“Макс” группийн захиалан бариулж байгаа  “Crown center”-ийн барилга дээрээс долоо метрийн урттай бэхэлгээний сум төмөр машин дээр унаж, 36 настай залуу ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг гарсанаас хойш гурван сар өнгөрөөд байна. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас болж гарсан энэ ослын дараа дарга нар жаахан бужигнасан ч тэгсхийгээд л мартагнаж эхэллээ.

 

Тухайн барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас түр зогсоох шийдвэр гаргасан байсан ч төрийн байгууллагын шийдвэрийг үл тоон барьж байх хооронд ноцтой осол гарсан гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл өнөөх барилга баригдаж, гаднах фасадны ажил бараг дуусч байна. Монгол Улсын хууль тогтоомж энэ мэт томчуудын барьж байгаа барилгын хашааны өмнө очоод гацдаг бололтой юм. Гэхдээ хүний амь нас үрэгдсэн болохоор хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой байж таарна. Харин тэр буруутан нь уг барилгын ажлыг гүйцэтгэгч “Magic classic” болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай фасадны ажил гүйцэтгэгч “Фасад инк” компанийнхан болж таарах гээд байна. Ерөнхийдөө хэвлэлээр явж байгаа мэдээллээр   “Magic classic” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажил­лагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барил­гын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа гэж мэдээллээ. Хэрвээ энэ үнэн бол  Д.Ганбаатар захирал бол туслан гүйцэтгэгч компанийн хэдэн хүнээр бамбай хийгээд л өнгөрөх нь. Түүнээс гадна “Зуншин” гэдэг компани “Crown center”-ийн барилгыг барьсан. 

“Magic classic” ХХК бол зүгээр гадна фасадны ажил гүйцэтгэгч байсан компани. “Макс” групп энэ компанитай фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнөхөн мэргэжлийн хяналтаас тус барилгыг түр зогсоох шийдвэр гаргачихсан байсан юм билээ. Тэгэхээр фасадны ажил хийж байсан компанийнхантай ха­риуцлага тооцоод л өнгөрнө гэ­дэг өрөөсгөл. Захиалагч болон барилгын ажил гүйцэтгэгч үндсэн компаниуд хяналтаа сайн тавих ёстой байсан юм. “Зуншин” компанийн хяналтын инженер гэж хүн байх ёстой. Мөн “Макс” группийн талаас ч хянах, шалгах хүн байх ёстой байсан. Тэд давхар хариуцлага хүлээх ёстой. Ер нь бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгыг барьж байсан “Зуншин” компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал  явуулчихсан байгаа юм билээ. Зөвхөн энэ удаагийн хэрэг явдал ч биш өмнө нь “Зуншин” компанийн гаргаж олон осолтой холбоотой байх л даа. 

Гэвч хаана ч юм дарагдаад, шийдэж өгөхгүй байгаа сураг байна. Тэгээд ч 16-гаас дээш давхар барилгын асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шийддэггүй. Барилга, хот байгуулалтын яам мэддэг аж. Мэргэжлийн хяналтаас ердөө хүсэлт өгөх л эрхтэй байдаг юм байна. Тэгэхээр Барилгын яаман дээр асуудал гацаад байгаа гэсэн үг. Барилга дээрээс төмөр унаад, замаар явж байсан машиныг цөмлөж, хүний амь нас эрсдэнэ гэдэг бол компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахад хангалттай шалтаг. Тэгэхээр яг аль компанийнх нь тусгай зөвшөөрлийг цуцлах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Барилгын захиалагч нь “Макс” групп. Тэд хөрөнгө мөнгөө гаргаад, “Зуншин” гэдэг компаниар барилгаа бариулсан. Ер нь бол барилгын ажлыг “Зуншин” гүйцэтгэсэн учраас ихэнх буруу тэдний тал руу хэлбийх ёстой болж таараад байгаа юм. Гэхдээ захиалагч тал бас тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх л ёстой. Гэтэл энэ удаагийн тохиолдолд бүр гуравдагч этгээд рүү буруу чихэгдэх гээд байна. 

Тэр зүгээр л нэг фасад хийж байсан компани. Яг үнэндээ компани гээд байгаа ч нэг нөхөр бригад байгуулаад, хэдэн хүнтэй очиж барилгын гадна фасад дээр ажиллаж байсан биз, аягүй бол. Манайд өнөөдөр захиалагч нь гүйцэтгэгч рүү хамаг юмаа чихээд өнгөрдөг байдал газар авсан нь үнэн. Гэхдээ л барилгыг барьж байгаа компани яаж ч бодсон ихэнх хариуцлагыг нь үүрэх ёстой шүү дээ. Гэтэл “Макс” групп өмнө нь есөн жорын осол гаргаж, манайдаа л муугаар алдаршаад байгаа “Зуншин” гэгч компанийг барилгын гүй­цэтгэгч компаниараа сонгож ажиллуулсан байдаг. Дээрээс нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн барилгыг түр зогсоох шийдвэр гаргаад байхад “Макс” групп, “Зуншин” компанийн удирдлагууд огт авч хэлэлцэлгүй ажлаа үргэлжлүүлсэн. Одоо нэг жижиг компани руу бүхэл бүтэн барилга дээр гарсан ослыг хамтарч чихээд л өнгөрөх гэж байна. Энд дахиад хэлэхэд, “Макс” групп биш юмаа гэхэд барилгыг барьж байгаа “Зуншин” компани фасад хийх нөхдүүдийн ажиллах нөхцлийг хангаж өгөх ёстой. Барилгын материал зөөх дүүжин шатыг нь “Зуншин” компанийн талаас бэлтгэж өгөх ёстой. Тэр утгаараа аюулгүй байдлыг нь ч тэд шалгах үүрэгтэй. Гадна фасад хийж байсан “Magic classic” компани өөрсдөө шат авчраад, түүнийгээ тогтоогоод, фасадны материалаа чирж ирээд ажиллана л гэж байхгүй. “Зуншин” компанийнхны хангаж өгсөн өргөгч шатан дээр барилгын материалаа тавиад зөөж байсан байж таарна. Гэтэл өнөөдөр “Зуншин” компанийн талаар ярьж байгаа, авч хэлэлцэх хүн гарч ирэхгүй байгаа нь сонирхолтой юм. Үндсэндээ “Макс” групп руу л дайраад байгаа л даа. Тэр нь ч зөв. Тэд хууль дүрэм зөрчсөн, мэргэжлийн хяналтын бай­цаагчийн дүгнэлт, шийд­вэ­рийг нохой хуцсан чинээ тоогоогүй. Энэ асуудал дээр нь тодорхой арга хэмжээ авах ёстой. Гэхдээ төмөр унасан хэргийн буруутанг бол “Зуншин” компаниас хайх ёстой юм шиг санагдаад байгаа юм. Гэтэл хэрэг гараад гурван сар өнгөрч байхад энэ хэрэг шийдэгдэх нь битгий хэл харин ч мартагдах янзтай. Бодвол “Макс” групп, “Зуншин” компанийнхан нийлж байгаад Барилгын яамыг “базчихсан” бололтой. 
 

Н.Пунцагболд