэлтуяа